УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр ирц бүрдэхийг хүлээж буй УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан тайлбар илгээжээ.
Тэрбээр “ХБНГУ-д жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт, “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармагт оролцохоор энэ сарын 16-23 хүртэл ажлын айлчлалаар явсан. Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхийг мэдэж байсан учраас явахаасаа өмнө хуралдахыг дэд хорооны дарга гишүүдээс хүссэн ч хуралдаагүй. ХБНГУ-д зохион байгуулагдаж байгаа Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурлыг удирдах байсан тул томилолтоо хойшлуулах боломжгүй байсан. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдахдаа ирцэнд авахыг хүсч өөрийн саналаа нууцын зэрэглэлтэйгээр 2020 оны нэгдүгээр сарын 16-нд албан бичгээр хүргүүлсэн. Тиймээс миний ажлын айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье” гэжээ.
Дашрамд дурдахад, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 24-нд эх орондоо ирэх юм.
Сэтгэгдэл ( 0 )