НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэн 1992 оноос хойш энэ өдрийг өдгөө 30 дахь жилдээ дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Энэ жилийн тухайд “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд: Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа онцлогтой.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын наймдугаар зүйлийн хоёрдугаарт “Олон нийтэд чиглэгдсэн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, олныг хамарсан ажлыг санаачлан зохион байгуулах”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн долдугаар зүйл “Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” гэж тус тус заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2017 оноос хойш тав дахь жилдээ энэхүү парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь “Хөгжлийн бэрхшээл ба тэгш боломж-2022” сэдэвт парламентын мэтгэлцээнийг үндэсний аваргын сорилго тэмцээн болгож, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран зохион байгууллаа. Үүнийгээ дагаад оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал хоёр дахин илүү оролцоотой байв.
Энэхүү тэмцээнд 20 их, дээд сургууль, политехник коллежийн 150 гаруй оюутан, залуус хөгжлийн бэрхшээлийн ойлголт, хандлага, нэр томьёо, хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүйн талаар мэтгэлцсэнээс МУИС-ийн Snitch клубийн “Аялуун” баг нэгдүгээр байр, СЭЗИС-ийн Maximum клубийн “Veritas” баг хоёрдугаар байр, МУИС-ийн Best клубийн “Сөрөг цэнэг” баг гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шилдэг гурван баг парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Аялуун” багийн гишүүн М.Энхмааг “Уран илтгэгч”-ээр шалгаруулж мөнгөн шагналаар шагнасан нь оролцогчдын хувьд гэнэтийн баяртай зүйл боллоо.
Уг мэтгэлцээний ерөнхий шүүгчээр ММНТ-н удирдах зөвлөлийн гишүүн Ч.Сайхнаа, хөндлөнгийн шүүгчээр ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )