СОНГУУЛЬ 2020: 606 нэр дэвшигчээс 76 нь сонгогдоно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвслээс 485 нэр дэвшигч, 121 бие даагч нэр дэвших эрхийн мандатаа өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос гардан авлаа. 

Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа аж.

Ийнхүү нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Найм дах удаагийн буюу энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлогтой. Тийм ч учраас Засгийн газраас тогтоол гаргаж сонгуулийн сурталчилгаа, уулзалтын үед баримтлах журам гаргаж, нэр дэвшигчид, нам, эвслүүдийг дагаж мөрдөхийг даалгасан.

Энэхүү журамд уулзалтад оролцох хүний тоог хязгаарлаагүй боловч уулзалтын хугацаа цаад тал нь хоёр цаг байх, 30 минут тутамд 10 минутаар агаар сэлгэлт хийх, ариутгал, халдваргүйтгэлийг өндөр түвшинд хийх, ухуулагч нар нэг удаагийн бээлий, амны хаалттай байх гээд маш тодорхой заалтууд орсон.

Мөн нэр дэвшигчдийн талаар худал мэдээлэл тараасан бол иргэнийг хоёр сая, албан байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох гэх мэт өөрчлөлтүүд энэ удаагийн хууль, журамд орсныг хаа хаанаа санаж байхад илүүдэхгүй. Энэ удаагийн сонгуульд нийт 606 хүн өрсөлдөж 76 нь УИХ-д ард түмнээ төлөөлнө.

Сурталчилгааны 22 хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Амьдрал үргэлжилнэ гэдгийг бодолцож, биесээ хэмэлсэн, хэн нэгнийгээ харлуулсан, хэтэвч, хөнжил рүү нь өнгийсөн сурталчилгаа хийхгүй байх нь зүйд нийцнэ. Тэгээд ч нэг үеэ бодвол иргэд сошиал орчны хуурамч мэдээлэлд тэр бүр автахаа байсныг  бодолцох хэрэгтэй.

Top