Францад хоногт 372 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Францад коронавирусний халдвараар 33 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1784 болоод байна. Хоногт 372 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Францад коронавирусний халдвар тархсанаас хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр нь өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр байжээ.

86 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Коронавирусний халдвараар нас барсан 33 хүний 23 нь 75-аас дээш насныхан байжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр /2020.03.10/ мэдэгдэл хийхдээ тус улс “цар тахлын эхэн үед” байна гэсэн юм. Тэрбээр францчуудад айж сандрахгүй байхыг уриалаад коронавирусний халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь биеийн байдал хэвийн байгааг хэлжээ.

Шинэ төрлийн коронавирусний халдвараар дэлхий дахинд 4000 гаруй хүн нас баржээ.

Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн франц иргэний тухайд биеийн байдал нь хүндэвтэр, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Тэрбээр 57 настай, хоёр хүүхдийн аав юм. О-Де-Франс мужид гэртээ очоод 10 хоноод ирсэн түүнийг Улаанбаатар руу ниссэн өглөө тус мужид 60 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байжээ.

Top