ЧУУЛГАН: Зүрх, судас, чихрийн шижингийн эсрэг эмийн дутагдалд орсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

УИХ-ын өнөөдрийн /2020.04.10/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цар тахал гэгдээд буй шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын шийдвэр, ажлын талаар гишүүдэд мэдээлэл өгч байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Эмийн хангамж тасалдсан гэх мэдээлэл ирж байна. Ялангуяа ахмад настнуудад олгодог хөнгөлөлтэй эмийн хангамж хэр байна вэ. Мөн гадаадад сурч байгаа оюутнууд маш хүнд байдалтай байна. Тэнд байгаа, ирж чадахгүй байгаа оюутнуудын нөхцөл байдал онцгой хүндэрч байна. Тэдэнд ямар арга хэмжээ, ажил зохион байгуулахаар төлөвлөж байна" гэх асуултыг тавилаа.   

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга "Амьсгалын аппарат улсын хэмжээнд 160 ширхэг хэрэгтэй гэдэг тооцоо гарсан. Засгийн газрын нөөцөөс шийдсэн хөрөнгөөс 40 ширхэг амьсгалын аппарат авч, орон нутагт тараагаад байна. Зайлшүй шаардлагатай зүрх судасны эм, хүүхдийн тусламжийн эм, чихрийн шижингийн эм, хангамж дутагдалд орсон гэх судалгаа бий. Хавдрын эмийн асуудлыг маш яаралтайгаар шийдсэн. Шаардлагатай эмийг гаднаас авч байна. Ер нь дэлхий нийтэд эмийн хомсдол үүсч байгаа гэсэн судалгаа байдаг" гэсэн бол Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Гадаадад  байгаа оюутнууд үнэхээр хүнд байгаа нь үнэн. Яах вэ, бид татаж аваад л байна. Миний тооцоогоор 1000 орчим оюутан байгаа байх. Тэднийг татаж авах ажлаа үргэлжлүүлж хийнэ. Засгийн газраас нэмэлт ажлыг зохион байгуулна" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.23.203) 2020 оны 04 сарын 11

Бүх төрлийн өвчнөөс амин дэм сэргийлдэг

0  |  0
Top