SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ

2020 оны 04 сарын 06

Хүссэн зүйлээ хүссэн цагтаа сурах, мэддэг чаддагаа бусдад зааж орлого олох боломж Монголчуудад нээгдлээ. Энэ боломжийг www.skillup.mn танд олгож байна.

Дурын хувь хүн, байгууллага онлайн сургалтаа байршуулан нийтэд хүргэх, нөгөө талаас дурын хүн тухайн сургалтыг нь худалдаж авч сурч хөгжих боломжийг олгож дундын “гүүр” болох www.skillup.mn системийг Скиллап Консалтинг ХХК, Эдүтэк Солюшн ХХК хоёр хамтран нэвтрүүлжээ.

Дижиталжсан эрэн үед мэдлэг эзэмших, ур чадвараа хөгжүүлэх гэдэг зүйл орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй болсон. Онлайн сургалт бүтээгч, нийлүүлэгч бүр өөр өөрийн захиалгаар IT-ийн систем хөгжүүлэх, цаашид найдвартай авч явах зэрэгт ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа шаардах ажил юм. Нөгөө талаас хүмүүст сурахыг хүссэн зүйлээ эх хэлээрээ онлайнаас олж авна гэдэг чухал ажил байдаг. Ийм төрлийн олон оролцогч талын хэрэгцээг хангасан дундын үйлчилгээг дэлхийд платформ бизнес гэдэг.

Энэхүү www.skillup.mn төслийг удирдагч, зөвлөх Б.Энхтуяагийн зүгээс платформыг танилцуулахдаа “Аливаа хувь хүн, ажилтан ур чадвараа нэмэгдүүлж, мэддэг чаддаг зүйл ихтэй байх тусмаа үнэ цэнэ нь нэмэгддэг. Монгол залуустаа болон мэдлэг, туршлагаа бусдад өгөх сэтгэлтэй хувь хүн, байгууллага бүрд тулгардаг асуудлыг шийдсэн систем нэвтрүүлж байгаадаа таатай байна. Энэ бол эхлэл. Хамгийн гол нь бид бүх хувь хүн, байгууллагатай нээлттэй хамтран ажиллах боломжтой дундын систем юм.” хэмээлээ.

Платформын IT системийн хөгжүүлэлт, цаашдын хөгжил болон найдвартай ажиллагааг хариуцан ажиллах Эдүтэк Солюшн ХХК-ны Гүйцэтгэх захирал Э.Отгонбатын зүгээс “Платформ бизнесийн үйлчилгээг санал болгож байна гэдэг бол хамгийн гол нь олон талыг хооронд нь уулзуулж, тэдний хэрэгцээг хангаж дунд нь найдвартай ажиллагаа, цаашдын байнгын хөгжил, төлбөр тооцоог найдвартай хийх ажлыг бид хариуцаж байна гэсэн үг. Иймээс бид бүх хамтрагчид, харилцагчдынхаа итгэлийг алдахгүй хичээн ажиллана гэдгээ амлаж байна” гэж илэрхийллээ.

Тус www.skillup.mn платформ нь хүссэн хүнд онлайн сургалтыг хүргэх боломжтойгоос гадна дараахь хэд хэдэн бизнесийг дэмжиж буй юм. Үүнд:

  • Сургалтын байгууллага, их дээд сургуулиуд онлайн сургалтаа байршуулаад, өөрийн суралцагчдаа бүртгэн оруулах, сургалтыг хэзээ үзэхийг тохируулах, төлбөр тооцоог онлайнаар хийх, суралцагчдаа сургалтыг үзсэн эсэхийг хянахын зэрэгцээ шалгалт авч сертификат олгох ажлыг онлайнаар хийх боломжтой;
  • Байгууллага, компаниуд өөрийн ажилтнууд болон дотоод сургагч багш нараа платформд бүртгэж, дотоод сургагч багш нарынхаа бэлтгэсэн сургалтыг байршуулж, улмаар уг сургалтуудыг хэн хэзээ үзэхийг тохируулах, сургалтыг үзэж дуусгасан эсэхийг хянах, шалгалт авч сертификат олгох боломжтой;
  • Хувь хүний хувьд мэддэг чаддагаа бусдад онлайнаар зааж өгч орлого олох, төлбөр тооцоо, IT системийн асуудал, маркетингд санаа зовохгүй байж болох юм байна.

SKILLUP онлайн сургалтын платформынхоо нээлтэд зориулж төслийн баг өөрсдийн мэдлэг, туршлагаа шингээсэн сургалтуудыг бэлтгэж оруулаад байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нийгмийн хариуцлага хэмээн уг сургалтуудыг үнэ төлбөргүй үзэх боломжтойгоор байршуулаад байна.

За ингээд www.skillup.mn -д тавтай морил. Хамтран ажиллах хүсэлтийг mail@skillup.mn д хандах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top