Оманы султан нас барж, үеэлийг нь шинэ султанаар зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 11

Оманы султан Кабус бин Саид аль Саид өвчний улмаас 79 насандаа баасан гарагт /2020.01.10/ мөнх бусыг үзүүллээ гэж Оманы төрийн мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан тус улсад гурван хоногийн гашуудал зарлаж, 40 хоногийн турш төрийн далбааг бөхийлгөх юм.

Оманы удирдагч 2015 оноос хойш хорт хавдраар шаналж байжээ. Кабус 1979 онд Британийн зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр цус асгаруулалгүй төрийн эргэлт хийж, эцгээ хаан ширээнээс буулгаж, өөрөө төрийн эрхэнд гарсан юм. 1976 онд Кабус өөрийн үеэл Саида Наввал бинт Тариктай гэрлэж, гурван жилийн дараа салсан бөгөөд дахин гэрлээгүй юм. Тэрээр хүүхэдгүй байжээ.

Кабус Арабын бусад хаант улсын тэргүүн нарын адил залгамжлагчаа олон нийтэд зарлаагүй. Оманы Үндсэн хуулийн дагуу султаны гэр бүл гурван хоногийн дотор залгамжлагчийн нэрлэх ёстой байдаг. Хэрэв энэ хугацаанд хааны гэр бүл шийдвэр гаргаж чадахгүй бол Оманы Зөвлөл /парламент/ болон Дээд шүүхийн тэргүүн нарыг байлцуулан өмнөх султаны залгамжлагчийн нэрийг бичиж үлдээсэн байх ёстой дугтуйг задалдаг байна.

Энэ дагуу өнөөдөр /2020.01.11/ султаны гэр бүл Кабусын үеэл Хайтан бин Тарик аль Саидыг Оманы шинэ султанаар зарлалаа.

Соёлын сайд асан тэрбээр хааны гэр бүл болон Оманы Зөвлөлийн /парламент/ өмнө тангараг өргөсөн гэж Аль Жазира агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top