Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг Монголын Хуульчдын холбоотой хамтран боловсруулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг нь “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т мөн тодорхой асуудлуудыг тусгасан.
Тиймээс шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх” шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон тэдгээрийн үзэл баримтлал, нэгтгэсэн танилцуулгыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )