Говь-Алтайн Жаргалан суманд баригдах гүүр олон талын ач холбогдолтой

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам барилга, гүүрийн чиглэлд олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, өдгөө ч төлөвлөж байгааг бид мэднэ. Тэдгээрийн нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй гүүр юм. Уг гүүрийг төмөрбетон хийцтэй, 66  метрын урттай, 22 метрийн гурван алгасалтай, дундын хоёр, захын хоёр тулгууртай, хүчитгэсэн дам нуруутай, голын хөрс шаварлаг учраас шон тулгууртай байхаар зураглажээ.

Хамгийн гол нь Жаргалан суманд баригдахаар төлөвлөгдөж байгаа тус гүүр ашиглалтад орсноор Бүрэн багийн болон Завхан гол багийн ард иргэд, малчдыг  боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангах, малын бэлчээр сэлгэх, малыг голоор гатлуулах, Говь-Алтай аймгийг Завхан аймагтай холбох, Завхан, Говь-Алтай, Ховд гурван аймгийг холбосон замын трасс дээр байрлах, Хасагт хайрхан, Хүнхэр зуслан, Эрээн нуур, Монгол элс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад хүрэх гарц болох гээд өндөр ач холбогдолтой юм.

Төсөөлж байгаагаар бол Бүрэн хайрханы орчмын гурван байршлыг харьцуулж үзсэнээс нэг байршлыг сонгожээ. Ингэхдээ гүүрийг Бүрэн багаас чанх зүүн тийш 6,5 километр, Бүрэн хайрханаас урагш хоёр километрт голынхоо урсгалаар бол Бүрэн хайрханаас дээш хоёр километр газарт Завхан гол дээр тавих нь тохиромжтой аж. Учир нь энэ хэсэг өвөл Тайширийн усан цахилгаан станцаас байнга ирдэг усны халиа, тошингийн нөлөөллөөр эргээсээ халих, тэлэх нөлөөлөл багатай. Хоёр эргийн хөрс харьцангуй тогтвортой. Голын өргөний хэмжээ бага учраас гүүр барихад эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top