Эрдэмтэд II бүлгийн цустай хүмүүс халдварт өртөмтгий болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

А буюу II бүлгийн цустай хүмүүс шинэ төрлийн коронавирусний халдварт өртөмтгий бөгөөд бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү халдвар авсан болохыг Хятадын эрдэмтэд тогтоожээ.

Хятадын South China Morning Post хэвлэлд мэдээлснээр, өвчтөнүүдийн цусны бүлэг КОВИД-19 коронавирусэнд өртөмтгий байдалтай холбоотой эсэх зорилтот судалгаа хийсэн байна. Тэд Ухань болно Шеньжений гурван эмнэлгээс коронавирусний халдвар авсан 2173 өвчтөнөөс шинжилгээний сорьц авснаас 206 сорьц нь халдварын улмаас нас барсан хүмүүсийнх байжээ.

Үүнээс өмнө судлаачид Ухань хотын эрүүл 3694 хүнээс хяналтын шинжилгээ авчээ. Тэдний 33.84 хувь нь О буюу I бүлгийн цустай, 32.16 хувь нь А буюу II бүлгийн цустай, 24.9 хувь нь В буюу III бүлгийн устай, 9.1 хувь нь АВ буюу IV бүлгийн цустай болохыг тогтоожээ. Халдварын улмаас нас барсан 206 хүнийг оролцуулан нийт халдвар авсан Шининьтао эмнэлгийн 1775 өвчтөнүүдийн 25.8 хувь нь I бүлгийн цустай, 37.75 хувь нь II бүлгийн цустай, 26.42 хувь нь III бүлгийн цустай, 10.03 хувь нь IV бүлгийн цустай байсан аж. .Мөн ижил дүнг бусад эмнэлгийн өвчтөнүүдээс авсан шинжилгээ харуулсан байна.

Судалгааны дүнд эрдэмтэд цусны бүлэг коронавирусний халдварт өртөмтгий байдалд тодорхой хэмжээн холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааг Бээжин, Ухань, Шанхай, Шеньжен хотын эрдэмтэд хамтран явуулжээ.

Top