КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
Zindaa.mn мэдээллийн сайтын Эдийн засгийн алба КОВИД & ЭДИЙН ЗАСАГ булангаараа эдийн засаг дахь коронавирусний нөлөөлөл болоод эрсдэлийг бууруулах боломж, шийдлийг эрэлхийлсэн мэдээ, мэдээлэл, ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ.
Эдийн засаг унаж, сэргэж л байдаг. Гэхдээ ингэж -10 хувиар унаж байсан тохиолдол сүүлийн 20 жилд лав үзэгдээгүй, би мэдэхгүй юм байна.
-Эдийн засаг дахь коронавирусний сөрөг нөлөөлөл хагас жилийн хугацаанд дэлхийд ч, манайд ч амаргүй тусаж байна. Нөгөө талаас манай эдийн засагт улс төрөөс хамаарсан эрсдэл байнга байдаг. Нэг ёсондоо эрсдэлүүд хавсарсан нөхцөл байдалтай байна уу?
-Манай эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр үндсэн салбар дээр тогтож ирсэн. Уул уурхайн салбар дангаараа экспортын орлогын 90 гаруй хувийг, төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг том салбар юм. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар ажлын байрны ихэнхийг бий болгодог. Энэ хоёр том салбар угаасаа үнийн мөчлөг дагадаг. Тэгвэл эдгээр салбарын энэ удаагийн мөчлөгийн уналт коронавирусээс шалтгаалж байна. Дэлхийн хэмжээнд коронавирустэй холбоотойгоор тансаг хэрэглээ хумигдсан нь манайд ч нөлөөлж байгаа. Уур амьсгал нь чийглэг, өвөлдөө сэрүүсдэг баруун Европын орнуудад манай ноолууран цамц, ноолууран пиджакийг тансаг хэрэглээний зориулалтаар худалдан авдаг байсан бол одоо зогссон. Дэлхийн эдийн засаг уналтад орчлоо. Ингэснээр дэлхийн худалдан авагчдын хэрэглээ багасна, худалдан авах чадвар унана гэсэн үг. Манайхаас нийлүүлдэг барааны эрэлт бага болно. Хамгийн том жишээ бол ноолуур байна. Малчдын хувьд орлогоо хангадаг, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, лизингийн төлбөрийг төлдөг гол хэрэгсэл бол ноолуур гэдгийг бүгд мэднэ. Гэтэл одоо нөхцөл байдал хүнд байна. Та түрүүн улс төртэй холбож асуулаа. Улс төржилтөд маш их өртсөн салбар бол барилгын салбар. Энэ салбарт 100-120 мянга орчим хүн ажиллаж байсан. Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох эсэх нь тодорхойгүй буюу өнгөрсөн дөрвөн жилд хугацаа алдсанаас болж, олон арван мянган ажлын байрыг хадгалж үлдэж чадаагүй. Монголбанк, Засгийн газрын алинд нь тус хөтөлбөрийг харьяалуулах гээд байгаа нь тодорхойгүй байсан. Цэвэр улс төрийн шийдвэр дутсанаас болж зогссон. Ингээд орон сууцны эрэлт хумигдахаар, нийлүүлэлт дагаад хумигдана.
Коронавирусний нөлөөгөөр хүндэрч буй өөр нэг том салбар бол жижиглэн худалдаа, аялал жуулчлал, нийтийн үйлчилгээ байна. Ялангуяа хот суурин газарт асар олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг энэ салбар уналтад орсон. Коронавирустэй холбоотой хязгаарлалтыг зохистой хэмжээнээс нь хэтрүүлэн хийсэн. Манайх олон улсын боомт цөөхөнтэй жижиг улс. Гадаадтай холбодог боомтууддаа хяналтаа сайн тавина биз, харин дотооддоо ингэж хэт барьсан нь олон арван мянган ажлын байрыг золиосолчихлоо л гэж харж байна.
-Улсын Онцгой Комиссоос үйлчилгээний зарим газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг энэ долоо хоногт гаргалаа. Та үүнийг хугацаа алдсан гэж үзэж байна уу?
-Тийм. Хугацаа нэлээн алдчихлаа. Эхний улиралд эдийн засаг өмнөх оны мөн үеэс -10 хувийн агшилттай гарсан. Эдийн засаг гэдэг бол гурван сая гаруй хүний хоол идэж байгаа тогоо л гэсэн үг. Тэгвэл тэр тогоо жижгэрчихлээ. Нэг хүнд оногдох халбагатай шөлний хэмжээ багасаад байна. Эдийн засаг унаж, сэргэж л байдаг. Гэхдээ ингэж -10 хувиар унаж байсан тохиолдол сүүлийн 20 жилд лав үзэгдээгүй, би мэдэхгүй юм байна.
-Эхний улирлын эдийн засгийн агшилтын 1/3 нь үйлчилгээний салбараас хамаарсан. Хоёрдугаар улиралд ДНБ-ий тооцоолол, түүхий эдийн экспорт сэргэсний нөлөөллөөр арай гайгүй гарах болов уу?
-Нүүрсний экспорт бага зэрэг сэргэсэн, зэсийнх гайгүй байсан. За яах вэ дээ, мал төллөсөн учраас малын тоо толгой өссөн байх. Гэхдээ эдийн засагт тийм айхтар өсөлт гарахгүй байх.
-Ер нь эдийн засаг хоёр улирал дараалж өндөр хувиар агшихаар эргэн сэргэх явц тэр хэрээр удах болов уу?
-Хоёрдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлтийг маш зөв тооцоолж, үнэн зөв гаргах хэрэгтэй. Хоёроос гурван улирал дараалж хасахтай гарах юм бол албан ёсоор эдийн засгийн хямрал гэж үздэг. Одоо бол уналтын үе шат. Уналтыг хямрал болгочихгүй байх ёстой. Хямрал нь өрх гэрүүдэд ужгирсан хүнд нөлөөг урт хугацаанд үзүүлдгээрээ аюултай байдаг. Сүүлийн таван жилд ядуу иргэдийн тоо 600 мянгаас 900 мянга болсон. Ажилгүйдэл 100 мянгаас албан бусаар 200 мянга болж байх шиг байна. Эдийн засгийн байдал, гадаад нөхцөл байдал харьцангуй сайн, зэс, нүүрсний үнэ өндөр байх үед ажилгүйдэл, ядуурлыг 50-100 хувиар өсгөчихсөн байсан. Гэтэл одоо коронавирусээс улбаатай энэ шокоос үүдэлтэйгээр байдал улам бүр эвгүйтэж байна.
-Та сая эдийн засгийн өсөлтийг зөв тооцох хэрэгтэй гэж хэллээ. Аль салбарын идэвхжил ямар байгааг л ДНБ харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр статистиктаа тулгуурлаад алийг нь идэвхжүүлэхээ, боломжоо олж харах ёстой биз дээ?
- Жишээ нь уул уурхайн салбар хумигдсан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих шаардлагатайг л харуулж байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдээ урагшлуул, үргэлжлүүл, бүтээн байгуулалтыг хийлгэ гэсэн дохио. Нэг хэсэг зэсийн үнэ доошоо уналаа, одоо сэргэж эхэлж байна. Нүүрсний үнэ харьцангуй гайгүй байна. Экспортоо өсгөхийн тулд бид тоо хэмжээгээ л өсгөж чадна. Бид дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлж чадахгүй. Эдийн засгийн сонгодог онолоор бол үнэ унасан үед нийлүүлэлтээ багасгах ёстой байдаг. Манайд бол хэцүү. Манайх чинь эдийн засгийн амьтан биш. Монголын эдийн засаг “улс төрийн амьтан”. Тэгэхээр эдийн засгийн онолын эсрэг явах байх л даа.
-Стандарт бус маягаар л явна гэж үү?
-Тийм.
-Хятад улсад цар тахлын эрсдэл хэвээрээ, эрэлт нь буурах магадлал өндөр байна. Гэтэл манай улс төсөвтөө 42 сая тонн нүүрс гаргаж, орлого төвлөрүүлнэ гэж заасан хэвээрээ. Төсвөө тодотгох ёстой биз дээ?
- Гашуунсухайтын боомтыг ядаж олон улсын болгочих хэрэгтэй байгаа юм. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлмээр байна. Даанч Дарханы замаас болоод маш олон иргэд бухимдаж байна. Хэрвээ Дарханы зам сайн байсан бол өдийд хойд талын аймгууд хотын жуулчдыг олноор нь хүлээж авах боломжтой байлаа. Тэр боломжийг ашиглаж чадахгүй байна. Сая сонгууль боллоо. Намууд асар их мөнгө хаялаа. Тийм учраас хөдөө орон нутагт байдлыг харьцангуй зөөллөж чадсан. Сонгуультай холбоотойгоор иргэдийг олноор нь ажиллуулах замаар эдийн засгийн идэвхжил үүссэн. Миний хувийн тооцооллоор сонгуулиар дор хаяж 100 мянган хүн ажилласан байх. Олон нам, олон бие даагч өрсөлдлөө. Тус бүрдээ олон зуун ухуулагч ажиллуулсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг нь бодоод үзэхэд л манайх шиг жижиг эдийн засагт, эсвэл аль нэг аймгийн зах зээлд зөөллөх үр нөлөө үзүүлчхэж байна. Одоо тэр үр нөлөө байхгүй болчихоор байдал эргээд хүндрэх болов уу. Ядаж л сонгуулийн ажлаар гээд хотоос олон иргэн очиж, зочид буудалд нь бууж, хөдөө сумдад орлого оруулж байсан бол одоо тэр нөлөө байхгүй болж байна. Мэдээж өнөө гаднын жуулчдаас оруулдаг байсан орлого байхгүй. Өдийд уг нь гаднынхан газар сайгүй багширч байдаг байсан даа. Ийм нөхцөл байдлууд үүссэн учир мэдээж таны хэлдгээр төсвөө тодотгохоос өөр аргагүй шүү дээ.
-Ер нь сонгууль Бодлогын хүүг бууруулсан шийдвэрийн нөлөөллөөс түрүүлэн эдийн засагт мөнгө нийлүүлчихэв үү?
-Тийм. Одоо бол бодлогын хүүг яаралтай бууруулах шаардлагатай. Яагаад гэвэл банкнууд маш их хүндэрсэн байна.
-Манайх шиг экспортоос хамаарсан эдийн засагтай улс, гадаад худалдаа түгжигдмэл байгаа үед бодлогын хүүг бууруулах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, ханшийг бүр өсгөхгүй юу?
-Банкнууд хүндэрчих юм бол энэ эдийн засаг чинь нэг хэсэг босохооргүй болчихно л доо. Сая сонгууль угтаад авах ёстой шаардлагатай арга хэмжээнүүдээ хойшлуулсан. Засгийн газар корона-вирустэй тэмцдэг баатарлаг дүр бүтээж чадсан ч эдийн засгийн асуудал дээр аймхай, хулчгар хандаж ирсэн. Бодлогын хүүгээ зоригтой огцом бууруулаад, эдийн засгийн эргэлт, хуримтлалыг сайжруулах ёстой байлаа. Одоо банк санхүүгийн салбараа авч үлдэхгүй бол нийтээрээ сөхөрчих гээд байна. Банк санхүүгийн салбар эдийн засгийн хамгийн чухал эргэлтийн систем, амин судас. Энд бөглөрөл үүсэх юм бол эдийн засагт асар том цус харвалт үүснэ. Яг одоо бол тэрнээс сэргийлэх ёстой байна.
-Тулгамдсан асуудлаа зөв эрэмбэл гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Одоо бол эрэмбээ зөв харах хэрэгтэй. Эргэн тойрноо харж байхад ажлын байр л том асуудал болчхоод байна. Хөдөө орон нутагт байдал илүү хүнд байна. Хот бол том эдийн засаг, том зах зээл үүсгэчихсэн учраас энэ инерцээрээ нэг хэсэг явна. Гэхдээ инерцэд найдаж огт болохгүй. Одоо бол яах вэ, зуны дэлгэр цаг. Сонгууль, мал төллөлт гээд сатаарах юм ихтэй байсан. Наймдугаар сараас асуудал олноор үүсэх болов уу. Гадаад өрийн асуудлаа яаралтай зохицуулах хэрэгтэй. Зарим улс орнууд жишээ нь, Хятадууд коронавирусний тархалтыг нэг сар нуусан хугацаанд коронавирус дэгдсэн учраас цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд тодорхой хэмжээгээр Хятад улс ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэцгээж байна. Жижиг улс орнуудын зээл дээр хөнгөлөлт үзүүлэх ёстой гэсэн шаардлагууд яригдаад эхэлчихсэн байна. Манайх Хятадын Ардын банкнаас багагүй хэмжээний зээл авчихсан байгаа.
-Свопын хугацаа энэ сард дуусаж байгаа. Манайх коронагаар далимдуулан нөхцөлөө “зөөллөх” талаас ярьж болно гэж үү?
-Яриа хэлэлцээний явцад бас нэг хөзөр болгож ашиглах нь зөв байх л даа.
-Ер нь манайх өмнөд хөрштэй харилцахдаа “хөзөр” атгаж чаддаг уу?
-Манай том худалдан авагч Хятад. Хятадын эдийн засаг манайхаас бараг мянга дахин том. Манайхаас экспортолж байгаа зэс, нүүрс бидэнд бол маш их юм шиг харагддаг боловч тэдний хувьд маш бага. Хятад улс манай зэс, нүүрсгүйгээр асуудалгүй, өлхөн амьдарчихна. Тийм учраас зэс, нүүрсээр барьцаалж чадахгүй. Саяны ярьсан тэр улс төрийн хариуцлага, ёс зүйн асуудлаар ярина уу гэхээс.
-Төсөв батлагдсан дүнгээсээ хоёр их наядын алдагдалтай гарах төлөвтэй байна. Эдийн засагчид төсвөө тодотго гээд хэлцгээгээд л байсан?
- Сонгуулийн өмнөх Засгийн газар төсөвт тодотгол хийх ямар ч шаардлагагүй гэж зүтгэж байсан. Одоо тэр хүмүүс УИХ-ын гишүүн болчхоод тэс өөр юм ярьж байгаа. Бүгд л төсвөө тодотгох хэрэгтэй гэж байна. Ямар ч байсан Сангийн яам нөхцөл байдлыг мэдэж байсан юм байна. Гэвч сонгууль угтаад гүрийдгээрээ гүрийсэн юм байна. Угаасаа тэр үед эдийн засагчид бүгд л шаардаж байсан. Төсвийнхөө зардлаа тана. Үр ашиггүй тэр олон хөшөөнүүдээ болио. Татвар төлөгчид дээр ирж байгаа асар их дарамтыг бууруул. Тэгэх юм бол татвар төлөгчид ядаж ажлын байраа авч үлдэнэ гэж маш их шаардлага хүргүүлсэн. Эдийн засагчдын хэлж ярьж байсан үнэн байж гэдэг нь л одоо улам тод харагдаж байна.
-Сонгуульд зориулсан зардлуудаа оны эхний хагас жилийн зарцуулалтын хуваарьтаа оруулсан байсан учраас тодотгож болохгүй байсан байх л даа?
-Төсвийн алдагдал, төсвийн өндөр зардал эрх баригч намын сонгуулийн ялалтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л гэж би харж байна. Маш олон жижиг соёлын төв, хөшөө байгууламжуудыг аймаг, сум болгонд нээлээ. Сонгуулийн үеэр энэ бол далд сурталчилгаа болчихов уу даа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Харамсалтай нь манай нэр дэвшиж байсан гишүүд өөрсдөө барьсан юм шиг сурталчилж байна лээ.
-Та сонгуулийн үеэр орон нутагт байсан гэсэн шүү дээ. Нөхцөл байдал ямар байна?
-Бүртгэл дээр асуудал нэлээн гарах шиг боллоо. Австрали, Чили гээд манайх шиг уул уурхайгаар амьдардаг орнуудад Сонгуулийн ерөнхий хороо, Төсвийн зөвлөл зэрэг байгууллагууд нь улстөрчдөөс хараат бус, бие даасан байдаг. Манайх тийм байж чаддаггүй. Шударга сонгууль зохион байгуулах үүрэгтэй байгууллагууд нь эрх баригч намынхаа талд орчихоор байдал эвгүй байдаг юм байна. Гэхдээ ард түмэн ерөнхийдөө энэ байдлыг мэдэрсэн байна гэж харсан. Ирцийн хувьд гэхдээ арван хүний 2-3 нь, зарим тойргуудад дөрөв нь саналаа өгсөнгүй. Тэд сонгуульдаа оролцож саналаа өгөөгүй шалтгаан нь нэгт, улс төрөөс залхсан байна. Хоёрт, ажил төрөл хийх гээд ийш тийшээ явсан байна. Ингээд арван сонгогч тутмын гурав нь эрх баригч намд саналаа өглөө. Арван сонгогч тутмын дөрөв нь бусад намуудад саналаа өгсөн. Санал асар их хуваагдсан. Хэрвээ АН, ХҮН, ШИНЭ гэсэн намууд нэг эвсэл байгуулаад сонгуульд орсон бол дүр зураг шал өөр харагдах байлаа. Санал их гээгдлээ. Эрх баригч нам хэдий ялсан ч гэсэн олон нийтийн дэмжлэг муу байна гэсэн үг. Сурталчилгаа хаах өдрүүдэд жишээ нь Хүүхдийн мөнгийг хэдэн сараар нь өгсөн. Хас банк, Хаан банкнуудын гадаа битүү дараалал үүссэн байсан, ялангуяа хөдөө орон нутагт бүр их. Тэнд нь хорооны ажилтнууд очиж харагдаад л. Зарим нийгмийн ажилтнууд нь иргэд рүү утасдаж, “Хүүхдийн мөнгөө ирж авна уу” гэж хэлж байсан гэнэ. Хууль зөрчсөн юм байхгүй ч далд сурталчилгааны шинжтэй, давхар бүртгээд ч байгаа юм шиг, ёс зүйгүй ийм нөлөөллүүд их байлаа. Гэхдээ цаад утгаараа аав, ээжүүд нь олноороо ажилгүй болж байхад хүүхдэд нь сарын 100 мянга өгөөд яах юм. Хүүхдийн мөнгө, хүнсний талоноор нь барьцаалсан гэмээр үйл явдал хөдөө газар их болох шиг боллоо.
Ерөнхийд нь авч үзвэл, улс төрийн пиарчид “саарал масс” гэдэг үгийг их хэрэглэдэг. Тэр дотроо нам ба төрийн халамжаас үл хамааран сонголтоо хийдэг дундаж давхаргынхан гэж бий. Сонгуулийн дүнгээс үзэхэд ялсан намын саналыг багцад тэгвэл тийм хүмүүс байхгүй байгаа харагдсан. Өөрөөр хэлбэл, намын хатуу гишүүнчлэл, хүүхдийн мөнгө, хүнсний талон яллаа. Дээр нь шүүх цагдаагаар айлгалаа. Ийм байдлаар л арван сонгогч тутмын гурвын саналыг авлаа, долоо нь бол өөр сонголт хийсэн байна. Сонгуулийн үр дүн маань нийгмийн сэтгэлзүйн тусгал болж чадсангүй. Сонгуулийн үед эрх баригч намаас ажлын байрыг хэрхэн хадгалах талаар олигтой бодлого, улс төрийн шийдэл гарсангүй.
-Ядуурал хавтгай, иргэдийн амьдрал ийм гундуу байхад нийгмийн сэтгэлзүй тогтвортой байх боломжгүй байх?
- Харин тийм. Одоо ажлын байрыг л сэргээхгүй бол нийтийн дунд бухимдал үүсэх болно. Сая сонгогчдын 30 хувь нь ажлын байрны эсрэг гэмээр сонголт хийлээ. Би зарим нэг сонгогчийн хэв шинжийг илэрхийлэхийн тулд “манкурт боол” гэж үгийг хэлмээр байна. Чингиз Айтматов билүү дээ Киргизийн зохиолчийн бүтээлээс сэдэвлэсэн “Манкурт боол” гэж кино байдаг даа. Хүнийг хатааж алах гэж байгаад жаахан ус өгнө. Тэгээд тэр ус өгсөн хүндээ үнэнчээр зүтгэдэг. Яг тэрэн шиг хөдөө орон нутагт сонгогч иргэнийг ажилгүй, орлогогүй байлгаж байгаад сонгуулийн үеэр жаахан юм амсуулдаг. Ийм л “Манкурт боол” шиг бодлого явж байна. Хөдөөд хүмүүс ажилгүй, орлогогүй мөртөө архи их ууж байна. Хүүхдийн мөнгө буунгуут гудамж болгоны дэргэд агсамнаж, зодолдсон хүмүүс байна. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Хотод бол худлаа үнэн ажил олдоод байгаа учраас нэг хэсэгтээ бариад байна. Хөдөө ажлын байр алга. Мал дээр гаръя гэхээр бэлчээр цөлжөөд дуусах нь. Малын тоо толгой өсөөд байна гэж байгаа ч нэг малд оногдох ашиг шим хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад, 30 хувь буурсан. Олон улсын дундажтай харьцуулахад хоёр дахин бага байна. Ийм байхад МАА маань чанартай ажлын байр үүсгэдэг салбар байж чадахгүй. Харин ч эсрэгээр, хойч үедээ цөл үлдээсэн, цаг аргацаасан, өөрөө өөрийгөө алгуур устгаж буй салбар болж хувирах нь. Малчдын сэтгэл санаа ч гундуу байна.
-Эдийн засагчид та нар бодлого, зөвлөмж санал болгоод л байдаг. Гэтэл та нараас илүү “сошиалын сэвээнүүд” улс төрийн шийдвэрт шууд нөлөөлөх юм. Эдийн засагчид яагаад Монголд ийм хүчгүй, сул байгаа юм бэ. Аль нэг намд хавчуулагдахгүйгээр нөлөөллөө үзүүлэх боломж яагаад байхгүй юм бэ?
-Эдийн засагчид үгээ хангалттай хэлдэг ээ. Сэтгүүлчид нь ч, улстөрчид нь ч “эд нар ингэж л байдаг юм” гэсэн байдлаар хандаад сайн тоохгүй юм. Зарим улсад тэгвэл хуульчилсан тогтолцоо байна. Германд гэхэд тусдаа бие даасан хуультай “Эдийн засагчдын зөвлөл” гэж байдаг. Тэд нар нь төсөв, мөнгөний бодлогод үнэлэлт өгдөг. Чили улсад гэхэд бас эдийн засагчдаа оруулчихсан, шууд Ерөнхийлөгчдөө тайлагнадаг “Өрсөлдөх чадварын үндэсний зөвлөл” гэж байдаг. Тэд нар нь Засгийн газар, парламентдаа маш хатуу үг хэлж чаддаг, тэрийг нь авдаг. Манайд бол Сангийн яам өөрсдөө төсвөө хийгээд, өөрсдөө хэрэгжүүлээд, хянаад, өөрсдөө мониторинг хийгээд, өөрсдөө тайлагнаад байгаа. УИХ-ынхаа гишүүдийг тойргийн мөнгөөр нь худалдаад авчихсан. Зарим улсад бол энэ хориотой. Австрали, Чили, Герман, Норвеги зэрэг орнуудын хөгжлийн нууц нь эдийн засгийн бодлого дээрээ сонгуулийн нөлөөнөөс салангид байлгадаг хамгаалалтыг оруулчихсан байдаг. Манайд болохоор улстөрч болонгуут шууд л бүхнийг мэддэг мундаг эдийн засагч болчихдог.
Дээр нь нь манайд эдийн засагчдын үгийг сонсдог, хүлээж авдаг тогтолцоо үнэндээ байхгүй байна. ОУВС шахсаар байгаад Төсвийн хараат бус зөвлөл байгуулсан. Харамсалтай нь, МАН-ын харьяалалтай, тэтгэвэртээ гарсан хэдэн хөгшчүүлээ оруулаад, шүдгүй арслан шиг болгочихсон.
- Чадалтай эдийн засагчид байх тийм газар нээрээ л тэтгэвэртээ гарсан улс төрчид сууж байгаа харагддаг. Ингэхэд таны бодлоор “сайн эдийн засагч” гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Ер нь эдийн засагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх амаргүй л дээ. Жишээ нь академик эдийн засагчид гэж бий. Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний олон ажлаа нийтлүүлэхээр л мундаг эдийн засагчид гэж үздэг хүмүүс байдаг. Зарим нь бизнес хийгээд, том корпорац байгуулсан хүнийг сайн эдийн засагч гэх. Миний хувийн ойлголтоор ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлж чаддаг хүнийг л эдийн засагч гэнэ. Яг практикт Бодлогын эдийн засагч гэх хүний хөдөлмөрийн үр дүнд ажлын байр бий болж байх ёстой. Яг л малчин хүний хөдөлмөрийн үр дүнд малын чанар сайжирдаг шиг, барилгачин хүний гараар барилга байгууламж бүтээгддэг шиг, тариаланчид ургацаа хураадаг шиг Бодлогын эдийн засагч хүн бол ажлын байрыг л бүтээх бодлого бүтээх ёстой. Тэрнээс биш санхүү юм уу, ня-бо, нярав шиг ажиллах ёсгүй.
-Манайд тийм бодлогын эдийн засагч байна уу?
- Байхгүй. Мэдээж хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэргэшсэн эдийн засагчид байгаа. Гэхдээ бодлогын эдийн засагч хүн зөвхөн хөдөлмөрийн зах зээл, зөвхөн төсөв, мөнгөний бодлого биш асуудлаа цогцоор нь, томоор нь глобал түвшинд харах ёстой. Манайхтай ижил төстэй улс орнуудад ажлын байрыг маш чухалд үзэж байна. Гэтэл манайд ажлын байрыг хариуцсан гэхээр НХХЯ гэж байна. Тэд нар нь хэтэрхий зүүний бодлого, нийгмийн халамж тал руугаа хэлбийгээд байгаа. Энэ нь бэлэнчлэх сэтгэлгээг ихэсгээд, ажилгүйдэлд дэм болоод байна. Монголбанк бол валютын ханш, инфляц хоёртойгоо ноцолдсоор байгаад таарч байна. Сангийн яам нь УИХ-ын гишүүдээ аргалж, хэдэн цаас батлуулж авахад л хамаг анхаарал нь хандаад, тэгээд ер нь татвараа л цуглуулдаг. Тэрийгээ тараахдаа л анхаараад байгаа юм. Гэтэл нийт макро эдийн засгийнхаа орчин, ажлын байрыг хардаг, тэрэнд хариуцлага хүлээдэг бүтэц байхгүй. Ингэхээр ирэх дөрвөн жилийн туршид бүх Монголчуудыг хөтлөх уриа бол миний хувьд зургаан үг л байна. Ажлын байр, ажлын байр, ажлын байр.
-Оюутолгой төслийн талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. Энэ төслийн эдийн засаг дахь нөлөөлөл маш их. Гэхдээ гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэх асуудал гэрээ байгуулагдсанаас л хойш яригдаж байгаа шүү дээ?
-Би Оюутолгойгоос гараад дөрөв, таван жил болчихлоо. Юу болж байгааг мэдэхгүй. Тантай адилхан хэвлэлийн мэдээлэлтэй байна. Миний ойлгосноор Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулна уу гэсэн тогтоолыг УИХ-аас гаргаад Засгийн газарт өгсөн юм шиг байгаа юм. Татварын асуудлаар хоёр тал арбитрт хандсан гэж ойлгосон. Тэр талаар өөр мэдээлэл алга. Манайхан бол 2009 онд татварын орчноо тогтвортой байлгана гэж гэрээ хийчихсэн нь үнэн. 2011 онд татварын хуулиа өөрчилчихсөн нь бас үнэн. Тохирооноосоо буцсан тал нь Монгол Улс болов уу л гэж би харж байна. Арбитр дээр ялах магадлал багатай л байх. Гэхдээ яг ямар нөхцөл, ямар шалтгаанаар зарга үүссэнийг, нарийн процессыг сайн мэдэхгүй байна. Уг нь жилд нэг тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийж буй том төсөл. Далд уурхайн бүтээн байгуулалтыг манай гуравдагч хөрш орнуудаас, Европын холбооноос гардаж санхүүжүүлсэн. Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголтын банк, Японы дэлхийд алдартай том банкнууд далд уурхайн санхүүжилтийн гол мөнгийг бүрдүүлсэн. Энэ утгаараа бид гуравдагч хөршийн бодлогодоо үнэнч байна гэх юм бол энэ геополитикийн өнцгөө сайн анзаарах хэрэгтэй. Татварын маргаангүй аж ахуйн нэгж гэж байхгүй. Татварын маргаан үүсгээд байгаа мөнгийг нийт активд нь харьцуулах юм бол өчүүхэн жижиг л юм байгаа. Манайханд л том сонсогдоод байгаа болохоос.
Ирэх жилүүдэд Монгол Улс том өр төлнө. Хэрвээ Хятадаас улс төрийн зээл авъя гэсэн бодолтой байгаа бол өөр хэрэг. Үгүй гэж байгаа бол ОУВС-тайгаа хөтөлбөрөө үргэлжлүүлээд л явах байх. Тэрний чинь гол баталгаа нь Оюутолгой төсөл. Одоогоор жилд нэг тэрбум орчим ам.долларын экспортын орлого олж байна. Далд уурхай ашиглалтад орох юм бол энэ тоо 3-5 дахин өсөх боломжтой. Бид энэ том орлогоо барьцаалж, одоо байгаа гадаад өрөө дарамт багатайгаар шийдвэрлэх боломж бий. Нөхцөл байдлаа зөв үнэлэх л хэрэгтэй. Сонгууль болгоноор Оюутолгойгоор хэт улс төрждөг. Үүний сөрөг нөлөөг жирийн ард иргэд үүрч ирсэн. Долларын ханш өсөж, хүнсний үнэ хурдан өсөж байгаа чинь гаднын хөрөнгө оруулалт зогсоод байгаагийн л илрэл шүү дээ.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 10 )
Худалдан авалт маш муу болчихож мишээл үзэсгэлэн худалдаанд хүмүүс юм авахгүй байна!?
Худалдан авалт маш муу болчихож мишээл үзэсгэлэн худалдаанд хүмүүс юм авахгүй байна!?
Хуурамч хүн, хулгайчдыг магтан дуулагч.
Гадаадын хөрөнгө оруулалт гэж шүтэх хэрэггүй гэдгийг коронавирус илрүүлээд өглөө. Отгочулуу залуу хүн байна бүтээлчээр сэтгэ хэрэггүй болж байгаа онол ,хандлагаас ухаалгаар салж үз яг цагт нь Одоо үндэсний хэмжээнд амиа боддог үе ирсэн
Би энэ Ч.Отгочулууг юу ч мэдэхгүй мудак гэж боддог Дандаа л завьжилж байх юм
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Буриад нострадамус монгол улс хятадаас мөнгө зээлвэл хятадын хараат болно. Валютын сангаас тусламж авбал аврагдана гэсэн гэхдээ энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэх нь зөв байх
Харин ч мэдлэгтээ залуу шүү. Авилгал авч бсныг нь нотлочихоороо чаддаг юм бол.
хөөрхий отгочулуу бүр дүрдээ оржээ гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар үгүй цүнх баригчид харамсал илэрхийлье та нар ялагдсан
Энэ нөхөр ч авилгалч хүн дпээ. Баярцогт, Бямбасайхан, Энхсайхан нарын авилгалчдыг шоронд хийхэнд их эсэгүүцээд байгаа хүн. Авилгалч авилгалчаа хамгаална гэдэг үнэн юм байна.
Teneg baihaa ugaasaa hyamrald 90 onoos hoish orchood,ter elbeg delbeg arabud shig amidarch baigaa chini haana bn tegeed