АНУ-д амны хаалтгүй тохиолдолд банда алчуур зүүхийг эмнэлгийн ажилтнуудад зөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

АНУ-ын эрүүл мэндийн салбарын удирдлагууд хамгаалалтын амны хаалтын хомстолд ороод буй эмнэлгийн ажилтнуудад банда алчуур, ороолт зэргийг ашиглахыг зөвлөжээ.
АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс тус улсад шинэ төрлийн коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй холбооны, мужийн болон орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүргүүлсэн чиглэлд эл зөвлөмжийг өгсөн байна.

Амны хаалтгүй тохиолдолд эмнэлгийн ажилтнууд КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүдтэй харьцахдаа гар аргаар хийсэн амны хаалт, банда алчуур, ороолт зэргийг ашиглах эцсийн аргыг хэрэглэж болох юм гэж зөвлөмжид дурджээ. Гэхдээ гар аргаар хийсэн амны хаалт нь халдвараас сэргийлж чадах эсэх нь тогтоогдоогүй учир энэ аргыг хэрэглэхдээ сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс хувийн компаниуд амны хаалтын хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж буй тухай мэдэгджээ. “Honeywell”, “3M” компаниуд N95 хамгаалалтын амны хаалтын үйлдвэрлэлийн хэмжээгээ олон арван саяар нэмэгдүүлсэн гэж онцолжээ. Тухайлбал, “3М” компани амны хаалтын үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сард 35 сая болгож нэмэгдүүлсэн байна. Пенсийн хэлснээр, барилгын компаниуд амны хаалт, хамгаалалтын шил зэрэг хамгаалалтын хувцас, хэрэгслийн хомстолд ороод буй эмнэлгүүдэд үйлдвэрийн амны хаалт хандивлаж байгаа аж. Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад 10755 хүн коронавирусний халдвар авснаас 154 нь нас баржээ гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dash(68.226.67.57) 2020 оны 03 сарын 21

USA arai l denduu hynalt sulbna aa

0  |  0
Top