УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.21/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийг шинэчилснээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгож комиссын гишүүнийг тав болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгохоор төсөлд тусгасан байна. Түүнчлэн хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын чиг үүргийг тодорхой болгох, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр тусгасан гэдгийг ажлын хэгсийн ахлагч Н.Оюундарь гишүүн тайлбарласан. Тэрбээр Бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг Комиссын дэргэд бий болгохоор тусгасан болохыг нэмж хэлсэн юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )