Тост, Тосон бумбын нуруунд “тонгочих” хүсэлтэй ЕАИ компани Засгийн газартай шүүхдэх гэж байна

2019 оны 12 сарын 17

Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн наймдугаар сард 20 компанийн 23 лицензийг цуцалсан. Тэгвэл есөн компани нь Засгийн газрыг шүүхэд өгөөд байгаа юм. Лиценз эзэмших эрхгүй нь “тогтоогдсон” компаниудын талаарх мэдээллийг Zindaa.mn  цувралаар хүргэж байна.

ЦУВРАЛ 1: Шүүхэд хандсан ЕАИ гэж ямар компани вэ?

Уул уурхайн ашиглалт, үйлдвэрлэлийн явцыг хэрхэн яаж байгаль орчинд, хүний эрүүл мэндэд хал багатай байлгах вэ гэдэг асуудал дэлхий нийтийг ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ руу хөтлөөд олон жил болж байна. Манай улсад  сүүлийн 10 жилд буюу харьцангуй богино хугацаанд уул уурхайн “бүүм” болж, эдийн засгийг өргөж тэтгэсэн ч  байгаль орчинд туссан сүүдрийг нь харахаар хариуцлагын тухай яриад л байх биш ажил хэрэг болгох шаардлага нэгэнтээ тулсан. Төрөөс тусгай зөвшөөрөл олгож лицензийн төлбөр, татвар  нэртэй хэдэн төгрөг аваад дүлий дүмбэ царайлаад суудаг биш хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэхэд нь хяналт тавьдаг байх ёстой.

Тиймээс ч Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар олгогдсон эрх хийгээд үүргийнхээ хүрээнд хууль, журам зөрчсөн болон байгаль орчинд ноцтой хохирол учруулж болзошгүй  20 аж ахуй нэгж, байгууллагын эзэмшиж байсан 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж болно. Эхэнд өгүүлсэнчлэн тэдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудын ес нь  Монгол Улсын Засгийн газрыг тусгай зөвшөөрөл хууль бусаар цуцалсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байна.

 Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан “ЕАИ” ХХК, “Өмнийн говийн баялаг” ХХК, “Булаг сүүж майнинг” ХХК, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Улз групп” ХХК, “Голден хаммер” ХХК, “БМНС” ХХК, “Алтай голд” ХХК, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Гурван хайрханы асар” ХХК-иуд БОАЖЯ-ны гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Энэ удаад “ЕАИ” ХХК-тай холбоотой мэдээллийг хүргэе. Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж, эрсдэл учруулахад ойр байсан компаниудын нэг бол “ЕАИ” ХХК юм. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол байгаль орчинд нөхөж барагдахгүй хохирол учруулсных нь дараа нь ярьдаг асуудал биш. Хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн шийдвэр гаргах нь “Хариуцлагатай уул уурхай” гэдгийг сануулахад илүүц болохгүй биз ээ.  

Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn сайт дахь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл хэсгээс “ЕАИ” ХХК-ийн талаар хайхад дараах мэдээлэл гарч ирж байна. 2006 оны арванхоёрдугаар сарын 20-нд анх улсын бүртгэлд бүртгүүлж байсан тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь:

 

  •  Алт мөнгөн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс
  •  Авто машинаар ачаа тээвэрлэх
  • Гадаад худалдаа юм байна.

 

Бүртгэл дэх мэдээллийг нь харахад АМГТГ-аас лицензийг нь цуцлах шийдвэр 2019 оны наймдугаар сард гарсны дараа буюу 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр тус компанийн Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд өөрчлөлт орсныг дээрх баталгаажуулж байгаа юм.

Тодотгоход,  Засгийн газраас хариуцлагатай уул уурхайг дэмжих, эвдэрч орхигдсон талбайг багасгах, нөхөн сэргээх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар  батлуулснаар хариуцлагагүй уул уурхай эрхлэгчидтэй хуулийн хэлээр ярилцах, шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны  А/425 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс хариуцлага ч тооцож эхэлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 11 үндэслэлийг 56.1.1-56.1.11 заалтад тодорхой тусгасан байдаг бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь Ашигт малтмал, газрын тосны газарт байдаг.

Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлтийг гарган Ашигт малтмал, газрын тосны газарт (АМГТГ) хүргүүлсэн. Дүгнэлт гаргахад нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэх ёстой байдаг. Тэгвэл  “ЕАИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах үндэслэлийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас  БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатад хаягласан албан бичиг,  Гурван тэс сумын засаг дарга  О.Баттогтохоос  Шадар сайд Ө.Энхтүвшинд илгээсэн санал хүргүүлэх тухай албан бичгүүдээс харж болно.

Улмаар БОАЖ-ын Сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56.1.5 дахь заалт, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, тус аймгийн Гурвантэс сумын засаг даргын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн найман  аж ахуйн нэгжийн 10 тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байдаг.  “ЕАИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг хавсаргав.

Байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагын судалгаагаар экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд зүй ёсоор багтсан Тост, Тосон бумбын нурууг бүтэн авч үлдэхийн төлөө сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл үр дүнд хүрснийг засгийн шийдвэр баталгаажуулна. Тэгвэл Монголын шүүх  Тост, Тосон бумбын  сав газрын эко системд эрсдэл дагуулсан  “ЕАИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хэрхэх нь анхаарал татсан сэдэв болоод байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(162.158.178.44) 2021 оны 09 сарын 15

Шуналт шүүх нь ЕАИ ХХК-ийн талд шийдвэр гаргажээ. Ичиж үхмээр шүүхийн шийлвэр унүиж үзлээ. Хуулиа хөрөнгө оруулагч нэртэй харийн ухагчдаас хамгаалж чадахгүй бол газар нутаггүй болох нь тодорхой байна. Энд Амчам, ЕвроЧам нар хуульд өгч байгаа саналууд, санхүүжилтийг сайтар хянах шаардлагат байна

0  |  0
Зочин(202.126.89.104) 2019 оны 12 сарын 18

ЗГ -ын яах аргагүй зөв шүү.Нөгөө шунал нь барагддаггүй Чойжилсүрэнгийн компани аль нь вэ.Хөвсгөлийн шударга калууг тэд л цааш нь харуулсан гэж хардах үнэдэстэй дээ.

0  |  0
zochin(202.126.88.54) 2019 оны 12 сарын 17

Zasgiin gazriin zuvee. Tur tumur nuuree haruulah heregtei.

0  |  0
Top