Томууны эсрэг "Фавипиравир" эм коронавирусийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Томууны эсрэг "Фавипиравир" буюу “Авиган” эм шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогджээ.

БНХАУ-ын шинжлэх ухаан, техникийн яамны дэргэдэх Биотехнологийн төвийн тэргүүн Жан Шиньминий мэдэгдсэнээр, "Фавипиравир" эмийг эмнэл зүйн үүднээс шинжлэхэд коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй болохыг харуулжээ. Энэхүү эмийг хэрэглэсэн өвчтөнүүд илүү түргэн эдгэрч, тэдний уушги илүү хурдан сайжирч байсан гэж тэрбээр онцолжээ.

"Фавипиравир" эм нь аюулгүй болох нь тогтоогдож, 2014 онд Японы зах зээлд гарснаас хойш сөрөг үр дагавар ажиглагдаагүй гэж Жан Шиньминь онцолжээ. Түүний хэлснээр, Гуандун мужийн Шэньжэн хотын Ардын гуравдугаар эмнэлэг коронавирусний халдвар илэрсэн 801 өвчтөнийг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний 35 нь "Фавипиравир" эмийг хэрэглэсэн байна. Энэхүү эмийг уусан өвчтөнүүдийн шинжилгээ дөрвөн хоногийн дараа сөрөг дүнтэй гарсан бол бусад өвчтөнүүд дунджаар 11 хоногийн дараа эдгэрч эхэлжээ. Түүнчлэн, энэ эмийг хэрэглэсэн 35 өвчтөний уушгины байдал мэдэгдэхүйц сайжирсан аж. Гэтэл "Фавипиравир" эм хэрэглээгүй өвчтөнүүдийн 62 хувьд нь амьсгалын замын эрхтэн мэдэгдэхүйц сайжирсан шинж тэмдэг илэрчээ. Мөн энэ эмийг Уханийн их сургуулийн дэргэдэх Жуннанийн эмнэлэгт туршсан байна. Судалгаанд 120 өвчтөн хамрагдсан бөгөөд энэ эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн халуун богино хугацаанд буурч мөн ханиалга нь хөнгөрчээ. Тиймээс судлаачид "Фавипиравир" эмийг коронавирусний эсрэг хэрэглэхийг албан ёсоор зөвлөж, ойрын хугацаанд энэ эмийг коронавирусний халдварын эсрэг хэрэглэх эмийн жагсаалтад оруулахыг санал болгож байна.

"Фавипиравир" эмийг томууны эсрэг Японы “Fujifilm Holdings” корпорац гарган авчээ. Үүнээс өмнө энэ эмийг Эбола чичрэг өвчний эсрэг хэрэглэж байсан гэнэ. Өнгөрсөн сарын сүүлээр, Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като Япон улс “Фавипиравир" эмийг коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэхэд хэрэглэх болсон тухай мэдэгдэж байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top