Европт коронавирусний халдвар эрчимтэй тархаж байна. Өвчний дэгдэлтийн гол цөм болсон Европын бүсэд нийт халдварын 77 хувь нь бүртгэгдэж, Испани, Герман, Итали, Францад тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгааг ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээлэлд дурдлаа.
ДЭМБ-ын бүс нутаг хариуцсан захирлууд, ЭСЯ болон дипломат албадын тэргүүнийг оролцуулсан цахим хурлыг зохион байгуулсан байна. Энэхүү хурлаар коронавирусний халдвар нь эв нэгдлийн шалгуур болж байгааг онцолжээ. Халдварыг амжилттай даван туулахад хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэсэн гэв.
Цар тахлын үед бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, эв нэгдэлтэй байх энэ өвчний ард гарах гарц юм гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолжээ.
Европ тивд 24 цагийн дотор 7000 гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол 13.3 хувиар нэмэгджээ. Италийн коронавирусний халдварын голомт болоод байгаа Хойд Ломбарди мужид нөхцөл байдал маш хүнд байгаа аж. Италийн Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ хорио цээрийн дэглэм хангалттай чанга байж чадахгүй байгаа учир хорио цээрийг чангатгах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байна. Тэрбээр мөн Италид хүнс, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрээс бусад бүх үйлдвэрийг хаахаа мэдэгджээ.
Турк улсад ч мөн халдвар эрчимтэй тархаж, илрүүлэг, оношилгооны ажил эрчимтэй явагдаж байгаа юм. Улс орнууд нислэгээ цуцалж байна. Тухайлбал, Нидерланд улс Испаниас өөрийн иргэдээ татаж авахаас өөрөөр онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна.
Их Британид халдварын тоо хоногт 1000 гаруйгаар нэмэгджээ. Коронавирусний халдвараар өвчилж буй хүмүүс нь 41-64 насны, архаг өвчинтэй болон өндөр настан, хорт хавдраар өвчилсөн болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд байгаа аж.