-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Буйр нуурт хүүхдүүд эндэх дөхсөн гэсэн. Тухайн үед юу болов?
-Сайн байна уу? Намайг Ж.Пунцаг гэдэг. Улаанбаатар төмөр замын дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч даргаар ажилладаг. Долдугаар сарын 11-ний өдөр гэр бүл, ах дүүгийн хамт Буйр нуурт амрахаар очсон. Тэр өдөр урдаасаа хойшоо нэлээн салхитай, майхан тогтохгүй байсан. Үдээс хойш салхи арай тогтуун болохоор нь хүүхдүүдээ тоглуулахаар завийг нь хийлээд аврах хантаазыг нь хийлэх хооронд 8-14 насны гурван хүү маань завиа нуурт тавьчихсан. Энэ бидний том алдаа байсан. Бид бага насны хүүхдүүддээ илүүтэй анхаарал хандуулаад байдаг. Арай том болсныг нь төдийлөн анзаардаггүй юм байна. Гэтэл хүүхэд л бол хүүхэд. Хантаазаа хийлж байх хооронд нэг мэдэхэд л бидний хүрч очих боломжгүй хэсэг рүү тэд хөвөөд явчихсан. Гэр бүлийнхэн хүүхдүүд арай холдчихлоо гэж сандралдаж эхлэхэд би нуур руу яаран орж ус хоолой тултал явсан ч барьж чадаагүй. Гэнэт хүчтэй сэрүүн салхи гарч хүүхдүүд завьтайгаа маш хурдан цаашаа явчихсан. Энэ бүхэн маш богино хугацаанд болж өнгөрсөн.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх хоёр хүү, нэг охинтой. Хоёр том хүү, манай дүүгийн хүүтэй хамт завин дээр явж байсан юм.
-Аврах ажиллагаа хэрхэн явагдсан бэ. Зуны дэлгэр цагт иргэд Буйр нуурыг олноор зорих болсон. Ийм гэнэтийн тохиолдолд хамгийн түрүүнд аврах ажиллагааг зохион байгуулахдаа цаг алдалгүй хаана хандах ёстой юм байна?
-Хүүхдүүд эргээс холдоход хамгийн түрүүнд Онцгой байдлын албанд хандсан. Гэтэл тэнд байсан Онцгой байдлын албаны хоёр аврагч хүчтэй шуурганд тогтохгүй жижиг завьтай, дээрээс нь мотор нь эвдэрчихсэн байсан. Иргэн хүний хувьд онцгойгийн бэлэн байдлыг бэхжүүлэх нэн шаардлагатай юм байна гэсэн бодол тэр үед төрсөн. Дүрэмт хувцаснаас өөр зүйлгүй тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Мөн бусад улс орон шиг эргийн хамгаалалтын албыг байгуулах шаардлагатай юм билээ. Бидэнд аз тохиосон. Нэг хүчтэй салхи гарахад л гурван хүүхэд завьтай хөмрөх эрсдэлтэй. Гэтэл аврал эрэн нөхцөл байдал минут, секундээр хэмжигдэж байгаа үед аврах ажиллагаа цаг алдна гэдэг хэцүү бас харамсалтай. Ингээд өөр арга зам хайж эхэлсэн. Буйр нуурын усан хил хамгаалалтын салбар байдаг, тэнд хандах нь зөв гэдэг зөвлөмжийг тухайн үед өгсөн. Ингээд хилчдээс тусламж хүсэхэд түргэн шуурхай арга хэмжээ авч хоёр хөлөг гаргаж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаа эхлүүлэх үед хүүхдүүд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан.
-Эрэн хайх ажиллагаа эхэлснээс хойш хэдэн цагийн дараа хүүхдүүдийг олов. Хүүхдүүд хэр удаан усны мандал дээр завьтайгаа байсан юм бэ?
-Эрэн хайх ажиллагаа хоёр цаг гаруй үргэлжилсэн. Маш шуурхай олж өгсөн. Хүүхдүүд нийт дөрвөн цаг усны мандал дээр байсан. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн. Цагдаагийн алба хаагч аливаа эрсдэл тулгарахад сэтгэл зүйгээ бэлдэж, хамгийн муу хувилбарыг эхлээд тооцдог. Энд нууцгүй ярихад хүүхдүүд үзэгдэхээ болих үед дотроо мууг бодож эхэлсэн. Нүдэн дээр минь хүүхдүүд хөвөөд алга болчих их хэцүү юм билээ. Хүүхдүүд улсын хилд ойрхон тулж оччихсон байсан гэсэн. Хил хамгаалах байгууллага, хилчид техник хэрэгслээ бэхжүүлээгүй, хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй бол хүүхдүүд минь амь нас өндөр эрсдэлд тулгарчихсан байсан. Хүүхдүүдийг минь аварч элэг бүтэн, мөр тэнэгэр алхах боломж олгосон хилчдэдээ өөрийн болон гэр бүл, төрөл төрөгсдийнхөө зүгээс гүнээ талархаж, баярлаж байгаагаа илэрхийлье. Эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө цаг наргүй, амралтгүй зүтгэж байгаа хилчдийнхээ ажлын онцлогийг мэддэг хүний хувьд үргэлж бахархаж явдаг. Учир нь миний аав Жигжидсүрэн Хилийн 0119 дүгээр ангид штабын даргаар ажиллаж байсан. Миний төрсөн дүү Хилийн 0108 дугаар ангийн Авто замын шалган нэвтрүүлэх салбарын Тээврийн хэрэгслийн шалгагч, ахлах ахлагч Ж.Пунцагсүрэн хилчидтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгааг дурдахад таатай байна.
-Хүүхдүүд аврагдсан завинаасаа адис авч байсан. Тэр дүр зураг олон хүнийг огшоосон байх?
-Би аавыгаа 2005 онд бурхны оронд залсан. Тэр үеэс хойш эр хүний хатуужлаар нүднээсээ нулимс унагаагүй. Хүүхдүүдээ аврагдаад ирэхэд өөрийн эрхгүй уйлсан. Хил хамгаалах байгууллага, хилчид байгаагүй бол баярын биш гашуудлын нулимс унагах хатуу тавилантай нүүр тулчихсан байсан. Хилчдээсээ, хүүхдүүдийг нь минь тээвэрлэж ирсэн хөнгөн хөлгөөс монгол хүний ёсоор адис авах нь зүйн хэрэг. Бид хамгийн их хүндэлж дээдэлсэн зүйлдээ толгой бөхийж адис авдаг шүү дээ. Хүндлэлийн минь хамгийн том илэрхийлэл юм. Энэ дашрамд ХХЕГ, ОБЕГ, Сүмбэр сумын цагдаагийн хэсгийн хамт олон, Хилийн 0306 дугаар ангийн хамт олон, эрэн хайх, аврах ажиллагааг гардаж зохион байгуулсан ахмад Э.Энхтүвшин, ахлах ахлагч Ү.Чулуунсүх, дэд ахлагч Х.Болат, Ц.Адьяахүү, гэрээт хилчин байлдагч Э.Санги-Очир, Г.Нармандах, Б.Бат-Отгон нартаа гүн талархал илэрхийлье. Эцэг эхчүүд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, чангатгахыг хувийнхаа зүгээс зөвлөж байна. Аливаа эрсдэл надаас хол гэж хөнгөн хандаж болохгүй гэдгийг ухаарсан. Миний сургамжаас олон хүн эрсдэлтэй нүүр тулсныхаа дараа биш тулахаас сэргийлээсэй гэж хүсэж байна. Ахин дахин та бүхэнд талархсан сэтгэлээ илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Ахлагч О.Баярмаа
Сэтгэгдэл ( 8 )
ЖИНХЭНЭ ОРКУУД БАЙНА ДАА, ЗАВИНДАА МӨРГӨӨД БАЙХДАА ЯАХАВДЭЭ, НААД АВРАГЧ НАРТАА МӨРГӨӨЧ
hamgiin zever , hamgiin mundag ajillaj baigaa hymyys bol hilchid baharhaj baina yrgelj.....gehdee irged oorsdoo bas ayulgui baidladaa anhaarah heregtei, albatai um shig zugaalchihaad l ayul osold orno
ОРКууд тэнээд зугаацаад л яваад бай. Энэ байтугай л үхэж үрэгдэж байна даа. Эд нар азтай байна. Дур зоргоороо аюулгүй байдал хангагдаагүй орчинд бүү зугаалж бай гэчихвэл ойлгохгүй байх л даа.
Энэ УБТЗынхан ямар хариуцлагагүй хүмүүс байдаг юм бэ. Гурван бандийн хойтохы нь уншуулах шахсан байна.
Hajuud ni bish ch Buir nuur deer bsan. Aihtar salhitai bsan shvv, barag yah gej irwee getel salhitai bsan . Ashgvi margaashnaas ni gaigvi bolson. Muu yum boloogvid yaamaadai. Medeenees l medsen. Hilchin erchuuddee bayarlalaa. Saihan nuur, saihan bag hamt olon bna.
ХҮҮХДҮҮД АВАРСАН ХИЛЧИД, ЗАВИНДАА МӨРГӨЖ, АДИС АВЧ БАЙГАА НЬ БҮР ОГШООЧИХЛОО......
ХҮҮХДҮҮД АВАРСАН ХИЛЧИД, ЗАВИНДАА МӨРГӨЖ, АДИС АВЧ БАЙГАА НЬ БҮР ОГШООЧИХЛОО......
BURUU, KHARYUTSLAGAguy baydlaa BUSAD RUU , BAYGALIIN UZEGDEL RUU CHIKHSEN KHEWEEREE