Гараа тогтмол угаалаа ч нүүрэндээ үргэлж гараараа хүрээд байвал гар дахин бохирдох магадлалтай. Энэ нь ханиад томуугаар өвчлөх, цаашлаад шинэ коронавирусний халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл учир бээлий өмсөх эсвэл гараа нүүрэндээ хүргэхгүй байхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Шинэ коронавирус нь бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн нэгэн адилаар хүнээс хүнд дамжин халдварладаг. Өөрөөр хэлбэл ханиаж найтааж байгаа хүнтэй ойрхон байх, вирусээр халдварлагдсан гадаргууд хүрэх, бохирдсон гараараа нүд, ам зэрэг гаднын нян амархан орох хэсгүүдэд хүрснээр халдвар авна гэсэн үг. Ханиаж найтааж байгаа хүнээс хол байж өөрийгөө хамгаалах боломжтой ч вирустэй гадаргууг бид ялгаж чадахгүй шүү дээ.
Эрдэмтдийн 2008 онд хийгдсэн судалгаагаар оффисын 10 ажилтанд гурван цагийн турш ажиглалт хийхэд тэд дунджаар 16 удаа нүүрэндээ хүрч байсан байна. Мөн 2015 онд Австралийн нэгэн их сургуулийн анагаахын ангийн 26 оюутанд хөндлөнгийн ажиглалт хийж, тэд цаг тутамд 26 удаа нүүрэндээ хүрч буйг тогтоожээ. Хүний нүүрний талаас илүү хувь нь тодруулбал ам, хамар, нүд зэргээр дамжин биед бактери орох өндөр эрсдэл дагуулдаг. Үүнийг сайтар мэддэг эмнэлгийн ажилтнууд хүртэл хоёр цаг тутамд дунджаар 19 удаа нүүрэндээ өөрийн мэдэлгүй гараа хүргэдэг байна. Завгүй ажиллах үедээ хүмүүс хөлөө сэгсрэх, биеэрээ ганхах зэрэг хөдөлгөөн хийдэг бол хурал уулзалт, утсаар ярих, төвлөрөх гэж оролдох, эргэцүүлж бодох үедээ нүүрэндээ хүрэх зуршил их байдаг аж.
Хамгийн чухал нь гараа угаах
Коронавирусний тархалт дэлхий даяар нэмэгдэж байгаа өнөө үед эрүүл мэндийн байгууллагууд ард иргэдийг доод тал нь 20 секундийн турш гараа угааж байхыг зөвлөх болсон. Гэхдээ нүүрэндээ гараа хүргэхгүй байснаар л энэ арга бүрэн утгаараа тусаа өгөх юм. АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төвийн мэдээлж байгаагаар дараах 5 алхмаар гараа угаавал өндөр үр дүнтэй аж.
Норгох, Хөөсрүүлэх, Үрэх, Зайлах, Хатаах.
"Northwestern Medicine Huntley" эмнэлгийн сэтгэл судлаач Закари Сикора коронавирусний дэгдэлтийн энэ үед нүүрэндээ гараа хүргэх зуршлаас хэрхэн ангижрах тухай зааварчилгаа гаргажээ. Тэрбээр "Гараа нүүрэндээ хүргэж болохгүй гэдгийг цаг ямагт санаж бай. Цаасан дээр бичээд нүдэнд ил харагдах хэсгүүдэд наа. Ингэснээр гараа нүүрнээсээ хол байлгах ёстойг санах болно. Бас гараа тогтмол завгүй байлга. Зурагт үзэж байгаа бол угаасан хувцсаа индүүдэх, и-мэйл хаягаа шалгах эсвэл гартаа ямар нэг зүйл барьж суу. Үүнээс гадна анхилам эсвэл хурц үнэртэй гарын тос, гар ариутгагч гартаа түрхэж энэ үнэрээр гараа хаана байгааг анзаарснаар өөрийн мэдэлгүй нүүрэндээ хүргэхээ болино. Мөн гадуур гарахдаа үргэлж бээлийгээ өмсөж байх нь бохир гадаргууд хүрэх эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал алхам юм” гэж зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
сурсан занг сураар боож болохгүйээ