БНХАУ-ын Хайнань муж дахь Вэнчанг сансрын төв өнөөдөр /2019.12.27/ орон нутгийн цагаар 20.46 цагт “Чан Чэн-5 /Их Аялал/” пуужин тээвэрлэгчийг хөөргөснийг Хятадын төв телевиз шууд дамжуулжээ.
Ирээдүйд Хятадын Сар, Ангараг гарагийг судлах хөтөлбөрт ашиглагдах энэхүү пуужин тээвэрлэгч энэ удаа “Шицян-20” хиймэл дагуулыг гео шилжилтийн тойрог замд хүргэх юм. Сансрын энэ хөлөг ирэх 5-15 жилд орчин үеийн харилцаа холбооны салбарын хөгжлийн хэрэгцээг бүрэн хангана хэмээн Хятадын мэргэжилтнүүд онцолжээ.
Хятадын хамгийн том пуужин тээвэрлэгч хөөрөх үедээ 25 тонн, гео шилжилтийн тойрог замд 14 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд өндөр нь 57 метр, диаметр нь таван метр аж. Пуужин тээвэрлэгчийг анх 2016 оны арваннэгдүгээр сард амжилттай туршсан бөгөөд тухайн үед Бээжин эл тээвэрлэгчээр “Шицян-17” хиймэл дагуулыг сансарт хөөргөж байв. Хоёр дахь удаагаа “Шицян-18” хиймэл дагуул тээвэрлэсэн “Чан Чэн-5” пуужин тээвэрлэгчийг 2017 оны долоодугаар сарын 2-нд хөөргөж байсан ч техникийн шалтгаанаар дэлхийн тойрог замд орж чадаагүй.
Хятад улс өөрийн сансрын хөтөлбөрийг идэвхтэй хөгжүүлж байгаа ба энэ хүрээнд цаг уур, харилцаа холбоо, нислэг удирдах хиймэл дагуулаас гадна сарыг эзэмших технологийг хөгжүүлж байна. Үүнээс гадна Хятадын эрдэмтэд Ангараг гараг, жижиг гараг судлах төсөл хэрэгжүүлж, 2020-2025 онд Ангараг гарагийн гадаргууг эрчимтэй судлахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )