Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 8 суралцагч, 7 багш нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хөх хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, сурч хөгжих, хөдөлмөр эрхлэлтийн талаар туршлага судлах уулзалт, үйл ажиллагаанд оролцоод ирлээ. Үүнд:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, асран хамгаалах, эрт үеийн сэргээн засал, хүүхэд хамгаалал, халамжийн үйл ажиллагаа, хэрэгжилт;
-Сэргээн засах, туслах хэрэгслийн төвийн тоног төхөөрөмжийн технологийн судалгаа, хэрэглээ, хөгжил дэвшил;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, Шяо Хун Яо бо” баншны газар, “Му Лэ” гар урлал, соёлын төв;
-Тусгай сургуульд зочлон сургалтын орчин, үйл ажиллагаа, менежменттэй танилцлаа. Мөн Хөх хотын Гадаад харилцааны алба, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Нийгмийн хамгааллын газрын төлөөлөгч нартай уулзалт хийж, санал, сэтгэгдэл, туршлагаа хуваалцлаа.
Уулзалтын хүрээнд Хөх хотын тусгай сургуультай хамтын ажиллагааг эхлүүлэн бэхжүүлэх, багш, сурагч солилцоо, төгсөгчдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж нөхцөлийг судлах, хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1964 онд сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох 29 дүгээр тусгай сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг. Энэ хичээлийн жилд 1-12 дугаар ангид сонсголгүй, сул сонсголтой, хэл ярианы, хавсарсан бэрхшээлтэй нийт 257 сурагч суралцаж, үндсэн багш 55, хэл засалч 8, туслах багш 13, эмчилгээний биеийн тамирын багш 1, дотуур байрын багш 5, нийт 141 багш, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )