-Халдварын тоогоор Хятад, Итали, АНУ эхний гуравт бичигдлээ-
Европт коронавирусний халдвар эрчимтэй тархаж байна. Өвчний дэгдэлтийн гол цөм болсон Европын бүсэд өчигдрийн байдлаар нийт халдварын 77 хувь нь бүртгэгдэж, Испани, Герман, Итали, Францад тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгааг ЭМЯ-ны өчигдрийн мэдээлэлд дурдлаа. ДЭМБ-ын бүс нутаг хариуцсан захирлууд, ЭСЯ болон дипломат албадын тэргүүнийг оролцуулсан цахим хурлыг зохион байгуулсан байна. Энэхүү хурлаар коронавирусний халдвар нь эв нэгдлийн шалгуур болж байгааг онцолжээ. Халдварыг амжилттай даван туулахад хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэсэн гэв. Цар тахлын үед бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, эв нэгдэлтэй байх нь энэ өвчний ард гарах гарц юм гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолжээ.
Европ тивд 24 цагийн дотор 7000 гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол 13.3 хувиар нэмэгджээ. Италийн коронавирусний халдварын голомт болоод байгаа Хойд Ломбарди мужид нөхцөл байдал маш хүнд байгаа аж. Италийн Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ хорио цээрийн дэглэм хангалттай чанга байж чадахгүй байгаа учир хорио цээрийг чангатгах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байна. Тэрбээр мөн Италид хүнс, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрээс бусад бүх үйлдвэрийг хаахаа мэдэгджээ. Турк улсад ч мөн халдвар эрчимтэй тархаж, илрүүлэг, оношилгооны ажил эрчимтэй явагдаж байгаа юм. Улс орнууд нислэгээ цуцалж байна. Тухайлбал, Нидерланд улс Испаниас өөрийн иргэдээ татаж авахаас өөрөөр онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Их Британид халдварын тоо хоногт 1000 гаруйгаар нэмэгджээ.
Коронавирусний халдвараар өвчилж буй хүмүүс нь 41-64 насны, архаг өвчинтэй болон өндөр настан, хорт хавдраар өвчилсөн болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд байгаа аж.
АНУ ХАЛДВАРЫН ТООГООР ГУРАВТ ОРЖ ИРЭВ
АНУ “COVID-19”-ийн халдварын тоогоороо Хятад болон Итали улсын дараа гуравдугаарт орж иржээ. Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улсад коронавирусний халдварын тоо 25493 болж нэмэгдсэн байна. Нас барсан хүний тоо 307 болжээ. Америкийн Нью-Йорк мужид л гэхэд хоногт 3254 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. АНУ-д эмнэлгийн ажилтнууд амны хаалтын хомсдолд ороод байгаа юм. Иймээс эмнэлгийн ажилтнуудад банда алчуур, ороолт зэргийг ашиглахыг зөвлөжээ. Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мөн гар аргаар хийсэн амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн ч ийм амны хаалт нь вирусний халдвараас сэргийлж чадах эсэх нь тогтоогдоогүйг хэлжээ.
АНУ-д коронавирусний халдварын улмаас гэр бүлээрээ нас барах эмгэнэлт тохиолдол олноор бүртгэгдэх болсон. Нью Жерси мужид л гэхэд 73 настай Грейс Фаско гэгч эмэгтэй гурван хүүхдийн хамтаар нэг долоо хоногийн дотор корнавирусний халдвараар нас барсан байна. “The Mirror” сонинд мэдээлснээр, талийгаач Грейс Фаско 11 хүүхэд, 27 ач, зээтэй байжээ. Өнгөрсөн долоо хоногт түүний охин, хүү хоёр 55 насандаа нас барсан бол Грейс Фаско хожим мөн мөнх бусыг үзүүлжээ. Түүний биеийн байдал хүнд байсан бөгөөд хүүхдүүдээ нас барсныг мэдээгүй өнгөрсөн байна. Өнгөрсөн пүрэв гарагт түүний гурав дахь хүүхэд мөн халдварын улмаас нас барсан байна. Тус гэр бүлийн бусад гишүүд тусгаарлагдаад байгаа бөгөөд шинжилгээний хариу хүлээж байгаа аж.
Сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 263 мянган хүн коронавирусний халдвар авснаас 11 гаруй нь нас барж, 88 мянга гаруй өвчтөн эдгэрчээ.
ОХУ ВИРУС СУДЛААЧДАА ИТАЛИ РУУ ИЛГЭЭНЭ
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь тусламж илгээх агаарын хүчний багийг бүрдүүлэх тушаал гаргажээ. Оросын цэрэг-сансрын хүчний онгоцнууд Италид ОХУ-ын цэргийн вирус судлаач, эмч, мэргэжилтнүүдийн хэд хэдэн багийг болон эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Италийн Ерөнхий сайд Жузеппе Контед тус улс “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд нь туслах санал тавьсан билээ.
Италид өчигдрийн байдлаар 42 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, хоногт 4800 шинэ тохиолдол илэрчээ. Италийн Батлан хамгаалахын сайд Лоренцо Гуэрини Оросоос мэргэжилтнүүд болон техник хэрэгсэлтэй тусламжийн онгоцнуудыг хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр ОХУ-д хандан “COVID-19”-тэй тэмцэхэд тусалсанд нь талархал илэрхийлжээ. Италийн тал энэ сарын 22-ноос эхлэн ОХУ-ын онгоцнуудыг хүлээж авах юм байна.
9000 ХҮН МӨРГӨЛ ҮЙЛДЭЖ, 100 НЬ ХАЛДВАР АВЧЭЭ
Коронавирустэй холбоотойгоор дэлхийн 124 оронд хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. 10 оронд сургуулийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаасан гэж ДЭМБ-ын ажилтан мэдээллээ.
Индонезид халдварын тоо 200 гаруй байсан ч өнгөрсөн пүрэв гарагт 9000 хүн цугласан мөргөл болсны дараа нэмэгдсэн байна. Тухайн арга хэмжээнд цугласан хүмүүсийн дотроос халдварын 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ.
ХАЛДВАР АВСНЫ ДАРАА ЯАДАГ ВЭ
АНУ-ын Охайо мужийн оршин суугч Эми Дрисколл шинэ төрлийн коронавирусний халдвар авсны дараах эхний хэдэн цагт биед нь ямар өөрчлөлт гарсан тухай хуваалцжээ. Түүний хэлснээр, өвчний шинж тэмдэг ажил дээр байхад нь илэрч эхэлсэн гэнэ. Эмэгтэйн цээж орчим өвдөж, бие нь чичирч, халуурч эхэлсэн байна. Түүнчлэн хүчтэй хуурай ханиаж эхэлжээ. Сүүлд нь Дрисколл зүрх нь хүчтэй цохилж, гүнзгий амьсгал авахад нь цээж орчим хүчтэй өвдөж байсан тухай өгүүлжээ. “Миний цээжийг хавчдаг багажаар хавчиж байгаа юм шиг санагдаж байсан. Хэзээ ч ийм хүчтэй өвдөлт мэдэрч байгаагүй” гэж Дрисколл ярьжээ. Халдвар авснаас хойш долоо хоногийн дараа халуурч, чичрэх, ханиах шинж тэмдэг нь арилсан ч толгой өвдөж, бие нь сульдаж байсан гэж тэрбээр ярьжээ.
ХАЛДВАР АВСАН ХОТЫН ЗАХИРАГЧИД ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
Колумбын Ерөнхий прокурорын газар тус улсын Попаян хотын захирагч Хуан Лопесын эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тэрбээр гадаад ус оронд зорчсоноо нуун, Колумбын Ерөнхийлөгч Иван Дукетэй уулзсан бөгөөд хожим нь коронавирусний халдвар авсан болох нь батлагдсан байна.
Прокурорын газар өдгөө Хуан Карлос Лопес хорио цээрийн дэглэмийг зөрчсөн эсэх, сүүлийн 14 хоногт гаднын улс оронд зорчсон тухай мэдээллийг нуун дарагдуулсан эсэхийг шалгаж байгаа аж. Колумбын Ерөнхийлөгчийн тамгын газар энэ сарын 14-нд Ерөнхийлөгч Иван Дуке хотын захирагч нарыг хүлээн авч уулзах үеэр Хуан Карлос Лопес халуурч байгаа эсэх, гаднын улс оронд зорчсон эсэх, халдвар авсан хүнтэй харьцсан эсэх асуултад сөрөг хариулт өгсөн тухай мэдээлсэн байна. Гэтэл тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Мадрид хотоор дамжин Морокко улсад зорчиж байжээ.
Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке шинжилгээ өгсөн бөгөөд уулзалтад оролцсон хотын захирагч нар бүгд шинжилгээнд хамрагдах болжээ.