Трамп ДЭМБ-д санхүүжилт олгохоо зогсоолоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Вашингтон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-д санхүүжилт олгохоо зогсоосон" тухай мэдэгджээ.

Трамп ДЭМБ шинэ төрлийн коронавирусний дэгдэлтийн талаар цаг тухайд нь мэдээлэл өгөөгүй, дэлхий дахинд цар тахлын талаар үнэнийг мэдээлээгүй гэж буруутгажээ.

ДЭМБ өөрийн үндсэн үүргийг биелүүлээгүй тул хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр онцолсон байна.

ДЭМБ 2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварлах боломжтой гэсэн үнэмшил төрүүлсэн Уханийн мэдээллийг шуурхай шалгаагүй гэж Цагаан ордны тэргүүн буруутгажээ. Трампын үзэж буйгаар, ДЭМБ-ын идэвхгүй байдлаас болж цаг хугацаа алдсан. Нөхцөл байдалд үнэлгээ хийлгэх зорилгоор ДЭМБ Хятад руу өөрсдийн мэргэжилтнүүдээ цаг тухайд нь илгээсэн бол коронавирус цар тахлын хэмжээнд хүрэхээс сэргийлж, олон хүний амийг аварч, эдийн засгийн хохирлоос сэргийлэх боломжтой байсан гэж АНУ-ын төрийн тэргүүн үзэж байна.

"АНУ болон дэлхий дахин ДЭМБ шуурхай, баттай мэдээлэл, чухал зөвлөмж өгч, эрүүл мэндийг хамгаалах талаар оновчтой шийдвэр гаргадаг гэдэгт итгэсээр ирсэн. Энэ байгууллагад итгэх боломжгүй болсон нөхцөл байдалд АНУ эрүүл мэндийн салбарт тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бусад улс оронтой хамтран ажиллахаас өөр сонголт үлдсэнгүй" гэж тэрбээр онцолжээ. "ДЭМБ өөрчлөлт шинэчлэл хийж чадах эсэхийг АНУ ажиглах болно" гэж мөн тэмдэглэв. 

Энэ мэдэгдэлтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш Трампын шийдвэрийг буруутгасан байна.

Өнөөдөр ДЭМБ төдийгүй вирусний эсрэг тэмцэж буй аливаа хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд олгодог санхүүжилтийг танах цаг нь биш гэж Антониу Гуттериш мэдэгдээд, Олон улсын хамтын нийгэмлэг цар тахлыг зогсоох, түүний асар их үр дагаврыг арилгахын тулд хамтран ажиллах ёстой гэдгийг онцолжээ.

Үүнээс өмнө Доналд Трамп ДЭМБ санхүүжилтийн асар их хувийг АНУ-аас авдаг атал Хятад улсад хэт их анхаарал хандуулж байна гэж нэг бус удаа шүүмжилж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top