“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр”-ийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдан тухайн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, ирэх онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталдаг.
Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан томилогдсон.
Өнөөдөр шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны хурлаа бүх аймаг, дүүргийн салбар зөвлөлийн дарга нарыг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр хийлээ.
Хурлаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Зөвлөлийн дэд дарга Т.Аюурсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийж, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулсан.
Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр анхаарах асуудлууд”, Орхон аймгийн Засаг дарга, Салбар зөвлөлийн дарга С.Батжаргал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны орон нутгийн сайн туршлага”-ыг хуваалцав.
Зөвлөлийн гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын зүгээс тэдний эрхийг хангахад салбар бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхэд хамтран ажиллах боломжтой талаар санал хэллээ.
Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дэд болон салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэсэн 26 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг 2023 онд хэрэгжүүлэхээр гишүүд санал нэгдэн баталлаа.
Зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хүрээнд бүх дэд болон салбар зөвлөлүүд үйл ажиллагааг эрчимжүүлж, салбар бүр тодорхой төсөв батлахыг үүрэг болгосон. Мөн цаашид анхаарах асуудлаар холбогдох салбар болон дэд зөвлөл, гишүүн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд чиглэл өглөө.
Зөвлөлийн дэд дарга Т.Аюурсайхан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад хууль, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулан ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )