“100 асуулт” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн уригдан оролцлоо.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА
Энэ удаагийн “100 АСУУЛТ” нэвтрүүлгийн ээлжит зочноор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн оролцлоо. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Сайхан өвөлжиж байна уу?
-Баярлалаа. Сайхан өвөлжиж байна.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Эхнэр, хоёр хүүхэд болон аавын хамт амьдардаг. Манай аав олон жил тээврийн жолоочоор ажилласан. Одоо 88 настай, гавьяат тээвэрчин хүн бий. Эхнэрийг маань Ариунзаяа гэдэг. Арав, таван настай хоёр хүүтэй. Тавуулаа амьдарч байна.
-Ажил төрөл их байна уу?
-Засгийн газрын бодлогын хүрээнд энэ жил агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр том зорилт тавьсан. Энэ зорилгодоо хүрэх гэж хамт олон маань маш завгүй ажиллалаа. Одоо ч гэсэн ажиллаж л байна.
-Хүн бүрд хэлэх дуртай үг гэж байдаг. Таны хэлэх дуртай үг юу вэ?
-Би хүнийг, ялангуяа залууст аливаа зүйлд идэвхтэй байвал заавал нэг зүйлд хүрдэг гэж хэлдэг. Энэ ч утгаараа эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай.
-Сүүлийн үед залуус гэлтгүй иргэдийн нийгмийн оролцоо багассан юм шиг харагдаад байна л даа?
-Юм, юмыг сонирхож үзэх, оролдох гэдэг зүйл байхгүй болсон байна. Би олон залуустай уулздаг л даа. Тэд шууд л шүүлтүүр хийж хичээл номдоо л анхаараад явчихдаг. Бусад салбарт юу болж байгааг анхаардаггүй, сонирхохгүй байна.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би математикч чиглэлийн хүн. Математик суурьтай эдийн засагч. Эдийн засагч математикч загварчлал гэдэг мэргэжлээр төгссөн. Эрсдэлийн шинжилгээ хийдэг мэргэжил. Банк, санхүүгийн салбарт эрсдэлийн удирдлага чиглэлээр ажиллана.
-Багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байв?
-Багш болох дуртай хүүхэд байсан. Уг нь, их сургуулиа төгсөөд математикийн багшаар ажиллахаар болж, өдрөө хүлээж байсан ч гэнэт Сонгинохайрхан дүүрэгт ажилд орчихсон.
-Хэр бухимдаж байна вэ?
-Орно шүү. Гэхдээ яах вэ, хүн чинь аливаа зүйлд дорхноо дасчихдаг юм байна. Жилийн өмнө маш хэцүү байсан зүйл одоо гаагүй байх жишээний. Ер нь, их бухимддаг.
-Зав зай хэр байдаг вэ?
-Завгүй, завгүй гээд байвал завгүй л байна. Завыг гаргахад бас учир байна. Өмнө бизнесийн салбарт болгоод байсан чинь яг өөр нөхцөл байдалд ороод ирэхээр олон зүйл орхигдоод яваад байдаг. Тэр бүхнийг одоо л мэдэрч байна. Тиймээс цаг, зав гаргах ёстой. Гэр бүлтэйгээ байх, өөртэйгөө ярих завыг гаргаж байх хэрэгтэй юм билээ.
-Хэр сайн аав бэ?
-Хангалттай сайн байж чадахгүй л байна. Ялангуяа сүүлийн хэдэн жил сайн аав байж чадаагүй. Энэ талаар гэр бүлийн зүгээс тодорхой санал, хүсэлт гарсаар л байна.
-Таны амьдралын хамгийн үнэтэй, үнэт зүйл юу вэ?
-Гэр бүл. Эцсийн эцэст хүнд хамгийн үнэт зүйл бол гэр бүл нь л гэж хэлнэ.
-Шүүмжлэлд хэр өртөж байна. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Дүүргийн Иргэдийн хурлын чуулган, хурал болон зөвлөгөөн, хамт олондоо байнга л шүүмжлүүлдэг. Зарим нь шүүмжлэх гэж шүүмжилнэ. Зарим нь бодитой шүүмжлэл хэлнэ. Тэр бүхнийг ялгаж, салгаж чимээгүй сонсох нь их чухал.
-Сонгинохайрхан бол хотын том дүүргийн нэг. Энэ ч утгаараа дүүргийн онцлог гэж байх шиг байна. Хэдэн хувь нь гэр хороололд амьдарч байна вэ?
-73 хувь нь.
-Сүүлд харах нь ээ, яндангүй гудамжийг бий болгосон байна билээ. Энэ хэр үр дүнтэй, өгөөжтэй ажил болж байна вэ?
-Ханын материалын эцсээс гэрээсээ 2002, 2003 оны үед гарахад утаатай байсан. Тэр үед агаарын бохирдлын талаар хэн ч ярьдаггүй байлаа. Тэгэхэд Баянхошуу, Ханын материал, Толгойтод утаатай л байсан. Магадгүй 2008, 2009 оноос өнөө утаа чинь хотын төв руу орж ирснээс хойш нийгмийн асуудал болж хувирсан гэж боддог. Энэ жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж, агаарын бохирдлыг 40-50 хувь буурууллаа. Энэ бол төгс шийдэл биш. Дараагийн алхам юу байх вэ гэдгийг ярилцах ёстой. Огт утаагүй л болох ёстой. Дараагийн алхам нь ямар байх вэ гэдэг тал дээр бид хэд, хэдэн зүйлийг хийж байна. Сонгинохайрхан дүүрэг дулаалгын чиглэлээр хэдэн гудамж бий болгосон. Харин газыг монголчууд их аюултай гэж боддог. Учир нь, хүн мэдэхгүй зүйлээсээ л айдаг. Гэтэл дэлхийн ихэнх улс газаар асуудлаа шийдсэн байдаг. Аюулгүй байж болж байна. Бүх аюулгүй ажиллагааг хангаж чадаж байна шүү дээ. Бид нэг гудамжийг сонгоод төсөл хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг гудамжны бүх айлыг газаар хангасан. Үнэхээр боломжийн юм билээ. Газ хэрэглээд ирэхээр хүний амьдралын хэвшил өөрчлөгддөг юм байна. Өглөө босоод гал түлдэг үйл явц байхгүй болж байгаа юм. Ханан зухаа нураагаад оронд шкаф тавьж байх жишээний. Эндээс харахад газ нэвтэрвэл маш олон асуудлыг шийдэх боломжтой болно.
-Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэг багагүй ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг асуудлыг хэрхэн шийдэв?
-Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх зорилт тавьсан. Өнгөрсөн 2016 онд Сонгинохайрхан дүүрэгт найман сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Энэ бол маш том асуудал байсан. Одоо нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэдэггүй. Үүнд Засгийн газраас боловсролын салбарт оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт үр нөлөө үзүүлсэн.
-Сүүлийн хэдэн жил орон нутгаас Улаанбаатарыг зорьж байгаа шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа нь харагддаг. Тэдний ихэнх нь танай дүүрэгт ирж байна. Сонгинохайрхан дүүрэг өдрөөс өдөрт л хаяагаа тэлж, томроод байна. Үүнтэй холбоотойгоор шинэ хороодыг нэмж байна уу?
-Яг үүнтэй холбоотой гэж хэлж болохгүй. Манайх 32 хороотой байсан. Одоо 43 хороотой болсон. Хэдийгээр шилжилт хөдөлгөөний хориглосон байхад хотын бичиг, баримтгүй ч гэсэн хөдөөгөөс ирж амьдрах боломж нь байгаа болохоор хүн амын тоо нэмэгддэг. Гэтэл энд ямар асуудал гарч байна гэхээр хамгийн наад зах нь Өрхийн эмнэлэг байна. Өрхийн эмнэлэг бол өрхтэйгөө хамгийн ойр ажиллах ёстой. Гэтэл жирэмсэн эмэгтэй өрхийн эмнэлэгтээ үзүүлэхийн тулд 2-3 км алдаж явна гэдэг бол хэцүү. Энэ хороо гэдэг зүйл чинь үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага юм. Гэтэл бүүр хол байрлачихаар үүргээ биелүүлж болохгүй байна. Тэр хүмүүст хорооны үйлчилгээг нь ойр болгохын тулд хороодын тоог нэмж байгаа юм. Манай дүүрэг 330 мянган иргэнтэй болоод байна.
-Өнгөрсөн 2019 онд Сонгинохайрхан дүүрэг дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарсан. Ер нь хэчнээн км зам барив?
-Нийт 24 км зам барьсан. Ихэнх нь гэр хороолол дунд барьсан зам. Хамгийн том нь Толгойтын эцэс хүртэлх замыг барьсан. Одоо тавьж байгаа зам бол дандаа айл, өрхийн гудамжинд чиглэсэн байна. Ирэх жилээс бүх сургууль, цэцэрлэгийг хатуу хучилттай авто замаар холбоно.
-Түрүүн хоёулаа агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний талаар хальт яриад өнгөрсөн. Сайжруулсан шахмал түлшийг борлуулдаг цэгүүдийн хүрэлцээ хэр байна вэ?
-Сонгинохайрхан дүүрэгт нийтдээ 137 цэг байгуулсан, ажиллаж байна. Хамгийн их цэг нь манай дүүрэгт байна. Гэхдээ сайжруулсан шахмал түлшээр иргэдийг хангах ажил нь анх удаа хийгдэж, туршиж байгаа ажил шүү дээ. Энэ ч утгаараа алдаа байхгүй биш байна. Хангамжийн тал дээр асуудал бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэхүү ажил үр дүнд хүрч байгаа гэж хэлнэ. Учир нь, иргэд үүнийг дэмжиж байна.
-Хүний хувь тавилан гэдэг зүйл бий. Хүн яаж явах, хэрхэн амьдрах нь юунаас шалтгаалдаг юм бол оо?
-Хувь тавиланг зурсан байдаг ч гэж ярьдаг. Яг ярих юм бол зөндөө л юм бий байх. Би түрүүн хэлсэн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. Тэр хүний л өөрийнх нь зүтгэл.
-Та хэзээ хамгийн аз жаргалтай байсан бэ?
-Хүүхэдтэй болсноо мэдэх үе хамгийн жаргалтай байсан.
-Тантай дүүргийн тань маш олон иргэн уулздаг байж таарна. Тэр хэрээр маш их хүсэлт тавина биз?
-Уг нь надтай уулзах шаардлагагүй асуудал байдаг. Надаас илүү асуудлыг шийдэх, мэдэх өөр хүн тэнд байгаад байна шүү дээ. Би ажил дээрээ хагас өдөр суухад 20 хүнтэй уулздаг. Түүнээс илүү хүнтэй уулзах цаг, боломж байдаггүй. Харин тойроод явахад хамаагүй олон хүнтэй уулздаг. Тэрний оронд бичиг, цаасны аргаар олон хүний асуудлыг шийдэх боломжтой байдаг. Энэ бүхнийг л тааруулж, тохируулах ёстой.
-Тэдгээр хүний дийлэнх нь ямар хүсэлт тавьж байх юм бэ?
-Үнэхээр арга мухардсан хүмүүс байдаг. Өвчин, зовлонтой холбоотой асуудал их байдаг. Өвчинд дарлуулсан, зовсон хүмүүс байна. Энэ үнэхээр хүнд асуудал. Тэр болгонд олигтой тусалж чаддаггүйдээ өөрийгөө чамладаг.
-Тэгвэл сайн, сайхан санаачилга дэвшүүлж, барьж орж ирдэг хүн хэр их байна вэ?
-Байдаг шүү. Энд мод тарих хэрэгтэй, тэр хэсгийг цэцэрлэгт хүрээлэн болгох ёстой гэх мэт. Сүүлийн үед иймэрхүү хүсэлт их орж ирдэг болсон. Тэр болгоныг нь боломжоороо л дэмждэг.
-Танд тааламжгүй хүн олон байдаг уу?
-Байхын хувьд байдаг. Гэхдээ олонх нь надад дургүй байвал надад асуудал байна гэсэн үг. Би 10 хүний долоотой нь хэрэлдээд байж болохгүй биз дээ. Хоёртой нь санал зөрж бол болно. Бүх хүнтэй нийлэмжтэй байх боломжгүй шүү дээ. Гэхдээ ажил дээр зөрчилдсөн зөрчлөөс хөгжил ирдэг. Бүх хамт олондоо найр тавиад л байвал хөгжил ирэхгүй.
-Өнгөрсөн онд танай дүүргийн гадаа жагсаал болсон. Таныг огцруулахаар жагссан. Энэ ямар учиртай жагсаал, цуглаан юм бэ?
-Дүүргийн АН-аас зохион байгуулсан жагсаал. Улс төрийн өнцөг талаасаа сонгууль дөхөж байсан, жагсах нь зөв. Гэхдээ албан ёсоор хүсэлт өгөөгүй, зөвшөөрөлгүй жагсаал байсан. Жагсаал хийснийг би буруутгаагүй, гол нь бичгээ өгчихсөн бол зөвшөөрөх байлаа. Шаардлагын хувьд надтай хамааралтай, хамааралгүй зүйл ч байсан. Ямар нэгэн байдлаар жагсах ёстой байсан болохоор л жагссан байх. Тэр нь олны дэмжлэг аваагүй.
-Таны хувьд тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?
-Тухайн хүн аль нь зөв, бурууг мэдэж байгаа хэр нь албаар муйхарлаж, хувийн эрх ашиг оруулж ирээд ажил руу дайрах маш хэцүү. Хоёрдугаарт, хийгээгүй зүйлийнхээ төлөө гүтгүүлэх хэцүү байдаг. Яах вэ, сүртэй биш ч гэсэн маш хэцүү.
-Та маш их уурлах үедээ яадаг вэ?
-Маш их уурлах үе байна. Гэхдээ чимээгүй, дуугүй болчихдог талтай.
-Таны хувьд амжилт гэж юу вэ. Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?
-Миний хувьд яг тэнд хүрэх ёстой, энд очих ёстой гэсэн зүйл байдаггүй. Зүгээр өдөр тутмын ажил болон тухайн жилийн өөрөө, өөртөө тавьсан жижиг зорилгууд байна. Тэндээ хүрэх нь магадгүй амжилт гэж хэлнэ. Гэхдээ зарим нэг хүний хувьд би тийм ч амжилттай биш харагдаж болно. Заримынх нь хувьд асар өндөр амжилттай яваа ч харагдаж магадгүй. Эцсийн эцэст амжилт гэдэг зүйлийг хүн өөрөө л үнэлж, цэгнэнэ. Хүн бүр өөрөө, өөрийнхөө ажил дээр өдөр тутам амжилт гаргаж л яваа байх.
-Сонгинохайрхан дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хэр байна вэ. Сүүлийн нэг сар ханиад их байна. Сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа шүү дээ?
-Дүүргийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 28 жилийн хугацаанд нэг ч эмнэлэг нэмж бариагүй. Тэгсэн хэр нь хүн ам нь хоёр дахин өссөн. Ингээд бодохоор ачаалал ямар байх нь ойлгомжтой. Гэхдээ бид удахгүй хоёр эмнэлэг хүлээж авах гэж байна. Ахин нэг эмнэлгээ ирэх жил хүлээн авах гэж байна. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хажууд нийслэлийн хэмжээний жишиг эмнэлгийг барьж байна. Одоо хоёрдугаар сарын эхээр ашиглалтад орно. Энэ бол тэс өөр менежменттэй эмнэлэг. Мөн нэгдүгээр хороололд байдаг 14 дүгээр төвийн өргөтгөлийг барьж байна. Энэ жилийн дундуур ашиглалтад орно. Энэ хоёр эмнэлэг ашиглалтад орсноор орны тоо, хэмжээ нэмэгдээд аятайхан болно.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Надад ямар нэгэн ажил хариуцуулж хийлгэвэл шаналж явж байгаад ч хамаагүй дуусгадаг. Хувийн болон төрийн байгууллагад байхдаа олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж байлаа. Зохион байгуулах зүйлийг хариуцаад хийвэл ямар нэгэн алдаагүй хийж чадна шүү.
-Танай дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд хамтарч ажил хийж байгаа нь харагддаг. Тэд дүүрэгтэйгээ хэр холбоотой ажилладаг юм бэ?
-Байнга хамтарч ажилладаг.
-Сонгогдсон тойрог гэдэг утгаараа юу?
-Дүүргээс сонгогдсон гишүүд дүүргээ гэсэн сэтгэлтэй байх нь их чухал. Парламентад төсөв, санхүү хэлэлцэж байхад тухайн гишүүний оролцоо их чухал, хэрэгтэй байдаг. Нөгөө талаараа дүүргийнх нь оролцоо бас чухал. Учир нь, байгаа нөхцөл байдлаа шийдвэр гаргах түвшнийхэнд сайн ойлгуулах, таниулах нь маш чухал. Ингэхийн тулд дүүргийнхээ болж, бүтэхгүй зүйлийг олон нийтэд олон удаа хүргэх тусам л асуудал шийдэгдэх нь илүү байдаг. Харин гишүүдийн хичээл, зүтгэл бол маш чухал. Сүүлийн дөрвөн жилд дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд сайн ажилласан гэж хэлнэ.
-Ирэх 2020 онд Сонгинохайрхан дүүрэгт хийж хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөөнд тавигдсан томоохон ямар ажлууд байна вэ?
-Эхлүүлээд явж байгаа ажлуудаа дуусгана. Сонгинохайрхан дүүргийн цэргийн байранд 28 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ дүүргийн байр бол дарга нарын суудаг газар биш. Иргэд тухтай үйлчлүүлэх ёстой юм. Бусад бүх дүүрэг гоё ордонтой. Энэ жил манайх байшингаа барьж эхэлсэн. Ажил нь ид явагдаж байна. Ирэх жилээс иргэдэд тухтай үйлчилгээг явуулж эхлэх нь. Бид хуучин байшиндаа л байна. Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүрэг Соёлын ордонгүй байна гэвэл яах вэ. Ирэх жил Соёлын ордонтой болно. Эхлүүлчихсэн сургууль, цэцэрлэгийн ажил байна. Хэд, хэдэн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бас байна.
-Хамгийн муу зам хаана байна вэ?
-Ер нь манай дүүрэг маш их авто замын түгжрэл, бөглөрөлтэй байна. Уг нь, Гэмтлийн эмнэлгээс Толгойт руу татсан замыг гоё, өргөн хийчих байсан. Тэр 4-5 тэрбум төгрөгийг өртөгтэй зам байсан юм. Гэтэл 2001 оноос хойш УИХ-ын гишүүд нэр дэвшихдээ тэр хавийн иргэдийн саналыг авахын тулд зам барих гэж байсан газарт иргэдийг буулгачихсан юм. Би 2014 онд судалж үзэхэд нийт 47 тэрбум төгрөг болсон. Одоо бол 100 тэрбум төгрөг шүү дээ. Энэ чинь улстөрчдөөс төрийн албанд нөлөөлж байгаа зүйл юм. Ийм л зүйлийг ахиж явуулмааргүй байна. Нийт улс, эх орны эрх ашгийг хохироож байна шүү дээ. Гэхдээ гэр хорооллын дундах авто замыг сайжруулна. Харин гудамж, сүлжээнд хийж байгаа ажил аюултай байна. Гэсэн ч тэр төв замын ачааллыг бууруулна.
-Та Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэж хэлсэн. Дүүрэг, нийслэл, улсын зүгээс хувийн хэвшилтэй хэр хамтарч ажиллаж байна вэ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэр хэрэгжиж байна вэ?
-Та бүхэн санаж байгаа бол 2012-2016 онд барилгажуулах гээд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад явчихсан. Тэрний хохирогчдын өргөдөл, гомдол үнэхээр тасрахгүй байна. Санаа нь зөв хэр нь тооцоо, судалгаа муу. Алс хэтийн зорилго зэргийг дутуу бодсоноос болж Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд олон иргэн хохирсон байна. Орон гэргүй болчихсон байна. Үүнийг судалгаатай хийхгүй бол болохгүй. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Таваншарын жижиг байшингийн газар нь үнэлэгдэхгүй байна.
-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Хүний итгэл алдах шиг хэцүү зүйл байхгүй. Түүний ард олон хүн сэвтэнэ. Ар гэр болон ажлын хамт олон гээд л. Үүнээс л айдаг даа.
-Авлига, хээл хахуулийн хэрэг байна. Үүнийг та хэрхэн хардаг вэ?
-Манайх АТГ-тай шүү дээ. Авлига төрд ороод ирэхээрээ л иргэдийг хохироож байна. Тиймээс данс, тооцоо нь шилэн байх нь зөв. Эцсийн арга нь энэ. Ингэж байж авлига багасна. Дээр нь соён гэгээрүүлэх нь чухал. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдийн хэргийг үнэн, зөв шийдэх ёстой.
-Бидний амьдарч байгаа нийгэмд өөрчлөх ёстой маш олон асуудал бий. Бид юунаас, хаанаас эхлэх ёстой вэ?
-Оролцоо гэж хэлнэ. Ядаж байшингийнхаа гадаа байгаа сул талбай болгонд мод тарих хэрэгтэй. Тэгвэл бусад нь нурааж зүрхэлдэггүй юм. Гадаа гараад нарлаад суух талбайгүй, түгжрэлтэй хот иргэнд ээлтэй гэж яриад хэрэггүй шүү дээ. Иргэдийн оролцоо өндөр л байх ёстой. Хэн нэгэн албан тушаалтан буруу шийдвэр гаргасан бол болиулж байх хэрэгтэй шүү дээ. Одоо боловсрол гээд л ярьж байна. Үүнийхээ төлөө яах ч ёстой юм. Наад зах нь 10 жилийн сургуульд номыг нь өгөхгүй байна шүү дээ. Ийм зохион байгуулалтгүй байж болохгүй биз дээ. Иймэрхүү зүйлийг л өөрчлөх хэрэгтэй. Энд иргэдийн оролцоо их чухал байгаа юм. Ингэж байж ойлголцоно.
-Сонгинохайрхан дүүрэг гаднын улс, орны байгууллагатай хэр хамтарч ажиллаж байна вэ?
-Яах вэ, харилцаатай байгууллага байдаг л юм. Гэхдээ эдийн засгийн тал дээр ач холбогдол гарахгүй байна. Соёл, боловсролын салбарт ахиц байна. Багш нараа сургаж болж байна. Хүүхдүүдээ сургаж болж байна. Харин эдийн засгийн агуулга талаас нь төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж байна. Жишээлбэл, номын санг нэг байгууллагатай хамтарч барих, нэг байгууллагатай хамтарч цэцэрлэгт хүрээлэн барих зэргээр хамтарч ажиллаж байна. Түүнээс жижиг, сажиг зүйлийг гуйх дэмий гэж боддог. Түүнээс зарим нэг гаднын байгууллага хувцас тараах зэргээр ярьдаг л даа. Бид өөр түвшинд хамтын ажиллагаа ярих ёстой.
-Таны ямар муу зуршил байдаг вэ?
-Өөрөө тэр хүнд муу санаагүй атлаа тоглоом, шоглоомоор шүүмжлэл хэлдэг. Тэр хүнд нь эмзэг тусдаг гэдгийг саяхан мэдсэн. Ийм зүйл зөндөө дайралдсан.
-Хүн энэ амьдралдаа үхэн үхтлээ л суралцах байх. Харин та одоо хамгийн их юунд суралцахыг хүсэж байна вэ?
-Сурахгүйгээр амьдрахгүй. Суралцахаа зогсоох л юм бол амьдрал зогсоно гэж байгаа юм. Хүн хүссэн, хүсээгүй юм юманд л суралцдаг. Би амьдралынхаа туршид ийм зүйлийг сурна даа гэхээс илүү өдөр тутмынхаа ажил, хамт олон, хийж байгаа үйлдлээсээ дандаа суралцаж, тэр нь тархинд кодлогдож явдаг. Яг насан туршдаа энийг сурна гэдэг зүйл алга. Амьдрал өөрөө л заачихдаг. Амьдралын зааж өгч байгаа болгоныг сураад л явж байна.
-Сонгинохайрхан дүүргийн иргэдийн ирээдүйн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Би бүх айлыг барилгажуулж, орон сууцжуулахаас илүү бүх айл халуун, дулаан шугамтай холбогдчихсон, дотроо нойлтой гоё байшинтай, гаднаа ногоон цэцэрлэгтэй хороолол олон бий болоосой гэж хүсэж байна. Ингэхийн тулд иргэд орлоготой л байх ёстой.
-Таныг өөрөө, өөрийнхөө хийж байгаа ажил дүн тавь гэвэл ямар дүн тавих вэ?
-Дажгүй шүү. Учир нь, энэ бол миний гэхээсээ илүү хамт олны маань ажил. Би дажгүй л гэж хэлнэ. Сайхан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )