Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баталсан билээ. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагааг тусгаж өгсөн байна.
Мөн нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой заажээ.
Тэгвэл тус журмын 3.2-т Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, цуглаан, хурал зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байхыг тусгасан бөгөөд уулзалт, арга хэмжээнд оролцогчдын хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхыг тусгажээ.
Ингэхдээ тухайн нэр дэвшигчийн уулзалт цуглаанд оролцохоор ирсэн иргэд, сонгогчдыг биедээ хүрэх, гарах барих, нэгнээ үнсэхийг хоригложээ. Түүнчлэн амны хаалтгүй иргэнийг оруулахыг хориглосон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс нэг удаагийн амны хаалт олгох ёстой гэдгийг журамлажээ.