Нефтийн үнийн өсөлт ОУВС-гийн ЗӨВЛӨГӨӨГ эргэн санууллаа

2020 оны 01 сарын 06

Ираны тусгай албаны тэргүүн генерал Касем Сулеймани АНУ-ын зэвсэгт хүчний агаарын цохилтын үеэр амиа алдсан хэрэг явдлын араас хоёр улсын удирдлагууд хатуу ширүүн үгс шидэлцэж,  дараа дараагийн гаргах шийдвэрүүдээ зарлаж байна.

Энэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшид нөлөөллөө үзүүлж, өнөөдөр брент маркийн нэг баррель нефтийн үнэ  1.67  ам.доллар буюу 2.4% -иар өсөж 70.27 ам.долларт хүрлээ.  Сүүлд 2019 оны тавдугаар сард 70 ам.доллар давснаас хойшх хамгийн өндөр өсөлт болж байна. Иран улс АНУ-д хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээр түүхэнд үлдэх IPO гаргасан газрын тосны  Saudi Aramco компанийн хувьцааны ханш мөн унасан үзүүлэлттэй байгаа.

Ер нь АНУ Ираны эсрэг хориг тавьснаас  шалтгаалан Хятад, Энэтхэг зэрэг орнууд Иранаас газрын тос экспортлох боломжгүй нөхцөл байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Цаашлаад эл нөхцөл байдал даамжрах төлөвтэй байгаа нь брент  төрлийн газрын тосны ханшийг  80 ам.долларт хүргэнэ гэсэн шинжээчдийн таамаглалыг баталгаажуулах янзтай байна.

Тэгэхээр гадаад зах зээлээс  нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ хангадаг манай улсын тухайд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт хэзээ хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт тавигдаж таарна. Тэгвэл энэ нэгдүгээр сард үнийн өсөлт үргэлжилсэн хэвээрээ байх юм бол  ирэх хоёрдугаар сараас Монголын хэрэглэгчдэд нөлөөгөө үзүүлнэ.

Сануулахад, Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх Техникийн туслалцааны Ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-29-ний өдрүүдэд манай улсад ажиллаж байсан. Шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизм манай улсад нэвтрүүлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил болгох, тогтмол мэдээлж байх, улс төржилтөөс шалтгаалан шатахууны үнэд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн   огцом өөрчлөлтийг багасгаж, зах зээлийн зарчимд уялдуулах давуу талтай гэсэн мэдээллийг АМГТГ-аас өгч байсан. ОУВС-гийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томьёолол, аргачлал, зөвлөмжийг  Сангийн яаманд танилцуулсан гэх мэдээлэл бий.  Одоогоор ямар нэг шийдэл гараагүй байна.  

УУХҮЯ-ны зүгээс энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө “Цаашид ОУВС-гаас зөвлөсний дагуу энэ арга, аргачлалыг хэрэгжүүлээд явах тал руу анхаарах байх. Гэхдээ Сангийн яам, УУХҮЯ, Засгийн газрын хэмжээнд зөвшилцөх байх” гэж байсан юм.

Дашрамд тодотгоход, газрын тосны салбарын өчигдөр, өнөөдрийн өнгө төрхийг харахад манай улсын нутаг дэвсгэрт газрын тосны тав, нүүрсний давхаргын метан хийн долоо, шатдаг занарын дөрвөн эрлийн гэрээ хэрэгжиж байгаа аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 22 талбайд газрын тосны хайгуул, гурван талбайд олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй юм байна.

Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд Монгол Улс олборлогч орон болж, олборлолтод шилжсэн гурван талбайн хувьд 332,64 сая тонн  газрын тосны нөөц, 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлжээ. УИХ-ын тогтоол болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэр гарч, “Монгол газрын тос боловсруулах  үйлдвэр” компанийг байгуулсан. 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар гараанаас гараад буй. Тэгвэл манай улсын олборлолтын хэмжээ цаашдаа жилд 1 сая тонн орчим байх тул газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.243.29) 2020 оны 01 сарын 07

Удахгүй газрын тос орлох цахилнаан хөдөлгүүрт

0  |  0
Нарангэрэл(202.131.231.86) 2020 оны 01 сарын 06

монголчууд бидэнд боломж гарч байгаа юм биш үү өөрсдөө газрын тосоо ашиглах цаг ирээд байгаа юм бишүү аан. манай газрын баялагийг яахаарай хужаа нар ашиглаад байнаа \n

0  |  0
Top