АЙМГУУДАД ЗАСАГЛАЛ СУЛ БАЙНА
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2012 оноос хойш жил бүр аймгуудын өрсөлдөх чадварыг судалж ирсэн. Цаг үе, нийгмийн хөгжлөө даган аймгуудын өрсөлдөх чадвар жилээс жилд нэмэгдэж, дэд бүтцийн үзүүлэлтүүд тогтвортой өсч байгаа бол бусад үзүүлэлт аймаг бүрт харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал, аймгуудын засаглалын үр ашгийг судлахдаа төсөв, институцын тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоонд нь үндэслэн дүгнэлт гаргажээ. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Нийт хүн амын 46 хувь Улаанбаатар хотод амьдарч, суурин газрыг зорих шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаа. Ийм учраас орон нутгийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжилд аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа тодорхой хэмжээнд ач холбогдолтой. Улсын бодлогын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсвийн хөрөнгө оруулалт гэх мэт арга хэмжээг урт хугацааны судалгааны үр дүнгээр авч үзэх нь илүү тохиромжтой. Тухайн аймгийн эдийн засаг, бизнесийн орчин урт хугацаандаа ямар байхаас төсвийн үр дүн тодорхой гарна. Энэ жилийн төсвийг харахад харилцан адилгүй байна. Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 100 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бол Дундговь аймагт маш бага хэмжээтэй буюу нэг тэрбум төгрөгийн төсөв хуваарилагдсан байна. Ямар зарчмаар хуваарилагдсан нь тодорхой бус. Засаглалын үр ашгийн үзүүлэлтүүдээс гадна энэ жилийн өрсөлдөх чадварын тайланд “Эдийн засгийн салбарын хөгжил” бүлгийг аймаг бүрээр нь авч үзэж судалсан. Үүнээс харахад, Архангай аймгийн 51 хувийг хөдөө аж ахуйн салбар, 22 хувийг нь барилга, аж үйлдвэрийн салбар, 21 хувийг нь үйлчилгээний салбар бүрдүүлж байх жишээтэй. Эдгээр салбараа түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм гэсэн санааг судалгаанаас харж болно. Орхон аймагт гэхэд хөдөө аж ахуйн салбар ганцхан хувийг бүрдүүлж байхад аж үйлдвэр, барилгын салбар нь 88 хувийг эзэлдэг. Үйлчилгээний салбар нь 11 хувьтай байна” гэлээ. Энэ мэт аймгуудын өрсөлдөх чадварын талаар 176 шалгуур үзүүлэлт, дөрвөн бүлэг бүхий судалгаанаас тус аймагт ямар салбар нь хөгжиж байгаа, ямар салбар нь дутагдалтай байгааг ч харж болох юм. 2019 оны хувьд өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймаг 94-97 оноогоор тэргүүлэгч аймгийн араас удаалжээ. Энд Орхон аймгийн өрсөлдөх чадвар 100 оноогоор хоёр жил дараалан тэргүүлж байгааг онцолъё.
НАЙМАН АЙМАГТ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР САЙЖИРЧ, 12 АЙМАГТ БУУРЧЭЭ
Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй аймгуудад засаглал сайн, бизнес үр ашигтай, дэд бүтэц хөгжиж тэр хэрээрээр эдийн засгийн чадамж сайжирсан нийтлэг дүр зураг харагдаж байна. Тухайлбал, 2018 онтой харьцуулахад 2019 онд Дорноговь, Ховд, Дорнод аймгуудын өрсөлдөх чадвар сайжирчээ. Тус аймгуудын дэд бүтцийн салбар өсөн нэмэгджээ. Дорноговь аймагт худалдааны салбарын борлуулалт нэмэгдэж, чанаргүй зээлийн үлдэгдэл, гэмт хэрэг буурсан бол Ховд аймагт засаглал сайжирч, төсөв ил тод байгаа нь нөлөөлжээ. Өрсөлдөх чадвар хамгийн сул байгаа аймгаар Булган аймаг судлагджээ.Мөн Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгийн өрсөлдөх чадвар суларсан байна. Үүнд, тус аймгуудын засаглал, эдийн засаг, дэд бүтцийн салбарын аль аль нь тодорхой түвшинд нөлөөлжээ. Жишээлбэл, 2019 онд Баян-Өлгий аймагт аж үйлдвэрийн салбарын борлуулалт, шатахууны үнэ өссөн. Төр хувийн хэвшлийн холбоо муудсан. Тендер, авлига, хээл хахууль нэмэгдсэн байна. Төв аймагт дулаан, халаалтын үнэ нэмэгдэж, Сэлэнгэ аймагт барилгын ажил буурч, амьдралын чанар муудсан зэрэг голлох нөхцөл байдлууд өрсөлдөх чадвар буурахад нөлөөлжээ. 2019 онд 21 аймгаас найман аймаг нь өрсөлдөх чадвараа өмнөх жилээс сайжруулсан байна. Үүнд, Дорноговь, Архангай, Дорнод, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Ховд, Завхан аймгууд багтаж байна. Үлдсэн 12 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурсан. Дээрх үзүүлэлтүүдээс гадна аймгуудын өрсөлдөх чадварт ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, банкны зээл, зээлийн хүү нөлөөлдөг нь хэвээр байгааг судлаачид хэллээ. Орон нутагт ажил эрхлэлтийн түвшин өндөр байх тусмаа бизнесийн боломж илүү нээлттэй болж, гэр бүл салалт зэрэг нийгмийн асуудал нь эдийн засгийн орчинд нөлөөлж байгааг ч онцлов. Эдийн засагт нөлөөлж байгаа нийгмийн асуудлын хүрээнд аймгуудын агаарын бохирдлыг судалсан нь энэ жилийн өрсөлдөх чадварын тайлангийн бас нэгэн онцлог болжээ.
Өрсөлдөх чадвар сайжирсан аймгууд
Өрсөлдөх чадвар суларсан аймгууд
2018 онд
Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлсэн. Архангай, Говь-Алтай, Дундговь аймаг сүүлийн байрт орсон байна.
2019 онд
Орхон, Өмнөговь, Дорноговь аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлж, Булган, Архангай, Говь-Алтай аймаг сүүлийн гуравт оржээ.
Сэтгэгдэл ( 0 )