КОВИД-19: Израиль терроризмын эсрэг технологи ашиглана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сүүлийн нэг хоногт дэлхий дахинд нийт 9.7 мянган коронавирусний халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний ний тоо 151924 хүрчээ. Одоогоор халдвар 135 оронд тархаад байна. Сүүлийн нэг хоногт халдварын улмаас 424 хүн нас барж, нас барсан хүний нийт тоо 2199-д хүрчээ. Эх газрын Хятад улсад сүүлийн нэг хоногт халдварын 20 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний нийт тоо 80844-д хүрч, нас барсан хүний тоо 3199, эдгэрсэн хүний тоо 65900 гарчээ. Дэлхийн хэмжээнд халдварын улмаас нийт 5795 өвчтөн нас барсан бол 75519 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Италид 21157 (нас барсан 1441), Иранд 12729 (нас барсан 611), БНСУ-д 8162 (нас барсан 75), Испанид 5753 (нас барсан 183), Франц улсад 4500 (нас барсан 91), Германд 3795 (нас барсан 8), АНУ-д 2206 (нас барсан 49), Швейцарт 1189 (нас барсан 11), Их Британид 1140 (нас барсан 21), Норвегид 1090 (нас барсан 3) тохиолдлууд тус тус бүртгэгдээд байна.

-Испанид цар тахалтай холбогдуулан хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьжээ. Хүнсний дэлгүүр болон эмийн сангаас бусад бүх дэлгүүрийг хаана гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдээлжээ. Тус улсад өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг 15 хоногийн турш тогтоохоор шийдвэрлэжээ.

-Израилийн Засгийн газар КОВИД-19 цар тахалтай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг хэрэгжилтийг хянах зорилгоор терроризмын эсрэг технологийг ашиглана гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ. Түүний хэлснээр, тоон хэрэгсэл ашиглан халдвар авсан хүмүүсийг илрүүлэх бөгөөд энэ технологийг терроризмтой тэмцэхэд өмнө нь хэрэглэдэг байжээ. Өөрөөр хэлбэл хорио цээрийн дэглэмийг зөрчигчийг ийм аргаар илрүүлнэ гэж тэрбээр тодруулсан байна. Хууль зүйн яам энэ шийдвэрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг боловсруулах үүрэг хүлээн ажиллаж байна.

-Цар тахлын эсрэг авч буй Засгийн газрын арга хэмжээг үл харгалзан тус улсад орон нутгийн сонгуулийн эхний үе шатыг зохион байгуулна гэж Францын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгджээ. Ингэхдээ сонгогчид бие биенээсээ тодорхой зай барих нөхцөлийг хатуу баримтлах ёстой гэнэ. 

-Их Британийн эрдэмтэд коронавирусний халдварын тархалтыг зогсоох хатуу арга хэмжээг шуурхай авахыг эрх баригчиддаа уриалжээ. Эс бөгөөс ойрын хэдэн долоо хоногт олон сая хүн халдвар авч болзошгүй гэж тэд анхааруулсан байна. Нээлттэй захидалд тус улсын 220 гаруй эрдэмтэн, эмч гарын үсэг зурж, өнгөрсөн бямба гарагийн орой Засгийн газартаа хүргүүлжээ. Европын бусад улс оронд сургууль, цэцэрлэгүүд хаалгаа барьж, хилээ хааж байхад Их Британид сургуулийг хаах, олон нийтийн арга хэмжээг хориглох шаардлагагүй гэж үзэж байна.

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Цагаан ордноос мэдээлжээ.

 

 

Top