Олон улсын гэрээнд цахим харилцаа ашиглах конвенцыг соёрхон баталлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Өнөөдрийн /2020.05.15/ Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Мөн уг төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа “Их засаг” танхимаас танилцуулсан юм. Мөн Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2005 онд 60/21 дүгээр тогтоолоор баталсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг бууруулах, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн бичиг баримт юм. Өнөөгийн байдлаар уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байгаа бөгөөд 10 орчим улс нэгдэн орохоор ажиллаж байгаа аж.

Иймээс Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулахаар заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталснаар дээр дурдсан цахим харилцааны давуу талыг манай улсад олгохоос гадна цахим болон цаасан суурьтай мэдээллийн хэрэгслийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдал, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим харилцааны баримт бичгийг илгээх, хүлээн авах, хадгалах, автоматжуулсан мэдээллийн системийг ашиглах нөхцөл боломж бүрдэх юм байна. Манай улс уг конвенцод нэгдсэнээр гишүүнчлэлийн татвар төлөхгүй, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй, конвенцыг төлөөлөх байгууллагыг дотооддоо байгуулах, түүнчлэн хэрэгжилтийн талаарх ямар нэг тайлан, илтгэл гаргах шаардлага тавигдахгүй гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувийн саналаар Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top