КОВИД-19 I ОХУ-д өвчтөн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

ОХУ-ын нийслэл Москва хотын эмнэлэгт өнөөдөр /2020.03.19/ коронавирусний халдвартай эмэгтэй нас баржээ. Өвчлөлийн нөхцөл байдлын хяналтын төвөөс мэдээлснээр нас барсан эмэгтэй хэд хэдэн архаг өвчинтэй байсан бөгөөд уушгины хатгалгааны улмаас нас барсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байна.

79 настай эмэгтэйг энэ сарын 13-наас эмчилж эхэлсэн байжээ. Тэрээр 14-нөөс хувийн эмнэлэгт хэвтсэн ч хоёр хоногийн дараа Халдварт өвчин судлалын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн аж. Гэвч хоёрдугаар үеийн чихрийн шижин, даралт ихсэх өвчин зэрэг давхардсан хууч өвчинтэй байсан тул түүний амийг аврахад хүндрэл үүсгэжээ. 

Нас барсан эмэгтэйтэй харьцсан хүмүүсийг ажиглалтад авсан бөгөөд одоогоор тэдэнд ноцтой байдал үүсээгүй байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.

ОХУ-д өнөөдрийн /2020.03.19/ байдлаар коронавирусний халдварын 147 тохиолдол бүртгэгдэж, таван хүн эдгэрээд байгаа юм.

Тус улс 60-аас дээш насны хүмүүсийг олон нийтийн газраар огт явахгүй байж, халдварын эрсдэлийг бууруулахын тулд гэртээ байхыг зөвлөж байна. 

Top