Францад “COVID-19” вирусний халдвар авсан хүний тоо 2281 болсон талаар “BFMTV” мэдээлжээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо өчигдрийнхөөс 10 гаруйгаар нэмэгдэж, 48 болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэдхэн цагийн өмнө шинэ төрлийн коронавирусний халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж зарласан юм.
Улс орнууд цар тахалтай тэмцэх арга хэмжээг авсаар байна. Хойд хөрш ОХУ энэ сарын 13-наас эхлэн Франц, Итали, Испани болон Герман улстай агаарын харилцаагаа зогсоох шийдвэр гаргажээ.
Францад энэ сарын 10-ны өдөр хоногт 372 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсад коронавирусний халдвар тархсанаас хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр гэж зарласан бол урьд шөнө 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. 100 орчим хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн 23 нь 75-аас дээш насныхан байгааг Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.