Өнгөрөгч 2019 онд зам гүүрийн чиглэлд олон бүтээн байгуулалтын ажил эхэлж, цаг хугацаа, улирлын байдлаас үүдэн түр завсарлаад байсан. Харин урин цаг эхэлж, зам гүүрийн ажил эрчимтэй эхлээд байгааг орон нутгаас бидэнд мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ч орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж, нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, анхаарч байгаа учраас ажил урагштай байгааг дуулгасан. Томоохон бүтээн байгуулалт гэвэл Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам, хэл ам дагуулсан Улаанбаатар-Дарханы автозам гээд олон бүтээн байгуулалтыг дурдаж болох ч бүгд л тодорхой хэмжээнд ажил нь явж байгаа аж. Эдгээр зам, гүүрийн ажлын талаар дор дурдаж байна
Даланжаргалан-Бор-Өндөрийн зам
Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 километр хатуу хучилттай авто замын ажлыг 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар зам барилгын ажил 50.7 хувьтай үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлыг “Билэгт зам” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэхээр авто замын гурван бригад, хоолойн гурван бригад, гүүрийн нэг бригад тус тус ажиллаж байна. 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 2020.03.15-нд ажлаа эхлүүлсэн бөгөөд төслийн хэмжээнд ИТА-12, механизмчин-65 ,аж ахуйн болон туслах ажилчид-25 буюу нийт 102 хүн хүчний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт хөрс хуулалт 90 хувь, зөөврөөр далан барих 84 хувь, ухмал 81 хувь, гүүрийн бригад бэлтгэл болох арматур матах, ПК22+050-д тэгшилгээний бетон цутгах зэрэг ажлыг гүйцэтгэжээ. Мөн хоолойн байршлыг тогтоож есөн дугуй хоолойн суурийг ухсан байна.
Байдрагийн гүүр, Алтай чиглэлийн зам
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн таван жил зогсонги байдалтай байсан бөгөөд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн 2019 онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлж чадсанаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Макс рөүд” ХХК, зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж, 2019 онд эхний 30 километр хатуу хучилттай замыг ашиглалтад оруулан, нийт ажлын 45 хувийг хийж гүйцэтгэсэн бол энэ хавар барилгын улирал эхэлснээр талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэж байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно. Үүгээр ч зогсохгүй иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, алслагдсан аймгуудад үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэх, ингэснээр хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн саармагжих сайн талтай юм.
Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр зам
Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр эхлүүлжээ. УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр замыг бариад байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий.
Улаанбаатар-Дарханы зам
Өнгөрөгч жил эхэлсэн Дархан-Уул, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажил улирлаас шалтгаалан зогсоод байсан билээ. Саяхан тус чиглэлийн замд ажиллах хүчин өмнөд хөршөөс ирэх ёстой ч коронавирусээс болон орж ирнэ, ирэхгүй гэсэн маргаан дагуулж байсан. Гэтэл сүүлийн үед зам барилгын ажил эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болов.Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ тухай тодруулахад, “Одоогийн байдлаар үндсэн замын ажил эхлээгүй. Үндсэн зам дээр БНХАУ-ын компаниуд ажиллаж байсан ч тэд коронавирустэй холбоотойгоор орж ирэх эсэх нь тодорхойгүй, энэ асуудлыг эцэслэн шийдээгүй. Харин дотоодын туслан гүйцэтгэгч компаниуд түр замаа засаж, тэмдэг тэмдэглэгээ хийн, орон нутгийн Тээврийн цагдаагийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон. Мөнхүү туслан гүйцэтгэгчид зам дагуу гүүр, хоолой гэх мэт далангийн ажлаа гүйцэтгэхээр ажиллаж байна” гэлээ. Учир иймээс үндсэн замын ажлыг эхэлсэн гэх ташаа мэдээлэл цацагдсан бололтой. Тэгэхээр одоогийн байдлаар зам барилгын ажлыг гүйцэтгэх БНХАУ-ын компаниуд болзошгүй өвчинтэй холбоотойгоор орж ирэх эсэх нь тодорхой бус, Засгийн газар болон салбарын сайдын тушаал шийдвэр ч гараагүй. Харин дотоод туслан гүйцэтгэгч компаниуд өөрт оногдох ажлаа эхлүүлээд байгаа аж.
Онон голын гүүрийн ажил
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 метрын урт, Дадал сумын 238.9 метрын урт төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлыг 2019 онд эхлүүлсэн юм. Баян-Адарга сумын нутаг дахь 150 метрын урттай төмөр бетон гүүрийн ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлжээ. Одоогоор 1, 2, 3, 4 дүгээр алгаслалын тэгшилгээний үе бетон, урд талын далангийн бетон шат, урд хойд талын дамжих хавтанг цутгаад байгаа бол нийт 129 ширхэг тумбэ хийж, хойд талын даланг тэгшилж индүүдсэн аж. Мөн хойд талын далангийн баруун зүүн өрлөгийг хийж дуусган, урд талын далангийн рисберм бүрэн хийгдэж, хойд талын рисбермийг одоогоор хийжээ. Түүнчлэн Дадал сумын нутаг дахь 238.9 метрын урттай төмөр бетон гүүрийн баруун, зүүн гар талын ган хайс будах ажлыг бүрэн дуусгаж, одоогийн байдлаар ригель, тулгуурын өнгөлгөө, хэв гажилтын заадас, ган хайс будах, дам нуруу болон ригель тулгуур будах ажлуудыг бүрэн хийж дуусгаад байгаа хэмээлээ.
Орхон, Хишиг-Өндөрийн зам
Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл хэсгийн 12.81 километрийг “Наранбулаг хан” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлын явц 75 хувьтай үргэлжилж, 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ жил 32 ажилтан, 25 машин механизмтайгаар ажлаа эхлүүлж, өнөөдрийн байдлаар 41 хүн, 30 техниктэй гүүр, хоолой, ухмал, далангийн дээд доод үеүд, хөлдөлтөөс хамгаалах үеийг бүрэн хийж дуусгажээ. Цементээр бэхжүүлсэн суурийн материал бэлтгэх, суурийн доод үе байгуулах, цементээр бэхжүүлсэн суурь болон зарим бэлтгэл ажлууд, мөн асфальт заводыг угсарч байна. 2019 онд хөрс хуулалт 100 хувь, далангийн дүүргэлт, ухмалын ажил, 13 цэгт хиймэл байгууламжийг тус тус хийж дуусгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Водканууд марш