Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор хуульч Ринзааны Булгамаа оролцсоныг хүргэж байна
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа, танд бас энэ өдрийн мэнд хүргэе.
-Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Рийзааны Булгамаа гэдэг. Би хуульч мэргэжилтэй, айлын ууган охин. Бас айлын ганц охин, доороо хоёр дүүтэй. Аав маань Увс аймгийн Хяргас сумын харьяат, хууль шүүхийн байгууллагад насаараа ажилласан гавьяат хуульч хүн. Ээж маань эх баригч эмч, анагаах ухааны салбарт насаараа ажиллаж олон зуун хүүхдийг эх барьж авсан ачтай буянтай хүн байсан. Би аавынхаа мэргэжлийг өвлөж хуульч болсон. Хууль зүйн ухааны магистр, бизнесийн ухааны магистр, төрийн удирдлагын магистр. Одоо боловсролын салбарт хууль зүйн ухааны доктор хамгаалахаар суралцаад аспирантураа төгсөөд, эрдмийн ажлаа бичиж байна. Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд хөдөө орон нутгаас шилжиж ирснээс хойш 20 гаруй жил байна.
-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг. Таны хэлэх дуртай үг юу вэ?
-Ер нь “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг их ойрхон бууж байна. Гэхдээ миний өвөөгийн хэлдэг байсан үг амьдралд их ойрхон, сайхан үг гэж бодогддог. “Буян буянаа дагадаг будаг өнгөө дагадаг” гэж үг. Хүнд хийсэн, тус болсон буян чинь буцаад бороо болон ирнэ гэж намайг тавхан настай байхад өвөө маань хэлдэг байлаа.
-Та багадаа их мундаг бүжиглэдэг байсан юм билээ.
-Хүүхэд байхдаа, дараа нь оюутан байхдаа ч бүжиглэдэг байлаа. Мянгад, баяд, үелзүүр бүжгийг гол төлөв бүжиглэнэ. Үелзүүр бүжгээрээ хүүхдийн яргуй наадам, Хүүхдийн урлагийн наадамд түрүүлж хоёр ч удаа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд үнэ төлбөргүй амарч байлаа. Аав маань Булган аймагт ажиллаж байгаад намайг есдүгээр ангид байхад буцаад Увс аймагтаа очиж ажилласан. Тэр үед одоогийн нийтийн дууны том одууд болох С.Жавхлан, Л.Болдбаатар гээд олон дуучинтай нэг тайзнаа гарч түүх бүтээж явлаа. Тэд маань дуугаа дуулж, би гоцлол бүжиг бүжиглэнэ. Увс аймгийн 70 жилийн ойн урлагийн тоглолтод би гоцлол бүжгүүдээ бүжиглэж байсан. Түүний маань сайхан бичлэг одоо үлдсэн байдаг. Манай найзууд одоо хэлдэг юм, "Булгаа чи бүжгээрээ явсан бол Соёлын тэргүүн хавьцаа байгаа шүү" гэж шоолдог. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хүүхдийн сонирхолыг бүхий л талаар нь дэмжих хэрэгтэй.
-Та ямар мэргэжилтэй болъё гэж бодож байсан бэ?
-Ахлах ангид ороод л аавынхаа мэргэжлийг өвлөх нь зүйтэй гэж үзэж, тэгж боддог болсон.
-Мэргэжлээ сонгоход аав тань их үүрэг гүйцэтгэсэн байх?
-Шүүхийн алба гэдэг бол маш хүнд алба шүү дээ. Гэтэл аав маань намайг дуурайгаад шүүгч бол гэж олон хэлсэн. Ер нь аавын маань ажиллаж байсан аймгуудын эргэн тойрны хүмүүс зарчим ч, шударга шүүгч гээд их ам сайтай байдаг. Намайг ахлах ангид байхад аймгийнхаа шүүхийн дарга хийж, намайг оюутан болоход Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд ажилласан.
-Та хэр их стрессдэж байна?
-Би нэг зарчим баримталдаг. Уур бухимдалаа бусдад наахгүй гэж. Өмгөөлөгчийн ажил хийгээд явж байхдаа хоёр хэрэг дээр их бухимдаж, гүн орж байсан. Ялангуяа “Очир” төвд амиа алдсан 13-хан настай охины хэрэг. Ээж, аав нь ирээд л зүүдэнд орлоо гэх мэтээр сэтгэлээ уудлаж ярина. Тэгээд л өөрийн эрхгүй дагаж шаналж, байнга бодогдож, зарим шөнө бүр унтаж чадахгүй болж байсан. Би өөрөө бусдад гэрэл түгээгч, итгэл найдвар өгөгч, өөрөө хүчтэй байх ёстой. Тийм ч учраас нэг их юманд нугараад байдаггүй. Энэ бол ээжээс минь өгсөн хүмүүжил, төлөвшил. Миний ээж гурван хүүхдээ жинхэнэ мяндсан ухаанаар хүмүүжүүлсэн. Аливаа зүйлд нухацтай, ухаалаг хандахыг сургасан.
-Таны өмгөөлж байгаа хэргүүд голдуу насандаа хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөөд байна уу, эсвэл нийгэм нээлттэй болчихоод тэгж байна уу?
-Энэ төрлийн гэмт хэрэг дээр голчлон ажиллаж байгаа эмэгтэй хүний хувьд энэ асуудлыг дэлгэрэнгүй ярихаас эмзэглэдэг. Алаг нүдээрээ дүүрэн нулимстай аврал эрээд ирж байгаа ээж, охидуудыг харах үнэхээр хэцүү байдаг. Хүүхэд хамгааллын талаар ажил хийдэг хүмүүсийг цахимаар хайж найзын хүсэлт илгээгээд “Хүүхдийн хүчирхийлэл”-ийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе гээд уриалж байна. Зөвхөн төрийн байгууллага, цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил гээд хараад суугаад байж болохгүй юм байна. Аливаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход бүх нийтийн оролцоо чухал юм байна. “Хайр өвтгөдөггүй” аяныг зөвхөн цагдаагийн байгууллага явуулаад өндөр үр дүнд хүрэхгүй. Харин энэ аяныг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хүүхдийн төлөө ажилладаг 150 гаруй төрийн бус байгууллагууд, нийгэмд нөлөөлөх чадвартай иргэдтэйгээ хамтраад, нийгмийн эмзэг байдалд байгаа хүүхдүүдэд анхаарал хандуулаад, гэр бүлийн хүчирхийлэл үүсээд байгаа гэр бүл дээр нь очиж ажиллавал энэ асуудал шийдэгдэнэ. Даанч бид нар одоог болтол хамтарч ажиллаж чадахгүй байна. Тийм болохоор энэ гэмт хэргийн эсрэг нийгмийн дуу хоолойг бий болгоё гэж байгаа юм. Долоо хоног бүр бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тухай мэдээлэл гарч байна. Даанч хэсэгхэн хугацаанд шуугиад мартаж байна. Дунджаар аваад үзэхэд 250-260 орчим цэцэг цэврүү шиг охид бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа бий. Гол төлөв ураг төрлийн хүмүүс нь тэднийг хүчирхийлдэг. 250 гэдэг тоо нийт охидын тоотой харьцуулахад бага юм шиг зарим нэгэнд нь санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол асар их хор аюултай. 250 цэцэг гундаж, гандаж үлдэж байна шүү дээ. Амьдралд итгэх итгэлээ алддаг, ойр хавийнханаасаа ичдэг, мөнхийн айдастай амьдардаг. Яг л тэр байдлаа өмгөөлөгчтэйгөө хуваалцдаг. Магадгүй эмэгтэй болохоор тэд надад илүү итгэж ярьдаг байх. Өнгөрсөн долоо хоногт хүчирхийлэлд өртсөн охин ээждээ хэлж чадахгүй байна, тантай илэн далангүй ярилцмаар байна гэж байх жишээтэй. Заримдаа тэдний орон зайд нэвтэрхэд маш хэцүү байдаг.
-Өөр онцолмоор, бусдад сэрэмж болгож ярьмаар ямар хэрэг байдаг вэ?
-Оюутолгой гээд мундаг компани бий. Гэхдээ бий шударга л хэлье. Гурван хүүхэдтэй эмэгтэй ажлаа тараад хурууныхаа хээг уншуулахаар ирэхэд тэр өрөөнд нь нэг гэмт хэрэгтэн хүчирхийлсэн. Ажлын байрны аюулгүй байдал хаана байгаа юм бэ? Нэг хэсэг энэ талаарх мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс арчуулсан шүү дээ. Бид үнэхээр хүчин мөхөстсөн. Ганц зурагтаар ярилцлага өгсөн. Даанч орой нь гараагүй. Байдал амьдрал дээрээ ийм л байна. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг байдал чинь л хүний эрхийн ноцтой зөрчил шүү дээ. Тэр бүсгүйтэй нэвтэрэлцэхэд надад үнэхээр амаргүй байсан. Хань ижлийнхээ өмнө, гурван хүүхдийнхээ өмнө би юу гэж хэлэх вэ эгч ээ, та надтай цуг энэ бүхний ард гарах уу, би ялах уу гэдэг байсан. Энэ хэрэг жил гаруй явсаар байгаад шийдвэрлэгдсэн. Хэнтийд болсон хэргийн хохирогч нь тухайн орон нутагт амьдрах хэцүү болсон. Тиймээс энд шилжиж ирээд өөрийнхөө туслахаар гурван сар гаруй ажиллуулсан. Саяханаас өөрийнхөө мэргэжлийн ажилдаа орчихоод явж байна. Энэ бол ажилгүй иргэдийн тоо нийгэмд их болсон, архидалт хавтгайрсан нь гэмт хэрэг гарах уул уурхайг бий болгоод байна. Хоёрдугаарт нь бид энэ талын гэмт хэргийг мэдээллэхдээ болгоомжтой, цензуртай байх ёстой. Хуулийн байгууллагууд шүүхээр гэм буруутай эсэх нь бүрэн тогтоогүй байхад хэвлэлийн хурал хийж өөрсдөө дүгнэлт хийдэгээ болих хэрэгтэй. Мэдээллийг өгөхдөө нухацтай, хянуур ханддаггүй. Тухайлбал 13 настай охины хэрэг дээр л гэхэд зочид буудлыг ажиллуулж байсан хүн нь ч тэр, анх энэ хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч нь ч тэр хамгийн анх нийгэмд буруу ташаа ойлголтыг өгсөн. Бид энэ тал дээр ёс зүйн хариуцлага тооцуулсан. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хүүхэд хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Бүх сэтгүүлчиддээ 15 зүйл бүхий зөвлөмж хүргүүлсэн. Гэмт хэргийн тухай мэдээлж болно. Гэхдээ хохирсон охид, бүсгүйчүүд, иргэдийн эрхийг хамгаалаач, нэр хүнд, ирээдүйг нь хүндэтгээч ээ. Гэмт хэргийг түрүүлж мэдээлдэг, дэлгэрэнгүй бичдэг байдлаа болих хэрэгтэй байна. Ингэж дур зоргоороо, мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн байдлаар мэдээлэл бэлтгэх нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хүүхэд, хүмүүст ч биш сайн сайхан орчинд өсч, бойжиж байгаа хүүхдүүдийн ч оюун тархинд сөргөөр нөлөөлнө. Бас дээрээс нь гэр бүлээ айдаст автуулж, цэцэг цэврүү шиг охидын амьдралыг булааж байгаа эрчүүд өөрсдөдөө нэг дүгнэлт хийж, бодох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийг зохицуулсан хууль уг нь бий л дээ. Архи уусан нөхөр нь агсам тавьж, айлгаж ичээгээд байгаа учир хөрш нь дуудлага өгдөг. Гэтэл хуулийн зохицуулалт нь 7-30 хоног баривчлах байдаг. Гэтэл ингэж баривчлагдаж ирээд хэзээ ч эхнэр хүүхдээ энхрийлэн хайрлахгүй. Хуульч хүний хувьд хариуцлага хүлээлгэдэг байдал нь болохгүй байна гэж үздэг.
-Тэгвэл ямар гарц байна вэ?
-Сануулах арга хэмжээ авдаг, алдаагаа ухамсарлах боломж олгодог, гэр бүлийн боловсрол, биенийгээ хүндэтгэх сургалтад хамруулах хэрэгтэй. Соён гэгээрүүлэхгүй болохоор хүмүүсийн чинь үйлдэл улам л харгис болоод байна шүү дээ.
-Хуульч хүнтэй ярьж байгаагийнх асуухад “Хонгил” гээд л яриад байдаг. Энэ үнэхээр байна уу?
-Үүнийг хэн тодорхойлж, батлах вэ гэхээр түүгээр ороод хохирсон, эрх нь зөрчсөн хүмүүс. Нөгөө талаараа хонгилыг бий болгогчид их тодоор ярих байх. Хонгил гэдэг зүйлд итгэдэггүй байсан юм. Гэсэн чинь бодит амьдрал дээр байгаа ч юм шиг санагдах боллоо. Тухайлбал өнгөрсөн оны тавдугаар сарын 30-ны өдөр Өргөө амаржих газар 37 настай эмэгтэй дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж очоод хийсвэр хагалгаа хийлгэхээ хүлээж долоо хоноод амь насаа алдсан. Тэр эмэгтэй өвчин, эсхүл ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж амь насаа алдаагүй. Орой нь зүв зүгээр нөхрөөсөө эргэлт аваад “Одоо надад шингэн хийх гэж байна. Өглөө сайхан сүүтэй цай авъя” гэж хэлээд орсон эмэгтэй нөхрийн утас шөнө гурван цагт дуугарч эхнэрийн чинь биеийн байдал муу байна гэсэн байгаа юм. Бүүр нэг гавьяат мундаг эмчийн нэр хэлээд тэр эмч тэргүүтэй 25 эмч тэмцэж байна гэж хэлсэн байдаг. Нөхөр нь 15 минутын дотор очтол юун сэхээн амьдруулах тасагт байх биш нөгөө л нэг өрөөндөө хажуудаа дүүрэн цустай хөвөндөө амьсгал хураачихсан байсан. Гэтэл жилийн нүүр үзэх гэж байтал шүүх рүү ч шилжээгүй байна. Одоо ЭМЯ хамтарсан багийн дүгнэлт гаргах юм гэнэ лээ. Хамтарсан багийг бүрдүүлэх гэж гурван сарын нүүр үзэж байна. Миний энэ үйлчлүүлэгчийн амь насыг хөнөөчихөөд тэд тус амаржих газрын даргыг томилох гэж бүхэл бүтэн зургаан сар болсон. Эрүүл мэндийг яам чинь яасан хүнд сурталтай газар вэ. Би нэг зүйлд гомдолтой байгаа нь Эмчилгээ эрхэлсэн дарга нь Өргөө амаржих газрынхаа дарга болсон. Уг нь Эмчилгээ эрхэлсэн дарга гэдэг чинь энгийн хүнд ч ойлгомжтой, хүүхдээ төрүүлэх гээд очсон эмэгтэй хэзээ хийсвэрт орох вэ гэдгийг шийдэж баталгаажуулах ёстой хүн шүү дээ. Гэтэл яаж дээгүүр доогуур явж байгаад дарга болж чадаж байна вэ. Яагаад ар гэрийнхэнээс нь нэг удаа уучлалт гуйж чадахгүй байгаа юм бэ. Энэ бол татварын мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын хариуцлагагүй, сэтгэлгүйн амьд жишээ. Иймэрхүү байдлаар бид иргэдээ тарчлаан зовоомооргүй байна. Нөгөө гэр бүл, үр хүүхдэд төр энэрэнгүй байж, хамгаалалтад байлгана гэсэн хаана байна вэ? Нийслэлийн эрүүл мэндийн газар тэр Өргөө амаржих газрыг хариуцдаг юм билээ. Төмөрбаатар даргатай уулзах гэж хэд хэд очсон. Уулзаж чадалгүй, дэд дарга Зэндмаа гэдэг хүнтэй уулзсан. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад бид анхаарал хандуулахгүй гэдэг байдлаар хандаж байна лээ. Энэ хэрэг хонгилоор орчихлоо л гэж хэлмээр байна.
-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?
-Миний хамгийн үнэт зүйл гэр бүл, эцэг эх, эх орон минь.
-Таны хамгийн аз жаргалтай байсан мөч?
-Аз жаргал гэдэг чинь сэтгэлийн амар амгалан шүү дээ. Одоо бодоход би хамгийн анх ажилд ороод анхны цалингаараа аав ээждээ бэлэг авч өгч байсан үе санагдаж байна. Бас Монгол Улсын хууль зүйн салбарын шилдэг оюутнаар шалгарч байсан маань ч хамгийн их аз жаргалтай байсан. Тэр өргөмжлөл наян мянган төгрөгөө бариад л шууд захирал дээрээ очиж байлаа. Тэр жилээ миний сургалтын төлбөрийг зуун хувь чөлөөлсөн. Энэ маань аав ээжийнхээ амьдралд бодитойгоор нэмэр тус болсон хамгийн анхны тохиолдол. Яагаад гэхээр хоёр төрийн албан хаагч хоёр хүүхдийн сургалтын төлбөр төлнө гэдэг манайд чамгүй хүнд даваа байсан.
-Та маш олон ажлыг давхар хийдэг. Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?
-Амжилт гэдэг бол амжуулах гэдэг үгнээс улбаатай байх гэж боддог. Ер нь хийж байгаа ажлууд маань эргээд харахад нийгмийн төлөө л чиглэсэн байдаг. Боловсрол, хуулийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа дандаа олонтойгоо ажиллаж иржээ. Төгссөн сургуульдаа багшаар үлдээд дараа нь 2001 онд Их засаг сургуульд багшаар орж байлаа. Боловсролын салбарт ажиллаж, олж авсан мэдлэг боловсрол, хамт олон маань өнөөдрийн Булгамааг бий болгосон. Харин сүүлийн жилүүдэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах хууль, өмгөөллийн ажлыг дагнан хийж байна. Цаашлаад энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох тал дээр юу хийх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Боловсролын байгууллагад ажилласан он жилүүд маань намайг аливаа зүйлд бодитой, тооцоо бүртгэлтэй байх, шинжилгээ, судалгааны үндсэн дээр асуудалд хандах зэрэг дадал, чадваруудыг суулгаж өгсөн. Одоо бол зөвхөн эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө биш нийгмийн төлөө нийтлэг эрх ашгийг нь хамгаалах ажил дээр төвлөрч ажиллаж байна. Тийм ч учраас жүжигчин Б.Навчаатайгаа хамтраад “Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах нийгэмлэг” гэж байгуулсан. Үүнийхээ дагуу олон ажлуудыг хийсний нэг нь Хэнтий аймагт амь насаа алдсан эмэгтэйн хэрэг дээр ажилласан. 450 мянган төгрөг өгөөд хэрэг нь хаагдчих шатан дээр хоёр жил явсан хэрэг дээр ажиллаад гэм буруутай этгээдэд чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял хүлээлгэсэн. Энэ мэтчилэн хар муу хэргүүд битгий гараасай гэсэндээ нийгэм нь нөлөөллийн чиглэлээр юу хийж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Төлөвлөлт гэдэг бол амжилтын үндэс.
-Өнөөгийн улс төрд та ямар дүн тавих вэ?
-Би бодохдоо улс төр гэдэг бол төр улсынхаа төлөөх сэтгэл, ухаан гэж боддог. Гэтэл ард түмэн өнөөдөр өнөөгийн улс төрд итгэл алдарч байна. Уг нь эртний Грекийн их сэтгэгч Аристотель “Хүн бүр улс төрийн амьтан” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь тогоонд нь байгаа хэдэн нөхдийн хийдэг ажил нь улс төр биш, иргэн бүр түүнд оролцох боломжтой. Тиймээс иргэдийгээ өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаасай гэж хүсдэг.
-Таны хамгийн их ичсэн тохиолдол?
-Булган аймгийн сургуулийн гуравдугаар ангийн сурагч байсан үе. Багш маань өнөөдөр гадаад үг орсон өгүүлбэр зохионо гэсэн. Хамгийн түрүүнд оновчтой зохиосон хүүхдэд онц тавина гэсэн. Харин би “Орон бүрт капитлизм мандтугай” гэж бичсэн юм. Тэгсэн чинь багш гайхаж байснаа “Булгамаа маш буруу өгүүлбэр зохиосон” гэхэд хүүхдүүд нирхийтэл инээлдэж билээ. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр хүн ер нь мэдэхгүй юмаа мэддэг юм шиг дуугарч огт болохгүй.
-Хамгийн сайн хийж чаддаг зүйл тань юу вэ?
-Хувь хүнийхээ хувьд гэрийнхээ ажлыг их чамбай хийдэг. Хоолыг аз жаргал болгож хийдэг. Нөгөө талаар бусдыг уриалах, манлайлах, шинээр санаачилж ажил хэрэг болгохдоо нилээд адтай.
-Та маш их уурлахаараа яах уу?
-Дуугаа хураадаг.
-Та юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна?
-Хүн ер нь насан туршдаа суралцаж байх хэрэгтэй. Насан туршийн боловсрол бол хүн сайн сайхан явахад, зөв түүхийг бүтээхэд маш чухал зүйл. Харин яг одоогоор бол хийл хөгжим тоглож сурахыг хүсч байгаа.
-Таны бахархал юу вэ?
-Би шууд хэлэхэд удам угсаагаараа бахархдаг. Жамбын Батмөнх гуай бол манай аавын ганц нагац нь байсан.
-Таны аав бол мундаг шүүгч байсан. Тэгэхээр шүүж байсан хэргүүдээс нь олны мэдэх ямар хэрэг байдаг бол?
-Манай аав онц ноцтой гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн байдаг. Гэр бүлийн долоон хүний амь насыг хохироож, галдан шатаасан хэргийг шийдвэрлэж байсан. Төрийн өмч хөрөнгийг шамшигдуулсан томоохон бүлэглэлийн хэргийг мөн шийдэж байлаа. Хонгорын цианитнатрийн хэргийг ч шийдэж байлаа. Шүүх хурал долоон хоног үргэлжилэхэд аав маань гэртээ ирэлгүй шүүх хурлыг хийж байсан. Аав маань зарчимч, шударга байснаар хүн бурууддаггүй, хуульч хүн хуудуутай зүйлд холбогдож болохгүй гэж хэлдэг. Би энэ алтан зарчмыг нь үргэлжлүүлнэ гэж боддог.
-Олон нийтийн дунд шүүгч нарын нэр хүнд тааруу байгаа. Үүн дээр таны бодол?
-"Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэж үгтэй. Авлига хээл хахуульд холбогддог, асуудалд бодитой ханддаггүй зарим шүүгчдээс болж ажилдаа үнэнч, зарчимч олон шүүгчийн нэр хүнд унаж байна.
-Та хүн болж төрөөгүй бол ямар амьтан болж төрөх байсан бол?
-Ёстой бодож байгаагүй юм байна. Би моринд их хайртай, морь л болох байсан байх. Морины зураг, сувинер цуглуулах дуртай.
-Хүүхдийн уран бүтээлийг их дэмждэг харагддаг.
-“Нандин нас” гээд 14 ангит уран сайхны киног өнгөрсөн зун хийгээд дууссан. Энэхүү кинонд хуулийн зөвлөх, продюссерийн түвшинд ажилласан. Энэ кино бол өсвөр насныхны үерхэл нөхөрлөлөөс гадна тэдэнд тулгамдаж байгаа нийгмийн асуудлуудын талаар хөндөж гаргасан нийгмийн ач холбогдолтой уран бүтээл болсон. Хүүхдийн ертөнц үргэлж ариун сайхан байх ёстой. Хүүхдийн төлөө гэсэн хичээл зүтгэл маш чухал. Тэр дундаа эцэг эх, томчууд бид үр хүүхдээ хайхраагүйгээс болж хүүдүүд гэмт хэргийн золиос болох, сэтгэл санаагаар хохирох, хичээл сурлагадаа мууддаг. Тиймээс бид бүхэн “онц сур” гэхээсээ илүүтэй тэднийгээ сонсож, хайрлаж, тулгамдсан асуудлыг нь шийдэж байх хэрэгтэй байна.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 7 )
Мал шиг тэнэг хүмүүс Ардчилсан намд ийм хүн элсэх гэж гэнэ, өөрөө тэнэг
Булгамаа хуульчийг эртнээс мэднэ ээ. Эсрэг тал ч болж хуралд орж байсан Илүү дутуу үг үйлдэл гаргаад байдаггүй суурьтай сүрхий эмэгтэй. Эмэгтэй хүн сэлгэлээсээ ажлаа хийнэ гэдэг чинь чухал чанар шүү дээ.
Химийн тариа хийх тухай ярьж байхаар ард түмэнд соён гэгээрүүлэх ухааруулах урьдчилан сэргийлэх талаар ярьж явсан нь дээр зөв хуульч хүн чанартай сэтгэлтэй хүн хэлмэгдүүлдэггүй хуульч байгаасай гэж найдья даа
Ih hurald oroh geed bga chin tiim shudarga ynen mun yy? zygeer l yndsen ajlaa sain hiigeed yavahaar yadgiin er ni?>/?? uuruu bol abs l neg showchin hyyhen haragddag shyy, 1.2 duuliantai hergiig umguuluud olon tymend ih yzegdeed ireheer shuud mundag bolood ih hurald ner devshih geed bdag, hymyys yarij bsan l daa naad hyyhen chin harj bgaarai 20 ond ih hurald ner devshih geed ingeed yavaad bga yum geed, tegehd ni za ygyi bailgyi de mundag l bna shdee yzej taraad umguuluud yavaad bna gej hariulj bsan, ynendee bol tednii zuv bna, zygeer l ajlaa sain hiigeed salbartaa uurchlult ene tere hii l de
хуульч нар УИХ-д заавал байх хэрэгтэй дээ тэгэхгүй бол хуулийн талаар нэг ч үг мэдэхгүй улсууд яаж хууль батлах вэ тиймээс нам хамаагүй Булгамааг дэмжинэ
Худлаа бүгдээрээ нэг их мундаг ёс зүйтэй сүрхий хүмүүс. АН-д олигтой хүн ордогүй л пм да
Худлаа бүгдээрээ нэг их мундаг ёс зүйтэй сүрхий хүмүүс. АН-д олигтой хүн ордогүй л пм да