Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.05.06/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна Засгийн газрын сайд нар оролцлоо.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын хоёр тогтоол хамт батлагдаж байна. Учир нь, цар тахлын үед эдийн засгийн арга хэмжээ авах хуулиар ямар нэгэн арга хэмжээ авсан тохиолдолд мөнгөний эх үүсвэрийг нь давхар баталгаажуулж өгөх ёстой.
Энэ жил Монгол Улсад болох байсан Залуучуудын ногоон наадам, Токиогийн олимпийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны нэлээдгүй зардал, зарим тусгай сангийн зардлыг хэмнэсэн.
Зарим нэг өрүүдийг хойшлуулах гэрээ хэлцэл хийгдсэн. Тиймээс төлөгдөх өр, гадаад өр төлбөрийн үндсэн төлбөр, хүүгээс зардлуудыг гаргахаар болсон. Мөн төсвийн зарим байгууллагын хэмнэж болох зардлууд бий. Хөрөнгө оруулалтын зардлын хэмнэлт, урсгал зардал, цар тахалын үед хэмнэгдэж байгаа зардлаас гаргаж байна. Ерөнхий сайдын хэлсэн дөрвөн арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг зарцуулна" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Үндэсний статистикийн хорооноос эхний улирлын орлогын мэдээллээр нэгдсэн төсвийн орлого найман хувь буурсан явж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын танилцуулсан арга хэмжээний эхний хэсэг эдийн засгийг идэвхжүүлэхтэй холбоотой. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр энэ сарын 24-нд албан ёсоор дуусгавар болно. Засгийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 буюу амжилттай хэрэгжсэн гэж үзэж байна. Цар тахлын үетэй холбоотой гэрээ хэлцлийг ОУВС-гийнхантай ярьж байна. Удахгүй олон нийтэд зарлах болно" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Tsagaa olson zob shiidber gargasan Eronhii Saiddaa bayarlah heregtei