Т.БАТДУЛАМ: Багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгож чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдрийг угтан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн Ерөнхий газар хамтран өнөөдөр /2022.11.30/ “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Арав дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд нийслэл, орон нутгаас нийт 58 илтгэл ирсэн бөгөөд тэдгээрээс наймыг нь сонгож өнөөдрийн /2022.11.30/ хуралд тавьж байгаа юм. Тэднээс дөрвийг нь шилдгээр шалгаруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих бодлогын баримт бичигт суурь судалгаа болгон ашиглах ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах, зургаан салбарын асуудлыг хөндөн ярилцаж буй илтгэлүүдээс “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧДЫН БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ СУДЛАХ НЬ” сэдвийг сонгон авч тодрууллаа.

ЮНЕСКО-оос Ази, Номхон далайн бүсийн дөрвөн орныг сонгож, бэлгийн цогц боловсролын судалгааг авсан бөгөөд тэдний нэг нь Монгол болжээ. Тэрхүү судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд тайлагнаж буй нь энэ. Харин арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ЮНЕСКО-гоос Непал, Филлипин, Индонез, Монголд хийсэн судалгааныхаа үр дүн болоод хэрэгжүүлж болох арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулах ажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэнд тэр дундаа бэлгийн цогц боловсролын тухай заах арга зүйг тусгаж өгсөн байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг тусгай сургуулиудад энэ асуудал орхигдож байгаа талаар тэд ярьж байв.

Сонсголгүй, хараагүй, хөлгүй гэх мэт харагдах байдлаараа хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нэрлэгдэж байгаа ч бие физиологийн хувьд бусадтай адилхан өсөж, нөхөн үржихүйн асуудлуудыг даван туулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох асуудал тулгамдаж байна. Тэр дундаа нөхөн үржихүйн үйл явц идэвхтэй явагддаг бага, өсвөр наснаас бэлгийн боловсролыг олгох нь зүйтэй. Тиймдээ ч 4-12  дугаар ангиас эхлэн “Эрүүл мэнд”-ийн хичээлийг заадаг боловч тусгай сургуулиудын эрүүл мэндийн багш нарт багшлах аргазүйгээс эхлээд олон асуудал гарч ирдэг байна.

Олон улсын бэлгийн цогц боловсрол гэж:

  1. Бие хүний төлөвшил
  2. Жендер
  3. Хүний эрх
  4. Бэлгийн харилцаа
  5. Нөхөн үржихүй
  6. Хүчирхийллээс сэргийлэх зэргийг цогцоор нь багтаадаг ойлголт юм.

МҮИС-ийн Анагаах ухааны их сургуулийн “Нийгмийн эрүүл мэндийн тэнхим”-ийн судлаачдын хийсэн “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧДЫН БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ СУДЛАХ НЬ” судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн цогц боловсрол олгож буй багш нарт тулгамдаж буй асуудлуудыг тодруулж мэдэхийг зорьжээ. Ингэхдээ дөрвөн зорилт тавьсан байна.

ЗОРИЛТ-1: “Бэлгийн цогц боловсрол олгох” олон улсын удирдамжийг баримтлан тусгай хэрэгцээт боловсрол олгож буй зургаан сургуулийн сургалтын хөтөлбөрт харьцуулалт, үнэлгээ хийжээ.  

ҮР ДҮН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулиудын хөтөлбөрт “Бэлгийн цогц боловсрол олгох” асуудал огт тусгагдаагүй байв. Тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн харилцааны талаарх мэдлэг, бэлгийн замын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэргийг заахад багш нарт маш их хүндрэл, бэрхшээл тулгардаг учраас тэд сургалтын хөтөлбөртөө оруулаагүй гэсэн байна. Харин энгийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт энэхүү олон улсын удирдамж маш сайн тусгагдахаас гадна анги бүрд зориулсан сурах бичиг, багш бүрд гарын авлага олгосон байв. Ингэснээр энгийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ талаарх боловсролыг хангалттай эзэмшиж байна гэсэн үг. Харин тусгай сургуулийн сурагчид яагаад хоцрогдоод байна вэ.

ШАЛТГААН НЬ: Тусгай хэрэгцээт сургуульд багшилж буй багшид зориулсан тусгайлсан заах аргазүйн ямар ч сургалт явагдаагүй. Мөн тухайн хүүхдийн оношинд таарах сургалтын гарын авлага огт байхгүй байгаа нь шалтгаан болж байна.

ЗОРИЛТ -2: Тусгай сургуулийн хүүхдүүдээс “Бэлгийн цогц боловсрол”-ын талаарх ойлголтыг нь шалгах асуумж авав.

ҮР ДҮН: Тусгай сургуулийн хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол олгох хичээлдээ бүгд дуртай, сонирхолтой боловч багш нар нь тухайн хүүхдүүдийн бэрхшээлийн онцлогт тааруулж заах аргазүй байхгүйгээс хүүхдүүд хангалттай ойлголт авч чаддаггүй, зарим нь огт мэдэхгүй гэж хариулжээ.

ШАЛТГААН НЬ: Тухайн хүүхдэд бэлгэвч ашиглах талаар заахдаа ерөнхий ойлголтыг л өгөхөөс биш практик аргазүйг суулгаж өгдөггүй гэсэн үг юм. Тэгвэл олон улсад харааны бэрхшээлтэй хүүхдэд энэ ойлголтыг өгөхдөө бэлгэвчийг колькоскопд хийж, гарт нь мэдрүүлэх замаар сургалт явуулдаг байна. Манай улсад энэ мэт сургалтын арга барил, хэрэглэгдэхүүн, багшийн заах арга байхгүй учир хүндрэл учирдаг аж.

ЗОРИЛТ-3: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг судалгаанд хамруулав. Тэднийг бэлгийн цогц боловсролын талаарх ойлголтыг хүүхдэдээ өгч, ярилцаж чаддаг эсэхэд судалгаа хийжээ.

ҮР ДҮН: Эцэг эхчүүд өөрсдөө бэлгийн цогц боловсролын талаарх ойлголт огт байхгүйгээс болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ бэлгийн бойжилтын үед маш олон асуудалтай тулгардаг байна. Тухайлбал, бэлгийн бойжилт явагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анги дээрээ, хичээлд оролцож байхдаа эрхтнээрээ оролдох, өмдөндөө гараа хийх зэрэг асуудлууд нийтлэг тохиолддог аж. Олон улсад энэ асуудлыг шийдэхдээ гар хангалга хийхийг практикаар заадаг байна. Гэвч энэ асуудал манайд хаалттай хэвээр байгаа юм.

ШАЛТГААН: Эцэг эхчүүдэд энэ талаарх мэдлэг олгох, сургалт явуулах сургалтын төв байхгүй. Тэдэнд хангалттай мэдээлэл хүргэх тараах материал хийгдээгүй зэрэг нь анхдагч шалтгаан болж байна. Түүнчлэн багш нар практик сургалт явуулахаас цааргалдаг, тэр талаарх аргазүйг эзэмшээгүй, зориулалтын анги танхим байдаггүй зэрэг шалтгаанууд зонхилон  тохиолддог ажээ.

ЗӨВЛӨМЖ:

Нэгдүгээрт, Тусгай сургуулийн багш нарт зориулан хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт зориулсан сургалтын заах аргазүйг боловсруулах. Гэхдээ олон улсын удирдамжийнхаа хүрээнд сэдэв агуулгыг бэлдсэн байх ёстой.

Хоёрдугаарт, Боловсруулсан арга зүйндээ тохируулан, багш нарт зориулсан гарын авлагыг бэлдэх. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн насанд нь тохирсон бэлгийн боловсрол олгох ном, товхимол зайлшгүй шаардлагатай. Тиймээс сурагч, багш нарт зориулсан номыг хэвлэх.

Гуравдугаарт, багш нарыг сургалтад хамруулах. Тухайн багш ямар бэрхшээлтэй хүүхдэд хичээл заадгаас хамаарч түүнд тохирсон заах аргазүйн практик сургалтыг багш нарт олгох ёстой юм.

Дөрөвдүгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүдэд тулгамдаж буй бэлгийн боловсролыг олгодог сургалтын төвийг нээх. Ийм төв монголд нэн тэргүүнд хэрэгтэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top