УИХ-ын 2020 оны сонгууль ирэх сарын 24-нд болно. Сонгуульд улс төрийн 15 нам, 4 эсвэл, 208 бие даагч өрсөлдөнө гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн.
Улс төрийн намаас нэр дэвших нэрс энэ сарын 16-нд тодорхой болно. Харин бие даагчид энэ сарын 21-ний дотор 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх ёстой. Баримт бичгээ бүрдүүлж чадаагүй бол бие дааж өрсөлдөх боломжгүй болох юм.
Бие дааж өрсөлдөх хүсэлтээ өгсөн иргэдийн дунд намын гишүүнчлэлтэй хэд хэдэн хүн байгаа юм. Тэд намаасаа нэр дэвших эрхээ авч чадвал бие даах шаардлагагүй болно гэсэн үг.
Бие дааж өрсөлдөх хүсэлтээ өгсөн ч намаас нэр дэвшихээр болсон тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээх талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодруулахад “Бие дааж нэр дэвших хүсэлтээ өгсөн иргэд албан ёсоор “нэр дэвшигч” гэсэн статустай болоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, бие даах хүсэлтээ өгсөн 208 хүн хуульд заасан хугацаанд багтаан 12 төрлийн баримт бичиг бүрдүүлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд багтаж чадаагүй бол сонгуульд нэр дэвших боломжгүй болно. Мөн бие даагчаар өрсөлдөнө гэж бүртгүүлсэн ч намаас нэр дэвшин орж ирж болно. Энэ тохиолдолд ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй. Одоогоор албан ёсоор нэр дэвшигчид тодроогүй байгаа тул бүх зүйл нээлттэй” гэсэн тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )