Өвөрмонгол малчныд ОНЛАЙНААР ЗОЧЛОВ

2020 оны 07 сарын 08

Дэлхийг хамарсан цар тахлаас хамааран сэтгүүлчдийн алсыг зорьж сонин сайхныг сурвалжилдаг ажил хумигдаад байгаа билээ. Гэвч холыг ойртуулж, дэлхийг хавтгай болгосон техник технологийн хөгжлийг ашиглан “Телемост” босгож, хилийн цаадахыг дэргэдээ мэт татан ирүүлж, Өвөрмонголын малчин айлд Осмо төхөөрөмжийн шидээр айлчлан, хажууд нь байгаа шиг ярьж хөөрөлдөн нэгэн оройг өнгөрөөв.

Нэг талаас Монгол Улсын “Өглөөний сонин”, NTN телевиз, нөгөө талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Өдрийн сонин”-ы “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч Урьхан хамтран Шилийн гол аймгийн Авга хошууны Цагааннуур суурины Улаантуг багийн идэрхэн малчин Бадамгоридын Эрдэмтөгсийнд ийнхүү зочилсон юм.

Б.Эрэмтөгсийн гэр бүлийнхэн сэтгүүлч Урьханы хамт

Хоёр талаас болзоо тогтоож, нэгэн зэрэг шахам гарсан ч Улаанбаатарт орсон дуу цахилгаантай ширүүн аадар борооны улмаас зам дээр тогтсон ус шалбааг, битүү түгжрэлийг туулсаар арай хийн болзоот газраа очиход Хөххотоос Шилийн голыг зорьсон Урьхан сэтгүүлч аль хэдийн Б.Эрдэмтөгсийнд хүрээд камер сэлтээ асаачихсан сууж байв.

Б.Эрдэмтөгс гэргий Жомчоогийн Одончимэг, хүү Э.Хайрт нар монгол дээлээрээ гоёж, гэрийн эзэн, хүүгийн хамт бүрх малгай духдуулан, ширээ дүүрэн ааруул, ээзгий, цагаан идээ, шар тостой боорцог сэлт өрж Монголын хоёр сэтгүүлч зураглаачдын хамт гэрт нь биеэр зочилсон мэт ихэд хүндэтгэлтэйгээр уулзалт эхлэв. Тэднийх ам бүл дөрвүүл, Ажил олгох төвд ажилладаг охин Э.Энэрэл нь албандаа явж, эзгүй байлаа. Хүү Э.Хайрт Шилийн хошуунд Биеийн тамирын чиглэлээр сурдаг оюутан, цар тахлын улмаас сургуульд хөл хорио тогтоосон учир аав, ээждээ тусалж буй ажилсаг залуу.

Монгол хүмүүсийн ёсоор амар мэндээ мэдэлцэж, зуншлага, газрын гарц, малын тарга тэвээрэг, нутаг орны сонин сайхны талаар хөөрөлдсөний дараа Б.Эрдэмтөгсийн гэр орон, малын хашаа саравч, бэлчээр зэргийг гар утасны дэлгэцээр сонирхлоо. Тэднийх хотын айлаас дутахааргүй олон өрөөтэй, 150 м/кв цэмцгэр хауст амьдардаг агаад цэвэр бохир ус, сантехникийн бусад ажлыг бүрэн шийджээ. Ганц тэднийх л ийм байв уу гэтэл айл саахалтынхан, ойр орчмын ихэнх айл адил болсон байна. Төрийн бодлогоор хөдөө орон нутгийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэн малчдаа тохижуулах ажил хийж буй нь энэ гэнэ. Үнэ хөлсний гуравны нэгийг малчид төлж, үлдсэнийг төрөөс буцалтгүй олгодог аж.

Б.Эрдэмтөгс урьд нь таван хошуу малын захтай байсан ч малчдын ажлыг төрөлжүүлснээр үхэрчин болж, 160 гаруй толгой үхэр маллаж байна. Өнгөрсөн хавар 80 гаруй үнээ тугаллаж, төдий тооны төл хүлээн авчээ. Мал маллах ажил нь ихээхэн хялбар. Гар утас, том дэлгэцтэй зурагт л шилбүүр, ховоо, дуран сэлтийг бүрэн орлочихно.

Бэлчээрээ камераар харж буй нь

Бэлчээрт яваа болоод хашаанд тэжээж буй үхэр, үхрийн байр, тэжээлийн саравч, усны онгоц, эргэн тойрноо гэр дотроосоо есөн камераар харж, гар утаснаасаа хянана. Камерын бичлэгээ 15 хоног хадгална. Үхрийн хороо гэхэд манай уурхайн ажилчдын сэндвичэн байр шиг үзэгдэнэ.

Малаа услахдаа гар утсаараа удирдан хоолойгоор ус гүйлгэж онгоцоо дүүргэнэ. Дүүрэхээр нь хаана. Зуун метрийн гүнээс усаа татаж, тусгай саванд хуримтлуулж байгаад ийнхүү онгоцондоо хоолойгоор шахаж дүүргэдэг юм байна. Малчин малаа саах, тэжээл өгөх, хашаа саравч цэвэрлэхээс бусдаар гарч ороод байх ажил бага. Үнээгээ гараар саадаг байснаа больж, цахилгаан саалтуур ашиглах болжээ. Цагаан идээгээ харин уламжлалт аргаар гараар боловсруулдаг байна. Цагаан идээ ихээхэн үнэтэй, нэг жин буюу хагас кг нь монгол мөнгөөр 30-40 мянган төгрөгөөс буудаггүй бололтой. Махаа борцолж, өөрсдийн хэрэгцээнд ашиглана. Өмнө нь үхрээ хязаалан, соёолон болтол нь тэжээж, бордсоны эцэст борлуулдаг байснаа сүүлийн жилүүдэд хавар гарсан тугалнаасаа намартаа зах зээлд нийлүүлдэг болжээ. Ингэснээр ажил хөнгөрөхөөс гадна өвс тэжээлд хэмнэлттэй, ашиг орлого ч өссөн гэж гэрийн эзэн ярилаа. 

Бэлчээр, мал, эргэн тойрноо есөн камераар хянадаг

Бээжин хотын тансаг дэлгүүрүүд, Манжуур зэрэг олон хөлийн газрын худалдааны төвүүдэд Өвөрмонголд үйлдвэрлэсэн ааруул, борц мэтийн гоёмсог баглаа боодолтой хүнсийг өндөр үнээр борлуулж харагддаг.  Яваандаа Б.Эрдэмтөгсийнх ч ийм чиглэлд ажиллах төлөвлөгөөтэй гэнэ. Намартаа тэднийх 500 гаруй му талбайгаас /15 му нь нэг га газартай тэнцэнэ/ хадлан тэжээлээ бэлтгэдэг, үхрээ вакцинжуулж, угаадаг тусгай байр ч байна. Бэлчээр нь хашаатай хэдий ч төсөөлж байснаас хамаагүй уудам, газрын гарц сайн, ерөнхийдөө говирхуу нутаг юм. Гэрийн эзэн гар утсаараа бидэнд энэ бүхнийг сонирхуулж, бэлчиж яваа үхрээ ерөнхийд нь нэг харуулж, ойртуулж татан хэр идээшилж буйг хянаж суув.

Бидний онлайн уулзалт өндөрлөхөд Б.Эрдэмтөгс гартаа утсаа барин хол ойр яваа үхрээ ажигласаар, гэргий Ж.Одончимэг, хүү Э.Хайрт нарын хамт сайны ерөөл дэвшүүлэн үлдлээ.

Гэргий Ж.Одончимэгийн боловсруулсан цагаан идээ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Noonoo (66.181.161.17) 2020 оны 07 сарын 10

Ene Onlain surwaljlagaaraa heden myngan yuani shiljvvlj awsan be.

0  |  0
Noonoo (66.181.161.17) 2020 оны 07 сарын 15

Za daa naad Onlain surwaljlaga chini neg l bish bna daa.Malaas ni salgah hamgiin tod gashuunaas gashuun tod jishee shvv

3  |  0
зочин(202.9.47.19) 2020 оны 07 сарын 13

Ийм ухуулгаа болимоор юм .

1  |  1
Тэмүгэ(66.181.161.40) 2020 оны 07 сарын 14

Манай мал аж ахуй бол уламжлалт мал аж ахуй шүү.Эндхийхэнтэй адилтгаж хэзээ ч болохгүй

4  |  1
Заагч(192.82.71.236) 2020 оны 07 сарын 13

За битгий хуц өмхий луухаанаа удахгүй хар хужаа бэлчээрийг нь хураагаад дашин шог болно.Хар хужаагийн суртал ухуулгууд муугийн ёр зарим өвөрлөгчид газраа хураалгаад уйлж байхад худал тархи угаалт хэрэггүй Монгол хүн Монгол бэлчээр өлөн хятадаас хол байх болтугай.Хар хятадын түрэмгийллээс хөрш улсууд цэрвэж байхад хоосон тархи угаахаа энэ балай сэтгүүлчид болиод далд орооч.хэний пиар вэ? Хог хужаагаас өмхий үнэртэж бөөлжис хүрчихлээ байна.

2  |  0
Зочин(66.181.161.62) 2020 оны 07 сарын 13

Манай бэлчээрийн аж ахуй энэ дэвшлээс мөн ч хол байна даа.

3  |  4
Top