АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Европын улсуудын иргэдийг Америкт нэг сарын хугацаанд нэвтрүүлэхгүй” гэж ард түмэнд хандан, мэдэгдлээ. Зөвхөн Их Британийн иргэд л Америкт зорчих эрхтэй үлджээ.
Энэ хориг маргааш буюу гуравдугаар сарын 13-наас эхлэх юм. Сүүлийн үед АНУ-д коронавирусний халдвар эрчтэй тархаж байгаагаас гадна Европын холбоо энэ өвчний эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж Трамп шийдвэрээ тайлбарлажээ.
Доналд Трамп “Коронавирусний халдвар гармагц бид БНХАУ-аас ирсэн хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй арга хэмжээ авсан. Онцгой байдал зарлаж, иргэддээ энэ өвчин гарсан улс орнуудад аялахгүй байхыг уриалсан. Харин Европын холбоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, Хятад зэрэг халдвар гарсан улс орнуудад хориг тогтоогоогүй. Үүний улмаас Европоос ирсэн хүмүүс Америкт шинэ голомтууд бий болгосон” гэж хэлжээ.