Б.Алтанзул: Зам дээр улаан галзуу дайрч, бие биеэ хараадаг нь сэтгэцийн эмгэг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Нийгэмд “хэвийн биш” гэж хэлэгддэг нийгмээс тусгаарлагдсан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тухай, тэдний өвчлөл хийгээд шалтгаан, тэдэнтэй хэрхэн харьцах, тэдний дотоод сэтгэлийн талаар "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн хоёрдугаар клиникийн эрхлэгч, анагаах ухааны магистр Б.Алтанзултай ярилцлаа.


-Сэтгэцийн өвчнийг дотор нь хэд ангилдаг вэ?

-Сэтгэцийн эмгэгийн олон улсын ангилал гэж байдаг. FO буюу Сэтцэцийн органик эмгэгүүд гэж байдаг. Үүнд эрт ба хожуу тэнэгрэл, Паркинсоны өвчний тэнэгрэл, F1 буюу мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүд гэж бий. Жишээ нь, архи, тамхины, хар тамхины, тайвшруулах ба нойрны эмийн шалтгаант сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүд багтана.  F2 буюу шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгүүд ордог. F3 буюу сэтгэл цочирдлын эмгэгүүд нь сэтгэл хөөрөх, сэтгэл гутрах үзэгдэл юм. F4 буюу стрэсстэй холбоотой неврозын ба биеийн хэлбэрийн эмгэгүүдэд айдсын эмгэгүүд, өвчирхөх эмгэг илэрдэг. F5 буюу физиологийн хямрал ба биеийн хүчин зүйлтэй холбоотой төрх үйлийн эмгэгүүд нь мэдрэлийн гаралтай хооллохоос татгалзах эсвэл хоол идэх дурын эмгэгүүд, органик бус гаралтай нойргүйдэл, органик бус гаралтай бэлгийн үйл ажиллагаатай эмгэгүүд юм. F6 буюу бие хүний ба төрх үйлийн эмгэгүүдэд бие хүний сэтгэлийн тогтворгүй эмгэг, хүний эрхшээлд орох эмгэг, төрөл бүрийн дон, хулгай хийх дон, үсээ зулгаах дон ордог.  F7 буюу оюуны хомсдол нь сэтгэцийн эмгэгт багтдаг. F8 буюу сэтгэл зүйн хөгжлийн хямралуудад хэл ярианы хөгжлийн эмгэгүүд, хүүхдийн ганцаардал ордог бол F9 буюу хүүхэд ба өсвөр насанд эхэлж үүсдэг төрх үйлийн болон сэтгэл хөдлөлийн эмгэгүүд нь идэвх ба анхаарлын хямрал, төрх үйлийн хэт хөдөлгөөнтөх эмгэг багтдаг.

-Үүсэх шалтгаан нөхцөл, илрэх шинж тэмдгийн хувьд ямар байдаг вэ?

-Сэтгэцийн өвчин нь дотоод, гадаад шалтгаантай. Дотоод шалтгаантай сэтгэцийн өвчин нь тавилан тааруу, тавилан сайтай гэж хоёр ангилдаг. Байнгын солиорлын байдалтай, сэтгэл тогтворгүй, үлдэц дэмийрэлтэй яваад байгаа нь тавилан тааруу байдаг бол сэтгэл хөдлөлийн эмгэг нь тогтвортой байдалд ороод эмээ тогтмол уугаад яваа хүмүүс нь тавилан сайтай буюу нийгэмд хэвийн амьдрах боломжтой гэсэн үг. Дотоод шалтгаан гэдэг нь бодисын солилцооны алдагдалтай буюу удмын шалтгаан байж болно. Тухайн хүнийг судлаад үзвэл удамд нь нойрны хямралтай, зан төрхийн өөрчлөлттэй, архины хамааралтай хүмүүс байсан байх бүрэн магадлалтай. Хамгийн эхэнд илрэх шинж тэмдэг нь шөнө нойргүйдэх, өөрийгөө арчилж тордохоо болих, хүмүүстэй харьцах байдал өөрчлөгдөж ууртай, бухимдалтай болох, хүмүүстэй харьцахаасаа татгалзах, нийгмээс өөрийгөө тусгаарлах, сэтгэлийн хөөрөл илрэх зэргээр хуучин амьдралын хэв маягаасаа хэт идэвхтэй эсвэл хэт идэвхгүй болдог. Хий үзэгдэл давамгайлсан хэлбэрээр өвчилсөн бол намайг хүмүүс тагнаад, мөрдөөд, дагаад байна гэх зэргээр ярьж эхэлдэг. Гадаад шалтгаан гэдэг нь  хоёрдогчоор үүсдэг эмгэг. Тархины гэмтэл, янз бүрийн хордлогын шалтгаан, архи, мансууруулах бодисын хэрэглээ зэргээс үүсдэг. Мэдрэлийн гаралтай бөгөөд унаж татах, уналтын дараах солиорол илэрч, байсан орчиндоо байгаагүй мэтээр төсөөлөх, танихгүй хүнийг танина гэх, таних хүнээ танихгүй гэх зэргээр дэмийрэх байдлаар илэрдэг.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж буй өвчтөнүүдийн хэдэн хувь нь дотоод шалтгаантай эмгэг эзэлж байна вэ?

-Ер нь дийлэнх хувийг эзэлдэг. Орь залуу насанд нь ихэвчлэн илэрдэг. Хоёрдогч шалтгаант сэтгэцийн эмгэг нь 40-өөс дээш насныханд зонхилон тохиолддог. Гадаад шалтгаантай сэтгэцийн эмгэг нь архины хамаарлаас шалтгаалдаг гэж дээр хэлсэн. Ялангуяа баярын дараа эсвэл дулааны улиралд энэ төрлийн эмгэг огцом ихэсдэг. Шинж тэмдэг нь олон хоногоор уусан хүмүүст солиорлын байдал үүсэх, хий юм харах, шөнө унтаж чадахгүй, хар дарахаас эхэлдэг. 

-Нэг цаг үед хэд хэдэн хүний амьдралаар амьдраад байгаа юм шиг, хуваагдах, хувирах эмгэгийн талаар дэлгэрүүлэн яривал?

-Энэ нь өөрийн байгаагаасаа өөр байдал руу шилждэг. Бие хүн хуваагдах эмгэг л дээ. Яг одоогоор манайд ийм эмгэгээр хандсан хүн байхгүй. Үүнийг энгийнээр тайлбарлавал нэг биед хоёр өөр болон түүнээс дээш хүний ухамсар байна гэсэн үг юм. Мэдээж нэг хүний дотор олон ухамсар байна гэж үзэхэд мөн өөр өөр сэтгэл хөдлөл, мэдрэмж цуг оршиж байна гэсэн үг юм. Энэхүү эмгэгийг 1950-иад оны үед Америкийн сэтгэл судлалын холбооноос сэтгэцийн эмгэг хэмээн тогтоож, сэтгэл хуваагдах эмгэг гэх нэрийн дор судалгаа явуулах болжээ. Сэтгэл хуваагдах эмгэгийн шинж тэмдэг нь хагас ойгүйдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл өмнөх үйлдсэн зүйлсээ хүлээн зөвшөөрдөггүй ба өөрийн ухамсарт үүссэн хоёрдогч бие хүн ухамсарт шилжин гарч ирж бие организмыг удирдан үйл ажиллагаанд ороход, өөрийн жинхэнэ бие хүн тухайн үед болсон үйл явдлын талаар огт мэддэггүй байна. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал “Эго”-г унтах үед дахин нэг ”Эго” ухамсрыг удирддаг аж. Сэтгэл хуваагдах эмгэгийн хамгийн тод жишээ бол “Уильам Стенли Миллиган” юм. Тэрээр хамгийн их бие хүний хуваагдалтай хэмээн тэмдэглэгдсэн хүн бөгөөд 24 өөр хүний ухамсрыг агуулдаг гэж үзжээ. Сэтгэл хуваагдах эмгэгээр өвчилсөн хүмүүсийн түүхээс нь судалж үзэхэд тэдгээр өвчтөнүүд бүгд хүүхэд насандаа бие, сэтгэлзүйн хүчтэй дарамтад орж байсан ба нийгэмтэй харьцаж буй сэтгэл зүйн байдал, өдөр тутмын амьдрал дээр нь ажиглалт явуулахад ихэд даруухан, дөлгөөн, тайван саатлын процесс давамгайлсан нэгэн хэвийн идэвхгүй амьдралын хэвшилтэй хүмүүс байсан байна. Харин хуваагдах эмгэгийн үед ухамсарт гарч ирсэн хоёр дахь бие хүн нь илүү догшин шинжтэй хөөрлийн процесс нь давамгайлсан байдаг.

-Сүүлийн үед иймэрхүү төрлийн эмгэгийг бөөгийн шашинтай хольж хутгах ойлголт их бий болсон шиг?

-Хувь хүний шашин шүтлэг бол хүний эрхийн асуудал. Манайд эмчлүүлж буй сэтгэцийн эмгэгтэй зарим хүмүүсийг чи онгод сахиусаа авахгүй болохоор унаж татаад байгаа юм. Угаа авчихвал л бүх юм сайхан болж, гэр орны чинь амьдрал цэцэглэнэ гэж хэлээд хөх эрээн болтол зодож цохисон тохиолдол зөндөө гардаг. Хэрэв үнэхээр иймэрхүү төрлийн эмгэгтэй хүмүүс бөө болох байсан бол бүхэл бүтэн сэтгэцийн эмнэлэг, мэдрэл судлалын ухаан гэж байх хэрэгтэй гэж үү. Нэг талаасаа маш өрөөсгөл ойлголт. Үнэхээр уналт, таталттай хүүхдийг заалт бүхий эм тариаг нь ч уулгахгүйгээр бөө болох гэж байна гэж авч яваад угсарсан уналтад оруулаад хүндэрч ирсэн тохиолдол манайд байна. Үүнийг өвчтэй хүний сэтгэл зүйгээр тоглож, мөнгө олдог бизнесийн сүлжээ гэж болно.

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг цоожтой орчинд байлгах нь өөрөө нийгмээс тусгаарлаж буй нэг хэлбэр ч юм шиг?

-Эдгээр хүмүүсийг өөрт болон нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж байгаа юм. Ямар ч улс оронд энэ төрлийн эмнэлэг цоожтой орчинд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэл гутралаасаа болоод амиа хорлох юм уу, хий юм хараад хаашаа хамаагүй алга болох вий гэдгээс урьдчилан сэргийлж байгаа юм. Хий төсөөлөл үү, бодит амьдрал уу гэдгээ ялгахаа байчихсан учраас л цоожны цаана эмчлэхээс өөр аргагүй. Энэ утгаараа эдгээр хүмүүсийг нийгэмд аюултай гэж ойлгож болохгүй. Хүмүүст буруу ойлголт төрүүлэх вий. Хэрэв тухайн өвчтөн сэтгэцийн өвчнөө хүлээн зөвшөөрч, ар гэр нь ойлгож хүлээж авбал эдгэрэлд хүрнэ гэдгийг “Beautiful mind” гээд кинонд төгс харуулсан байдаг. Сүүлд гарсан “Joker-ыг ч үзэхэд гэмгүй шүү.

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмд ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл, боломж, ар гэр нь хүлээн зөвшөөрөх хандлага хэр байна вэ?

-Сэтгэцийн эмгэгийн оноштой хүмүүс нь намжилын байдал буюу хэвийн болсон үедээ нийгэм, хамт олны дунд ажиллаж хөдөлмөрлөх боломжтой. Гэвч нийгэмд тохирсон ажлын байр байхгүй гэхэд болно. Хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж харах, гадуурхаж шоглох хандлага их байдаг. Хэрэв хэн нэг нь Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэвэл байраараа, хороогоороо нэг галзуу солиотой мэтээр ярьдаг үзэгдэл хэвээрээ л байна шүү дээ. Зарим  хүмүүсийг ар гэр нь хүлээн зөвшөөрөхгүй, хүлээж авахгүй болохоор манай эмнэлэгт олон жил болж байгаа хүмүүс ч байгаа. Энэ хүмүүсийг нийгэмд гаргахад хүлээж авах төрийн бус байгууллага, асрамжийн газар нь алга. Гаднын оронд бол эмнэлгээс гарсан тохиолдолд сэтгэцийн нийгмийн ажилтан нь нийгэм дунд хөтөлж, амьдрах орчноор хангаж өгдөг төдийгүй халамжийн мөнгийг нь зөв зүйтэй зүйлд зарцуулахад нь хүртэл тусалдаг. Эмнэлэгт хоол унд, эм тариаг нь улсаас хариуцаад өгчихдөг бүх юм нь бэлэн болохоор ар гэр нь аль болох өөрт амар байдлаар эмнэлэгт байлгаад байх сонирхолтой. Тэр хүний группийн мөнгийг нь ар гэр нь авдаг хэр нь эргэж тойрдоггүй асуудал гардаг.

-Ар гэрийн хүмүүст сэтгэл зүйг нь бэлтгэх сургалт явуулдаг уу?

-Эмчлүүлэгч нарт боловсрол олгох сургалт явуулдаг. Өвчний тухай, эмчилгээний тухай бүх мэдээллийг өөрсдөд нь өгдөг. Яг үүн шиг гэр бүлийн гишүүдэд боловсрол олгох сургалт явуулдаг. Дотнын хүн тань өвдөхөд ямар тусламж үзүүлэх ёстой вэ, хэвийн бус шинж тэмдэг илэрсэн үед нь яах ёстой вэ, эмийг нь хэрхэн уулгах вэ, эмчид хэзээ хандах вэ, хэрхэн нийгэмшүүлэх вэ гэдгийг энэ хөтөлбөрөөр олгодог.

-Чухамдаа эдгэрээд гараад ирсэн хүмүүсийг нийгэмд зөвөөр ойлгуулахын тулд хүнлэг чанар, харилцааны эв дүй маш чухал юм шиг?

-Тэдгээр хүмүүс тодорхой хугацаагаар юм уу насан туршдаа нойрны болон тайвшруулах эмийг байнга ууж байх шаардлагатай гэдгийг ар гэрийнх нь хүмүүс ойлгож, зөв боловсон, хүнлэг харьцах хэрэгтэй. Ялангуяа ар гэрийнхний таарамжгүй харилцааны улмаас өвчин нь сэдрэх, нойргүйдэх, стрессдэх магадлалтай. Тиймээс бусдаас өөр гэсэн хандлага гаргаж огт болохгүй. Гэтэл бид өөрсдөө сэтгэцийн асуудалтай юм биш биз. Хамгийн наад зах нь хүмүүс зам тээврийн хөдөлгөөнд улаан галзуу л урагш дайрч давшилж, хэлэх хэлэхгүй муу муухай хараалын үгийг хайр найргүй бие бие рүүгээ цацдаг биз дээ. Энэ ч гэсэн нийгмийн сэтгэцийн тулгамдсан асуудал байхгүй юу. 

-Жилд танай төвд хэчнээн өвчтөн хэвтэн эмчлүүлдэг вэ?

-Манай тасаг 45 ортой боловч 55-60 хүн хэвтэн эмчлүүлдэг. Өнгөрсөн жил 810 хүн давхардсан тоогоор хэвтээд гарсан. Хүйсийн хувьд тэнцүү байдаг ч улирлаасаа шалтгаалаад тоо нь ихсэж багасдаг.  Ялангуяа хавар, намар нэмэгддэг. Эрс тэс уур амьсгал огцом солигддог нь сэтгэл зүйд нөлөөлдөг шиг байгаа юм.  Бид ч гэсэн сайхан зун байснаа намар болоод л бороо ороод, навч унаад, тэнгэр бүүдийгээд ирэхээр сэтгэл санаа тогтворгүй, гэгэлзүүр болдог биз дээ. Энэ үед тухайн өвчтөн эмээ сайн уугаад, хоол ундаа тохируулаад тайван байх хэрэгтэй.

-Танай тасгийн өвчтөнүүд Сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээний тасагт хамрагддаг юм байна лээ. Энэ тасагт хамрагдсанаар ямар, ямар өөрчлөлт гарсан бэ?

-Сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээний тасагт манай өвчтөнүүд тогтмол хамрагдаж, алдагдсан чадвараа эргэж сэргээх, шинээр ур чадвар бий болгодог. Сэтгэцийн өвчин бол удаан хугацаанд эмчлэгддэг. Тиймээс хийж байсан дадал, зуршил нь алдагдаж, мартах бэрхшээл учирдаг. Тус тасагт “Чимэглэх өрөө”, “Шүр урлал”, “Ном эмчилгээ”, Үсчин гоо засал зүйн эмчилгээ”, “Зураг эмчилгээ”, “Оёдол эмчилгээ”, “Хөгжим эмчилгээ” гэсэн ангиуд байдаг. Эмчлүүлэгчдийнхээ хийсэн бүтээлээр тэдний дотоод ертөнцийг харуулж 2017 онд Монголын уран зургийн галерейд “Эдгэрэл-Итгэл-Найдвар”, 2018 онд Улаанбаатар хотын музейд “Сэтгэл” гэдэг нэртэй үзэсгэлэн тус тус гаргаж байсан.

-Тэдний дотоод ертөнц их сонин байна л даа?

-Тэдний дотоод ертөнцийг уран бүтээлээр нь дамжуулж илэрхийлсэн маш сонирхолтой үзэсгэлэн гаргасан. Манай нэг өвчтөн гурван өдөр зүүдэлсэн зүүдээ зурсан. Галт уулын орой руу мацаж буй зургаа улаан, хар өнгөөр зурсан нь олон хүний сонирхлыг татаж байсан. Бас нэг үйлчлүүлэгч маань шилэн хоргонд “Эрх чөлөө”, “Хайр”, “Үзэн ядалт” гээд сэтгэлийн бүхий л өнгийг чулуун дээр бичиж өрөөд чулуун дундаас өндөр, нам хоёр хар сарнай “ургуулсан” байсан. Сарнайны ишийг төмөр шрупээр цоолоод улаан өнгийн будаг урсгасан байсан. “Эхийн сэтгэл” гэсэн нэртэй бүтээлээ эмчлүүлэгч тайлбарлахдаа “Анх намайг сэтгэцийн өвчтэй гэж оношлогдоход бүх хүмүүс надаас хөндийрч би шилэн хорго шиг орчинд тусгаарлагдсан. Миний хажууд зөвхөн ээж минь л үлдсэн. Нийгмээс, хамт олноос, найз нөхдөөс ирэх шруп шиг хандлагаас болж би энэ сарнай шиг үхмэл болсон” гэж хэлсэн. “Эхийн сэтгэл” гэдэг нэртэй зохиосон шүлгийг нь уншсан хүн уйлмаар. Түүний хамгийн их итгэл найдвар нь юу байсан бэ гэвэл шилэн хорго нь цуурсан байгаа нь магадгүй биднийг ялгаварлан гадуурхдаг үзэгдэл үгүй болбол энэ шилэн хорго хагарч би чөлөөлөгдөнө гэсэн санааг давхар агуулсан байсан л даа. Бас нэг үйлчлүүлэгчийн “Баг” нэртэй бүтээлд олон цагаан чоно дунд бусдаас өөр нэг чоно соёогоо гаргаад ярзайсан байна. Гэтэл хүрээлж буй цагаан чононууд нь гэм, зэмгүй мэт энгийн харагдана. Тухайн бүтээлээ эмчлүүлэгч тайлбарлахдаа ”Багны цаана баг гэдэг агуулгыг хөндсөн. Бид бол дотоод сэтгэл хөдлөлөө шууд ил гаргачихдаг. Яг л энэ бусдаас өөр ганц чоно шиг. Гэтэл нийгэмд гэм, зэмгүй эрүүл гээд байгаа хүмүүс нь хиймэл дүр эсгэсэн гэмтнүүд байдаг” гэсэн санааг илэрхийлсэн байсан.

-Дотоод сэтгэлд нь тийм их өвдөлт, шаналан мэдрүүлснээ хүмүүс анзаарахгүй байна гэдэг нь өөрөө нийгмийн сэтгэл зүйг хэвийн биш гэдгийг харуулаад байна уу даа?

-Тийм шүү. Бид хэн нэгнийг бусдаас жаахан л өөр байсных нь төлөө өөчилж, гоочилж амиа хорлотол нь амьдаар нь үхүүлчихээд өөрсдөө архи ууна, агсан тавина, тамхи татна, танхайрна, хүчирхийлэл үйлдэнэ. Өдөр бүр нийгэмд сэтгэл хирдхийм мэдээнүүд байнга л гарч байна шүү дээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zz(64.119.26.127) 2019 оны 12 сарын 24

Hun uurt n ogt gem hiigeegui bhad ulbiicheed us sanaad hun gutgeed horlood hden maajiisan awgai naraar murduj mushguileed ar hudargaar ene huuhen bla bla gd eldwiin um zihiogood doliichood hun horlood yawdag ork setgetsiin uvchtei humuus mun uu ? Yugaa ch tusuulj bodood us sanaad bdgiin oilgodgui ee kkk

0  |  0
zochin(103.212.117.138) 2019 оны 12 сарын 23

oron bairnii gadaa shun untahgui er emgui arhi uun charlaldaad bdg hvmvvs setsgetsiin deed zergiin asuudaltai shu tun udahgui galzuuran setgetsiin emgeg sudlaliin emch hlj bsan shun unthgui bol soliordg gj

0  |  0
энэ(37.47.224.129) 2019 оны 12 сарын 23

арын хаалганы бацаанууд дарга болчих юмаа

0  |  0
zochin(192.82.76.75) 2019 оны 12 сарын 23

eren onoos xoish mongolchuud amia bodson heg heiigee doosh ni xiideg deerengui jinxene uxer mongol bolson shuudee

1  |  0
Top