АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр тус улсад коронавирусний 9345 тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ-д коронавирусний халдварын улмаас 150 хүн нас барсан бол 106 хүн эдгэрчээ.
Америкийн Конгрессын хоёр гишүүн коронавирусний халдвар авсан талаар өнөөдөр /2020.03.19/ мэдээлсэн юм.
Дэлхийн улс орнуудын улстөрчид болон урлаг соёл, спортын алдартнууд “Ковид-19”-өөр халдварласан тохиолдол олноор бүртгэгдэж байгаа билээ. Иранд л гэхэд хэд хэдэн улстөрч коронавирусний халдвараар нас барсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний хадварын дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарласан билээ. Тэрбээр халдварын тархалттай тэмцэхэд муж улсуудад туслах санхүүжилтийг ашиглах боломжтой гэж үзжээ. Мөн онц байдал зарласнаар коронавирусний эсрэг тэмцэхэд 50 хүртэлх тэрбум ам.доллар хуваарилхад тус дэм болно гэсэн байна. Доналд Трамп мөн Европын холбооны орнуудаас ирэх хүмүүсийг 30 хоногийн турш хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм.