"Уран бүтээлч" буландаа ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгыг урьсан юм. Тэрбээр ирэх баасан гарагт "Монгол" нэртэй уран бүтээлийн дөрөв дэх тоглолтоо үзэгчдэдээ өргөн барих гэж байгаа юм. Түүнийг "Баянгол" ресторанд нэгэн хүндэтгэлийн тоглолтод оролцох гэж байхад нъ уулзсан юм.
-Тоглолтын бэлтгэл ажил гээд нэлээд сандруу явж байх шиг байна?
-Харин тийм ээ. Арай болоогүй байгаа хэрнээ зарим ажлаа амжуулж чадахгүй юм шиг санагдаад сандарч явна. Энэ удаагийн тоглолтоо "Монгол" гэж нэрлэсэн. Монгол хүн болж төрсөн юм чинь үндэснийхээ хэв маягийг харуулсан бүтээл сонсгохыг хүслээ. Сайхан хамт олонтой ажиллаж байгаа болохоор сайхан болох байх аа.
-Өмнөх тоглолтуудаасаа юугаараа онцлог болох бол?
-Үзэгчид нэрийг нь сонсоод л анзаарч байгаа байх. Би өмнөх тоглолтууддаа гадаадын сонгодог дуу дуулдаг байсан. Харин энэ удаа дандаа өөрийн улсынхаа хөгжмийн зохиолчдын бүтээсэн мэргэжлийн бүтээлээс өргөн барина. Үүгээрээ онцлог болно.
-Тоглолтод урилгаар уран бүтээлч оролцох уу?
-Би урилгаар хүн оролцуулахгүй гэсэн бодолтой байгаа. Яагаад гэхээр Ө.Уянгын тоглолт учраас би өөрөө л тоглолтоо эхлүүлж, өндөрлүүлнэ. Харин Д.Ширмэнтуяа эгч хамтарч дуулна.
-Хэн гэдэг нь мэдэгдэхгүй нэг эмэгтэй дуучин оролцох сураг байсан. Больсон юм уу?
-Оролцоно. Чи яаж мэдээ вэ. Нуугаад байхад л мэдэгдчих юм аа. Тэр уран бүтээлчийг би тоглолт хүртэл нууц хэвээр нь үлдээнэ. Энэ нэг сюрприз байх болно. Тэр хүн юу ч үзүүлж магадгүй.
-Та дөрөв дэх удаагаа тоглох гэж байгаа. Манай улсад сонгодог бүтээлийг үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?
-Сайхан хүлээж авдаг. Тэр тусмаа энэ жил сонгодог урлагийн жил болж байгаа юм биш үү (инээв). Саяхан "Аида", "Ламбугайн нулимс" дуурь тавигдлаа. Мөн балет ч тоглогдож байна. Эдгээр тоглолтын билет олдохгүй байна гэсэн сураг гарч байсан. Тэгэхээр сонгодог урлагийг үзэгчид сонирхдог нь мэдэгдэж байгаа биз дээ. Өмнө нь зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид сонгодог урлагийг үздэг байсан үе ард хоцорчээ.
-Сонгодог урлагийн хөгжил манай улсад ямар түвшинд байна вэ?
-Манай уран бүтээлчид сонгодог урлагийн төрлүүдээр хэрхэн мэргэшсэнээ улсдаа төдийгүй дэлхийн тайзан дээр харуулдаг болохоор би муу яваа гэж боддоггүй. Үүнд сонгодог урлагийн мэргэжилтэн бэлтгэж буй соёл урлагийн сургуулиуд маш их хувь нэмэр оруулж байна. Эдгээр сургуулийн багш нар ОХУ, Болгар, АНУ зэрэг сонгодог урлаг хөгжсөн оронд суралцаад өөрийнхөө гараас сайн уран бүтээлчдийг төрүүлж байна.
-Сүүлийн үеийн үйл явдлуудыг анзаарлаа. Дуурийн дуучид яагаад "Аида" дуурийг онцолж гоё гээд байгаа юм бол?
-Энэ дуурь манай дуучдын хоолойд нэн тохиромжтой. Түүнчлэн дэлхий даяар энэ дууриар тухайн улсын хөгжлийг тодорхойлдог гэж үздэг. Иймээс дэлхийн сонгодог урлагийн уран бүтээлчдээс манайхан нэг их хоцроогүйг энэ дуурьт тоглосноор харуулсан.
-Гадуур ийм яриа байдаг. Маш сайн дуучид театрын гадна байна. Театрт ажиллаж байгаа нь дундаж, тааруухан дуучид. Том, том бүтээлд чадан ядан дуулж байна гэсэн яриа байдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Манай уран бүтээлчид дэлхийн тайзнаа хүртэл гарч дэлхийн алдартнуудтай өрсөлддөг гэж дээр би хэлсэн шүү дээ. Түүнээс чадахгүй байж дуулах гэж оролдоод байгаа юм биш.
-Сонгодог урлагийг элитийн урлаг гэж үздэг. Манай үзэгчдийн хандлага ямархуу байдаг юм бол?
-Хамгийн түрүүнд элитийн урлаг гэж юуг хэлж байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Би бодохдоо нийгмийн амьдрал дорой байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалж урлаг ямар хэмжээнд яваа нь харагдана. Манай улсад саяхнаас л амьдрал гайгүй боллоо. Түүнчлэн хүмүүсийн боловсрол сайжирч байна. Хөрөнгө цуглуулсан хүн элит гаралтайд тооцогддог гэж зарим хүн боддог байх. Энэ бол маш буруу ойлголт. Хөрөнгөтэй ч, урлагийг мэдэрч чаддаггүй л байхгүй юу. Харин боловсролтой хүн урлагийг мэдэрдэг юм. Гэхдээ энэ миний бодол шүү. Одоо манай залуучууд сонгодог урлагийг сонирхох нь ихэсч байгаа. Иймээс залуучуудын маань, боловсрол дээшилж байгаа юм болов уу гэж боддог.
-Улсдаа сонгодог урлагийн хүрээнд та өөрийгөө ямар түвшинд явж байна гэж дүгнэдэг вэ?
-Би улсынхаа нэрийг гаргахын тулд олон орон дамжиж дуугаа хүргэхийг хүсдэг. Гэхдээ "бүтээл гэдэг чинь уран бүтээлчийг шалгаруулж байж л тэр их тайзнаа гаргах боломж олгодог. Хэрвээ би тэр боломжид хүрвэл өөрийгөө нэлээд дээгүүр түвшинд явна гэж бодох байх. Тэр хүртэл маш хол зам туулах болохоор хичээж байна. Тиймээс одоогоор өөрийгөө тийм түвшинд явна гэж хэлж мэдэхгүй байна. Дэлхийн тайз гэдэг чинь дэлхийн л тайз. Далай дотроос сувд шүүрэхтэй адил. Өнгөрсөн хугацаанд би хэд хэдэн орны тайзнаа гарч дуулахдаа муу үнэлгээ авч байгаагүй болохоор нэг их муу биш юм байна гэж бодох үе ч байдаг.
-Саяхан Санкт-Петербургээс ирсэн нэг профессор танд "Манай улсад ирж суралцаач" гэж санал тавьсан гэсэн. Та ямар хариулт өгөв?
-Тийм. Гэхдээ би эх орондоо хайртай болохоор нутагтаа байхыг илүүд үзсэн. Уг нь тэнд очоод суралцвал миний чадвар дээшилнэ, улсын маань нэр хүндэд ч хэрэгтэй байх л даа. Харамсалтай нь надад төлөвлөсөн ажил байгаа болохоор "Одоогоор чадахгүй нь ээ" гээд хэлчихсэн.
-Дараа нь явдаг байж гэж харамсах юм биш үү?
-Тэр үед надад бодох хугацаа өгсөн болохоор би зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Бидний Монголд юм юм хөгжиж байхад гадны орныг зорих шаардлага байхгүй шүү дээ.
-Таны байгуулсан "Гранд опера" төрийн бус байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Одоогоор хувийн уран бүтээлээ л хийж байна. Манай "Гранд опера" төрийн бус байгууллагын зорилго нь улсдаа болон дэлхийд сонгодог урлагийг сурталчлах.
-Ирээдүйн уран бүтээлчийг бэлтгэдэг гэж сонссон юм байна?
-Урлаг, спорт хоёр залуу хүний ажил болохоор залгамж халаа болсон залуучуудад зааварчилж ажиллаж байгаа. Ямар уралдаанд явах вэ, ямар уран бүтээл хийх вэ гэх мэтчилэн надаас зөвлөгөө авдаг хэдэн залуу бий.
-Таны ойрын зорилтоос сонирхвол?
-Зуныг амралтын байдалтай өнгөрөөнө, Энэ жил Хөвсгөл аймгийн 80 жилийн ой тохиож байгаа, Тиймээс нутагтаа байх болов уу. Харин ажил эхлэхээс сарын өмнө сургуулилалтад ордог болохоор наймдугаар сараас ажилдаа орно. Түүнээс цааш миний уран бүтээлийн ажил болон уралдаан эхэлнэ, Мөн сонгодог урлагийн цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Та Д.Банди багшийнхаа нэрэмжит дуурийн дуучдын уралдаан зохион байгуулдаг байх аа?
-Тийм. Би "Гранд опера" нэрийн дор жилд хоёроос гурван хэсэгтэй цогц ажил өрнүүлдэг юм. Энэ нь тэр цогц ажлын л нэг хэсэг.
-Таныг нийтийн дуу дуулах болов уу гэсэн үзэгчид байдаг юм билээ. Үүнд хариулт өгвөл?
-Миний хоолойд тохирсон дуу байвал дуулна. Гэхдээ цэвэр нийтийн дуу биш. Мэргэжлийн талдаа байвал бүр таатай хүлээн авна.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )