ТОЙМ 2019| Эдийн засгийн онцлох ЗУРГААН үйл явдал

2019 оны 12 сарын 26

ZINDAA.MN сайтын “ТОЙМ 2019” цуврал Эдийн засгийн онцлох сэдвүүдээр танд хүрч байна.

Эдийн засгийн салбарын ӨНӨӨДРИЙН үзүүлэлтүүд ӨЧИГДӨРТ суурилдаг. Түүнчлэн МАРГААШИЙН нөхцөл байдлын суурь нь өнөөдрийн үйл явцууд байдаг билээ. Тэр ч утгаараа тоймд онцолсон ЗУРГААН үйл явдал  агуулгын хувьд зөвхөн энэ онд хамаарахгүй болохыг тодотгоё.

 

 “СААРАЛ ЖАГСААЛТ”-ЫГ ДАВАХЫН ТУЛД...

“Саарал жагсаалт” бидний хувьд хуучин сэдэв ч энэ онд шинээр анхаарлын төвд орж ирлээ. Монгол Улс  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх ҮҮРЭГ-ийг албан ёсоор хүлээгээд 15 жил өнгөрснийг сануулахад илүүдэхгүй байх.  2007 онд анх удаа ФАТФ-ын шалгалтаар орж байсан манай улс 2013 онд албан ёсоор “Саарал жагсаалт”-д орж байлаа. Жилийн дараа амлалт өчиг өгч байгаад гарсан  ч 2017 онд эргээд “Эрчимтэй хяналт”-д үлдсэн юм.  Хоёр жил гаруйн өмнө ФАТФ-ын 20 зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй байсан бол энэ онд бид ДӨРВӨН үзүүлэлт дээр л бүдэрсэн нь тэдний  даалгаврыг  гайгүй сайн л хийсэн гэж харахаар үзүүлэлт, нэг талаас.

Тэд гэдэг нь ФАТФ буюу “Их-7” гүрний шийдвэр гаргагчид. Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хүлээлгэж өгөхийнхөө өмнөхөн чуулганы танхимд гишүүдэд мэдээлэл өгөх үеэрээ манайхыг  “Саарал”-туулах шийдвэр наймдугаар сард “Их-7”-гийн уулзалтын үеэр гарсан болохыг  хэлж байсан билээ.  Зарим эх сурвалжийн мэдээллээр бол ФАТФ дахь гурван гишүүн орон л манай эсрэг санал өгсний дунд, бидэнд ихээхэн гомдсон нэг улс байсан тухай ч яригдаж байгаа юм.

ШИГТГЭЭ: Санхүү болон хуулийн салбарынхан улс орноо “саарал”-туулахгүйн тулд хичээж ажилласныг одоо бид ДӨРВӨН л үзүүлэлт сайжруулах тухай ярьж буйгаас харж болно гэж тайлбарлагсад байна.

Ямар ч байсан “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах шаардлагатай. Хэдийгээр шууд учрах хор хохирол үгүй ч урт хугацаандаа бол санхүүгийн салбарт эрсдэл дагуулна. Цаашлаад нийт эдийн засагт халтай асуудал.

Парист ФАТФ-ын хуралдаан болж байхад асуудлыг арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн асуудалтай холбон тайлбарлаж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах Ажлын хэсгийг ахалж буйг дуулгая. Тэрбээр “Саарал жагсаалт”-аас гарахын тулд долоон хуульд өөрчлөлт оруулахаар болж буй тухай энэ сарын 25-ны өдөр мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт хэд хэдэн хуулийн төслийг спикерт өргөн барилаа.  Уг нь  эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд сайн ажилласан гэсэн дүгнэлтийг өнгөрсөн хугацаанд бид өөрсдөдөө өгч байсан ч биелүүлээгүй даалгавруудаа хийхийн тулд дахиад хуулиудтай ноцолдох шаардлага дагаж байгаа аж.

Ер нь бол Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргахын тулд надад хамаагүй, чамд хамаатай гээд түлхэлцээд байх биш. Байж болох оролцоогоороо нийлж, нэгдэн ажиллах шаардлага тулсан. Ирэх 2020 оны анхаарал татсан сэдвүүдийн эхэнд “Саарал жагсаалт” байх юм.

 


“КАПИТАЛ” ҮҮДЭЭ БАРЬЖ, “МCS” БАНК БАЙГУУЛАХ ЭРХЭЭ ШҮҮХЭЭС АВЛАА

Монголын санхүүгийн зах зээлийн 93 орчим  хувийг банкны сектор дангаараа бүрдүүлж байгаа. Тиймээс ч арилжааны 14 банкны нэг  “Капитал” үүдээ барьсан нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байв.

29 жилийн өмнө  “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдан арилжааны банкны анхны лицензийг авч байсан баялаг түүхтэй “Капитал” энэ оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр татан буугдахдаа, банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байлаа.  Түүнчлэн системийн нөлөө бүхий банк биш тул эдийн засаг дахь санхүүгийн зуучлалд сөрөг нөлөө үзүүлээгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа юм.

ШИГТГЭЭ: Манай улсад 1990-2011 онд нийт 31 банк байгуулагдсан байдаг. Тэдгээрээс 15  нь  дампуурч, хоёр банк нэгдэж байв.  

Өнгөрсөн олон жилүүд дэх үүдээ барьсан банкуудын замналыг харж байхад улс төрийн нөлөөлөл, эдийн засгийн дархлаа, компанийн засаглалын асуудал гээд олон л хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Капиталын тухайд  улс төрөөс дэм тус тултал нь авсан ч тусыг усаар хариулсан дүр зураг бас харагдаж буйг дурдах нь зөв болов уу.

Банкны салбарт бас нэг шинэ мэдээ бий. “Капитал” банкны салбараас явсан ч арилжааны банкны тоо эргээд 14 болох төлөвтэй байна. Учир нь жил хагасын өмнө банк байгуулах хүсэлтээ Монголбанканд гаргасан  “МCS”-ийнхэн хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байх үндэслэлгүй байна гэсэн шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргуулчихаад байгаа юм. Тэгэхээр 2020 онд шинэ банк үүдээ нээж мэдэх юм.

Сануулахад, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэртэй холбоотой асуудал энэ оны туршид үргэлжилж байгаа. 2018 оны тавдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх долоон сарын хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг Төв банкнаас авсан арилжааны банкуудад асуудал бий  нь бол тодорхой болсон. Чухам хэд хэчнээн төгрөгийн эх үүсвэрийг эрсдэлтэй гэж үзсэн нь тодорхойгүй ч банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үйл ажиллагаа энэ оныг буюу энэ сарыг дуустал үргэлжлэхээр болсон.

Ер нь бол банкны секторын   эдийн засаг дахь   үнэмлэхүй нөлөөлөл нь  уг салбарт өөрт нь давуу болон сул талын аль алийг дагуулж буйг  нухацтай харах цаг болсныг бас хэлэх хэрэгтэй болов уу. Товчхондоо бол санхүүгийн зах зээлийн нэг сектор дахь төвлөрөлийг багасгах чиглэлд төрөөс оновчтой бодлогоор зохицуулалт хийх шаардлага байна.


                                                                                                   

                                                                            ЭДИЙН ЗАСАГ БА ТҮҮХЭНД ҮЛДЭХ ТӨСӨВ

Эдийн засгийн багтаамж томрохын хэрээр улсын төсвийн орлого, зарлагын тоонууд нэмэгдэнэ л дээ. Харин энэ жил баталсан ирэх оны төсвийн тоонуудыг  эдийн засгийн бодит нөхцөлд нийцтэй биш гэсэн дүгнэлт хийх эдийн засагчид олон байгаа юм. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн есдүгээр сард гаргасан тайланд Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилга болон хөдөө аж ахуйн салбарт сэргэлт гарна гэж  тодотгосныг сануулъя.

Төсвийн зарлагаа тэлж буй үндэслэл нь эдийн засгийн олон салбаруудынхаа идэвхжилийг сэргээхэд чиглэж байна уу, эсвэл улс төрийн сонгууль угтсан үр ашиггүй зардал байна уу гэдгийг л ялгаж, зааглаж харах ёстой гэсэн үг л дээ.

ШИГТГЭЭ:  Монгол Улсын  төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм. Харин энэ 2019 оноос анх удаа 10 их наядыг давсан.

Ирэх жил Монгол Улс  11.8 их наяд төгрөгийн орлого олж, 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар хуульчилсан нь, түүхэнд үлдэх тоо юм.

Хоёр их наядын алдагдалтай баталсан улсын төсвийн орлогыг тасалдуулах эрсдэлүүд бий. Төсвийн төслийг өргөн барихад цохон дурдаж байсан таван эрсдэлийн нэг нь ФАТФ-ын “Саарал жагсаалт” байсан. Тэгвэл бид энэ жагсаалтад багтаад хоёр сарын нүүрийг үзэж байна.  Бусад эрсдэлүүдийг харвал тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны маргаан нэг үеэ бодвол намжмал байгаа ч нэг сэдэрвэл манай түүхий эдийн экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй. Таваарын захын шинжээчдийн таамгаар бол зэсийн ханш онцын өсөлттэй байхгүй болов уу. За мэдээж 42 сая тонн нүүрсний экспорт зөвхөн биднээс хамаарахгүй гэдгийг жил жилийн оны сүүлчийн нөхцөл байдал бидэнд нотлон харуулж байгаа.

Гаднаас оруулж ирээд буцаагаад зарлагадаж буй валютаа харахаар бид дандаа л алдагдалтай байдаг хэвээрээ. Манай улсын урсгал данс 2008-2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Энэ оны хувьд урсгал дансны алдагдал буурч байгаа ч 2020 онд эргээд нэмэгдэж  ДНБ-ий 13 хувьд хүрэх урьдчилсан таамаг байна. Шалтгаан нь экспортын өсөлт саарах, гаднаас бараа, үйлчилгээ авах манайхны эрэлт тогтвортой хадгалагдахтай холбоотой юм. Үүнээс гадна гадаад өр төлбөрийн асуудал гэж шүдний өвчин бидэнд бий. Засгаас батлан даасан өр төлбөрүүдээс 2020 онд хийгдэх ёстой тооцоонууд байгааг санах ёстой. Үүнийг дурдахын учир нь эдийн засгийн маргаашийн төлөв өнөөдөрт л суурилна.

Эдийн засгийн 40 гаруй хувийг төсвийн бодлогоор, 60 хувийг мөнгөний бодлогоор зохицуулдаг гэдэг утгаар харвал зайлшгүй аль альнаа дэмжсэн бодлого хэрэгтэй. Эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хадан цохио руу, биш зөв гарцууд руу удирдан чиглүүлэх үүрэгтэй Төв банкнаас тодорхойлдог мөнгөний бодлогыг, засгийн газраас гардан гүйцэтгэдэг төсвийн бодлоготой хэрхэн уях вэ гэдэг дээр эдийн засагчид өөрсдийн санаа оноогоо харамгүй  хэлж өдийг хүрснийг сануулахад илүүдэхгүй байх.

Монгол Улс 2017 оны тавдугаар сараас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ оны тухайд хөтөлбөрийн хүрээнд орж ирэх ёстой валютын урсгал зогсонги байдалтай байсныг хаа хаанаа мэдэж буй тул нуршаад яахав. Ямар ч байсан ОУВС манай улсад бодлогын зөвлөмжөө өгсөн хэвээр байгаа. Мөнгөний бодлогын цаашдын шийдвэрүүд инфляцыг тогтворжуулах, гадаад тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхэд төвлөрөх хэрэгтэйг тэд зөвлөж байгаа юм.


 

ХОЁР АРВАН ДАМЖИН ЯРИГДСАН ХИЙН ХООЛОЙ

Хоёр арваныг дамжин яригдаж буй ХИЙН ХООЛОЙН тухай сэдэв энэ онд дахин анхаарал татсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сард манай улсад айлчлаад буцсаныхаа дараахан “Газпром”-ын удирдлагыг  дуудаж ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолойг Монголын газар нутгаар дайруулах чиглэлийг судлах даалгавар өгсөн юм. Харин энэ сарын эхээр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлаад ирэхдээ хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцлоо гэх мэдээллийг олон нийтэд өгсөн билээ. Гэхдээ Засгийн байр суурийг эдийн засагчид, судлаачид, шинжээчдийн олонх нь шууд утгаар нь хүлээж авахгүй байгаа гэдгийг тодотгох нь зөв байх.

ШИГТГЭЭ:  Байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах тухай сэдэв шинэ зууны эхээр буюу 2000 онд бүр Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/  боловсруулах түвшинд яригдаж байсан.

“ЮКОС”-ын Михаил Ходорковский хүртэл хийн хоолойг манайхаар дайруулах тухай асуудлыг хөндөж байсан гээд харах юм бол яах аргагүй хуучны сэдэв л дээ. Өнөөдрийн  нөхцөл байдлыг харахад хийн хоолойн тухай  сэдэв Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүхий гарц гэдэг утгаараа нэн шинээр дахин “эргэлтэд” орж байгаа дүр зурагтай. Гэхдээ гол асуудал бол үнэхээр ажил хэрэг болох бодит боломж байна уу гэдэгт л байгаа юм.

Эдийн засгийн ухаан доктор А.Даваасүрэн хэлэхдээ бол ОХУ-аас хий авах үндсэн зах зээл БНХАУ-тай бас санамж бичиг байгуулах ёстой гэж байна лээ. Ер нь бол тийм л дээ.

ОХУ-ын Үндэсний эрчим хүчний институтийн захирал Сергей Правосудов хэлэхдээ  “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн дамжуулах хоолойг Монголоор дайруулах тухай асуудал эхнээсээ л боломжтой гэж яригдаж байсан. Анх энэ тухай яригдахад Хятадууд эсрэг хандсан. Улаанбаатар дамжуулах эрх авах нь Бээжинд ямар нэг байдлаар дарамт үзүүлж магад гэсэн болгоомжлол байсан байх. Харин одоо Хятадууд Монголоос болгоомжлохоо больсонд асуудлын гол байх шиг байна...  Хятадууд өөрсдийгөө хүчтэй тоглогч гэдгээ мэдсэн биз ээ. Тэгээд ч Монгол Улс Хятадын эсрэг юу л хийгээ аж. Ийм хоёр том орны дунд байгаа улс яаж ч чадахгүй шүү дээ”  гэсэн байр суурийг өнгөрсөн есдүгээр сард илэрхийлснийг сануулъя.

Хэрэв үнэхээр өмнөд хөршийн зүгээс зөвшөөрч байгаа л юм бол тэрийг нь баталгаажуулсан санамж бичгийг албан ёсоор байгуулчих хэрэгтэй л дээ.

Улс төрийн талаас тэгээд тохирлоо гэхэд ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ талаасаа төсөл хөдлөх боломжтой юу гэдэг асуудал халуун сэдэв л дээ. Тэгвэл энэ сарын 2-нд нээлт нь болсон  “Сибирийн хүч-1” хийн хоолой хөрөнгө оруулалтын зардлаа 2048 он гэхэд л нөхнө гэсэн мэдээллийг  ОХУ-ын зарим шинжээчид бичсэн харагдана лээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 15 жил дуншиж байж, нээлтээ хийсэн  эхний хийн хоолой нь эдийн засгийн үр ашиг хэзээ өгөх эсэх нь бүрхэг байхад дараагийн хийн хоолой дахиад хэдэн ч жилийг ардаа орхиж мэднэ л гэсэн үг юм.

Уг нь ОХУ, БНХАУ хоёр стратегийн хамтын ажиллагаагаа  шинэ түвшинд гаргаж, 2024 он гэхэд хоёр талын худалдааг 200 тэрбум долларт хүргэх зорилготой. Цаашлаад ч энэ хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж буй. Тэгэхээр хоёр том гүрний ойлголцол, эв эеийн хүрээнд хоёр дахь хийн хоолойн төсөл эхэлж магадгүй. Гэхдээ чухам хэзээ вэ гэдгийг таамаглаж хэлэхэд бэрх. Тэдний л таалал мэдэх сэдэв л дээ.


 

“ГАЦУУРТ”-ААР НАЙМААЛЦАЖ БОЛОХГҮЙ НЬ БАТЛАГДАВ  

Канадын  Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компани өөрийн  охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн “мэдэлд” байсан  “Гацуурт” төслийг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компанид худалдсан наймааг буцаах эрх зүйн орчин бий болсныг “ТОЙМ 2019” онцолж байна.

Хоёр компани хоорондын 35 сая ам.доллароор үнэлэгдэх наймаанд  “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр болон “Гацуурт” төсөл багтсан тухай албан ёсны мэдээллийг “Сентерра Гоулд” компани 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр гаргасан байдаг.

Уурхай болон баяжуулах үйлдвэрийн тухайд компани хоорондын хэлцэл наймаа хийгдэж болохгүй гэх үндэслэл байхгүй ч  “Гацуурт” төсөл бол Монголын төр засаг анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай сэдэв учраас Zindaa.mn мэдээллийн сайт "Гацуурт"-ыг мартсан төрийн ой санамжийг сэргээх ҮНДЭСЛЭЛ-үүд бийг төр засгийн байгууллагуудад эргэн сануулсан нийтлэлүүдийг цувралаар нийтэлсэн юм.

 

  • Улсын Их Хурлын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Гацуурт ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан;
  • УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Гацуурт ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон; шийдвэрүүд тус тус гарсан байдаг. 

Товчхондоо бол Гацууртын ордыг хоёр компани өөр хоорондоо дур мэдэн наймаалцах ёсгүй. Хэрэвзээ УИХ-ын дээрх хоёр тогтоолд хамааралгүй өөр орд газрыг наймаалцсан байлаа гэхэд эрх борлуулсны орлогоос Монгол Улсад 30 хувийн татвар төлөх ёстой л доо. Тэгэхээр нэг талаас үзэхэд, 30 хувийн татвар төлөх хариуцлагаас УИХ-ын дээрх тогтоолуудыг ашиглан бултсан байгаа юм. Нөгөө талаас дээрх хоёр тогтоолыг үл хэрэгсэн наймаалцах эрх компаниудад байхгүй.

 Тэгвэл Улсын дээд шүүх  /2019.12.09/  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэрийг гаргаснаар манай сайт  хөндөн, нийтэлж байсан өнцгүүд баталгаажсан юм.


ДАХИН “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРОХГҮЙН ТУЛД ТАТВАРЫН ХУУЛИА ШИНЭЧЛЭВ

Монгол Улс 2017 оны эцэст Европын холбооны “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын хар жагсаалт”-д багтаж байсан. Тэгвэл уг “Хар жагсаалт”-аас гарахдаа 2020 оноос өмнө дотоодын хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, холбогдох конвенцуудад нэгдэн орох үүрэг амлалтыг хүлээсэн юм.

Өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 22-ны өдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан Татварын ерөнхий хууль болон  бусад хуулиуд 2020  оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Багц хуулийн үндсэн агуулга бол олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх, татвараас зайлсхийх явдлыг хаах, татварын бааз суурийг  бэхжүүлэх, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ИРГЭД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТАТВАР ТӨЛӨЛТӨД  ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХИЙГ  ТОДОТГОН ХҮРГЭЕ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.219.209) 2019 оны 12 сарын 31

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top