УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2020.04.24/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 10 хуулийн төсөл, тогтоолын төслийг хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун горимын санал хэллээ. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт манай байнгын хорооноос оруулсан асуудлыг хэлэлцэхээр байсан. Үүнд, есөн газрын тусгай хамгаалалтад авах, "Ноён" уулын тусгай хэрэгцээнд авах шийдвэр байсан. Үүнийг хэлэлцэх асуудлаас хассан байна. Хэлэлцэх саналыг оруулж байна" гэв. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр үдээс хойшх хуралдаанаар ноолуурын талаарх мэдээллийг сонсоно. Зайлшгүй, яаралтай нэг хэлэлцэх асуудал бол Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт юм. Энэ долоо хоногийн асуудалд яаралтай шийдэх зүйлсийн жагсаалт орж ирсэн" хэмээн ярилаа. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудлаар санал хураалгах хүсэлт байна. Байнгын хороонд асуудал байхгүй, Ажлын хэсгийн хурал болсон. Энэ асуудлыг хэлэлцэж өгнө үү" гэсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар "Горимын санал хураалтыг явуулж болно" гэх хариултыг өглөө. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах эсэх тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. 

-ӨНӨӨДРИЙН ЧУУЛГАНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭНЭ- 

1. Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

2. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

3.Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

4.“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

5.“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

6.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

7.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан/;

8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

9.Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

10.Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлт;

11.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top