УИД-т гал гарсантай холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Өнгөрсөн долоо хоногийн ням /2020.06.07/ гарагт Чингэлтэй дүүргийн III хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гал гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.10/ ОБЕГ болон ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр "Азаар хүний амь нас эрсдээгүй. Тухайн үед долоон хүний амьсгал боогдсон, гэхдээ аварч чадсан. Үүнээс гадна галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч угаартсан, биеийн байдал хэвийн байгаа юм байна. Энэ үйл явдал бидэнд маш том сургамж боллоо. Цаашид ямар ажил хийх вэ, юунд анхаарах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах ёстой. Уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна" гэв. 

Шадар сайд Ө.Энхтүвшин ДАРААХ үүрэг, чиглэлийг өглөө 

1. Галын шалтгааныг эцсийн байдлаар яаралтай тогтоож танилцуулах 

2. Хохирлын хэмжээг тогтоох. 

3. Цаашид авах арга хэмжээний тухай төлөвлөгөөгөө гаргаж, биелэлтийг шалгаж байх. 

4. Өмнө нь шаардлага хүргүүлж байсан аж ахуйн нэгжүүдийн үүрэг даавгаврын биелэлтэд хяналт, шалгалт хийх.

5. Олон хүн ажилладаг, барилга нь насжилт өндөр газрыг тогтоох, норм норматевийг шинэчлэх.

6. ОБЕГ-ыг орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх , хөрөнгийг хэмжээг тогтоох. 

Харин энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Нямбаяр "Их дэлгүүрт гарсан галыг найман ангийн 230 алба хаагч ажилласан. Гал түймрийг 27 авто машинтай 40 минут ажиллаж галын тархалтыг зогсоосон. Дээрх гал түймэрт онцгойгийн 230 алба хаагчаас гадна цагдаагийн 180 алба хаагч ажилласан. Цагдаагийн байгууллага хэргийн газрыг шуурхай хамгаалалтад авч, гал унтраах нөхцөл байдлаар хангаж ажилласан. Утаанд угаартаж барилгын долоон давхарт байсан долоон иргэнийг авто механик шат ашиглаж буулгасан" гэв.

Тэрбээр галыг унтраах явцад гарсан хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэхдээ "Барилга бүхэлдээ утаа болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Дулааны үйлчлэл жигд тархсан, шатах материал ихтэй, утаа зайлуулах, агааржуулалтын систем байхгүй байсан нь галыг богино хугацаанд тархах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь гал унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Тухайн үед онцгойгийн хоёр алба хаагч утаанд хордсон. Тэдэнд яаралтай тусламж, эмнэлгийн байгууллагын тусламжийг үзүүлсэн. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа болно" гэх тайлбарыг өглөө. 

Дараа нь ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Отгонжаргал "Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр ажиллаж байсан компанийн ажилчдаас мэдүүлэг авсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.2-т зааснаар хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр засвар хийж байсан ажилчдын нэг нь хар цаас халааж байх үед дээврийн хөөсөнд гал өгч, гал гарсан гэж мэдүүлсэн. Гэхдээ галын голомт хаанаас, шалтгаан нөхцөл зэрэг нарийн шалгалтыг явуулж байна. Энэ хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн шалгах газраас Ажлын хэсэг гарсан. Хэргийн газарт 25 мөрдөн байцаагч ажиллалаа. Хэргийн газрын үзлэгээр эхний ээлжид 240 түрээслэгч байна. Одоо зургаа, долоон давхарт хэргийн газрын үзлэгийг явуулж байна. Хүндрэлтэй байгаа зүйл нь угаарын хий бүрэн арилаагүй байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top