Орд газраа дуусгачихаад малчдын бэлчээр рүү дайрчих вий

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Ерээд он гарсаар эрх мэдэлтэй бүхэн үйлдвэр объект хувьчилан авч, орд газар эзэмшсэн. Үүнээс гадна хөдөө орон нутагт байгалийн аль үзэсгэлэнтэй газар, уулын ам хашиж, нийслэлд аль ашигтай газрыг авах гээд өнгөтэй өөдтэй бүхнийг тэд авсан. Эндээс төрсөн тэрбумтнууд өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн эх үүсвэрийг атгаж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Мөн “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” гээд төрийн эзэмшилд байдаг өндөр ашигтай компаниуд байгаа ч ямар нэгэн байдлаар бүлэглэлийн халаасыг зузаалдаг гээд эгэл иргэдэд чухам юу байна вэ гэхээр дурдах зүйл тун бага. Одоо иргэд, малчдад буй цор ганцхан зүйл болох бэлчээр хувьчлах тухай ярьж байгаагийн цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ. Энэ санаархал нь эртнээс эхтэй ч чухам ямар зохион байгуулалтаар, ямар журмаар гэдгээ ч тодорхойлж чадаагүй. Үүнийг зохицуулна гэдэг амаргүй ажил.

Гэхдээ бэлчээрийг зөв зохистой ашиглах шаардлага байгааг мэргэжилтнүүд дуулгаж буй. Учир нь мал сүргийн тоо өссөн, хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн сүйрэл, хүмүүсийн буруутай ажиллагаа, байгаль экологийн жам ёсны насжилт гээд олон хүчин зүйл үүнд хамаарна. Уламжлалт мал аж ахуйн орны иргэд хэдэн мянган жилээр өвсний соргог, усны цэнгэгийг даган дураараа нүүдэллэж ирсэн учраас хувьчилна гэдэг асуудал хөндлөнгийн санагдаж магадгүй.

Бэлчээр хувьчлан авах сонирхолтой олон малтнууд ч цөөнгүй байгааг бидэнд дуулгаж байсан. Төрөөс “Бэлчээрийн тухай хууль”-ийн оруулж ирэхдээ ч хувьчлалын талаар шууд бус утгаараа дурдах болжээ. Үүнээс харвал монголчууд бид “Хошуу багтвал идэж л бай” хэмээн найр тавин бэлчээрээр айлсдаг үе өнгөрөх магадлалтай.

Бэлчээр хувьчилж болох ч өнөөх л ерээд оноос эхлээд үйлдвэр объект, орд газар авчихсан нөхөд “бэлчээр” нэрээр Монгол Улсын газар нутгийг бүхэлд нь авчих юм биш биз гэсэн эмзэглэл хаа хаанаа байна. Хөрсөн дороо баялаг агуулсан бэлчээр, уул ус, ургамал амьтан гээд юу эс мундах билээ. Энэ бүгд рүү өнгөлзсөн бэлчээрийн наймаа галзуурах юм биш биз гэсэн бодол байна.

Ганцхан жишээ дурдахад, Тост Тосон бумбын нуруунд уул уурхай эрхэлж байсан аж ахуйн нэгжийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нутгийн иргэдтэй хамтран зүтгэсний хүчинд үйл ажиллагааг зогсоож чадсан. Энэ нутагт үеийн үед нүүдэллэн ирсэн малчид үүдээ хаалгаад буй компанид өвөлжөө хаваржаагаа зарсан байдаг. Зөвхөн энэ жишээнээс харахад бэлчээрийг зөв зүйтэй зохион байгуулалтад оруулахгүйгээр хувьчлах юм бол олигархиуд малчдын бэлчээрийг хувьчилан авах нэрээр эзэмших магадлал өндөр болно. Малчид маань эргээд олигархиудаас бэлчээр түрээслэх ч цаг ирж болох юм.

Өнгөрөгч хавар ҮАБЗ-өөс зөвлөмж гарч иргэдийн гар дээр байгаа 400 гаруй лицензийг төр хураан авахаар болсон. Энэ тухай дуулгахдаа “Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм” гэх тайлбарыг өгсөн. Энэ 400 гаруй лицензэд олны анхаарлын төвд байдаг Асгат, Цагаан суварга, Эрдэнэс Тавантолгой гэх мэт стратегийн ач холбогдол бүхий орд газруудын нэр бий. Тэгэхдээ төрөөс гаргаж байгаа энэхүү шийдвэр нь төр хувийн хэвшилдээ халдаж байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа ч нөгөө талаас цөөн хүний гарт хэтэрхий их баялаг, эд хөрөнгө хуримтлагдсан учраас баялагийн дахин хуваарилалт явуулах нь зөв гэх нь ч бий. Шийдвэр хэрэгжээд эхлэхээр төр хувийн хэвшил хоёрын дунд эцэс төгсгөлгүй маргаан үүсэх нь дамжиггүй.

Энэ мэтээс үүдэн лиценз авах улам хэцүү болж байна. Авах бүү хэл өгснөө улс буцаан авч байгаагаас харахад энэ тал дээр уул уурхайгаар гаршсан нөхдөд ихээхэн халгаатай зүйл болно. Зөвхөн Дорноговь аймаг 2019 онд 192 лицензийг хүчингүй болгосон байдаг. Тус аймагт 500 гаруй хайгуулын болон ашигт малтмалын лиценз бий. Болж буй нөхцөл байдлаас харахад уул уурхай, лицензны наймаа газар авахаа больсон энэ цагт бэлчээр хувьчлах тухай ярьж байгаа нь хардлага дагуулж байна. Тэгэхээр бэлчээр хувьчлах халхавчаар өнөөх л уул уурхайн асуудал өрнөхгүй гэх газар алга.

Бэлчээр хувьчиллаа гэж бодоход 1000 малтай нь ч 100 малтай нь ч адилхан хэмжээний бэлчээр авч таарна. Өөр аргагүй. Иргэдийг энэ нь их хөрөнгөтэй, энэ нь бага хөрөнгөтэй гэж ялгалгүй 0.7 га газар өмчлүүлж байгаа шиг л өгч таарна. Түүнээс 5000 малтай Доржийн малын тоонд нь тохируулж олон га бэлчээр өгөхгүй байх. Хууль, хувьчлал хамаагүй цор ганцхан зүйл бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Ган зуд нүүрлэхэд хөр цасан дунд хувьчилж авсан газартаа хэдэн малаа барахгүй нь лавтай. Нөмөр нөөлөг, цасны нимгэн даган нүүдэллэхээс өөр аргагүй. Энэ үед яах билээ. Малчид бүхэн өөрийн гэсэн бэлчээртээ зуднаас дайжиж ирсэн болгонд найр тавихыг хэзээ ч хүсэхгүй. Нэгэнт л Монгол Улс хуулиараа хувьчлаад өгчихсөн, тэр таны өмч учраас тэр.

Нөгөө талд амьдрал хүний хэрэгцээ хойно бэлчээрээ хэсэгчлэн зарахаас эхлээд бэлчээрийн наймаа явагдана. Зарим зүдүүхэн нэг нь хамжлага шахам болчихсон олон мянгатууддаа газраа алдаад дуусна гэсэн үг. Үүнээс хамгийн том аюул нь төв суурин газарт, парламентад суух олон мянган малтай нөхөд ахиухан бэлчээр эзэмшихийг бодож байгаа нь ойлгомжтой. Өөрийнх нь үл хөдлөх хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө болох олон мянган малыг бэлчээргүйгээр агуулах аргагүй. Тэд Улаанбаатар хотын газрыг наймаалаад дууссан шигээ эх нутгийн бэлчээрийн гол устай нь худалдаад авчихна. Эхлээд хувьчлал нэрээр баахан бэлчээр авна. Тэдний хувьд ханаж цадахыг мэдэх биш. Аль болох олон мянган хавтгай дөрвөлжин газар авахаар улайрна гэхээр энэ Монгол Улсын газар нутаг өнөөх л хэдхэн хүний гарт очно гэсэн үг. Бид сүүлийн 20 гаруй жил уул уурхайн хөлд дарагдаж ус нутгаа алдсан, ухуулсан. Гадна дотны хөрөнгө оруулалтай компаниудын хөлд бэлчээр усаа талхиулж, тэдний өгсөн хэдхэн халтар төгрөгөөр өөрсдийгөө хуурч суугаа баримт ч цөөнгүй байдаг. Энэ мэт бэлчээр хувьчлахад сөрөг зүйл олон бий. Магадгүй, Монгол Улсын газар нутгийн ихэнхийг хаа холын нэгэн Ли, бас нэгэн Фрийдланд эзэмшээд суух ч нөхцөл эндээс бүрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top