Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдрийг угтан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн Ерөнхий газар хамтран өнөөдөр /2022.11.30/ “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна. Арав дахь угаагаа болж буй тус хурал нь эхөгжлийн бэрхшээл судлал, салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм хамгаалал, дэд бүтэц, хууль эрх зүйн орчин зэрэг өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Хурлын талаар, Ерөнхий шүүгчээр ажиллаж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ханддаг хуучин загвараас нийгэм загвар руу шилжиж буй энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулан гаргаж буй бодлогын бичиг баримтуудад өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ цаг үетэй уялдаад хөгжлийн бэрхшээл судлал хөгжиж, энэ салбарыг судлах судлаачдын тоо ч өссөн. Эрдэм шинжилгээний илтгэл нь тодорхой судалгаан дээр тулгуурлагдаж хийгдсэн бодит үр дүн байдаг. Төрийн бодлогод нөлөөлөхүйц гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай адилхан эрхээ эдлэх ёстой. Эрхийг эдлүүлэхийн тулд нийгэм хэрхэн хүртээмжтэй байх вэ, юу тулгамдаж байна вэ гэдгийг өнөөдрийн хурлаар ярина.
Хуучин хөгжлийн бэрхшээлийг хувь хүнээс шалтгаалсан зүйл гэдэг байсан бол одоо хөгжлийн бэрхшээлийг нийгэм үүсгээд байгаа юм биш үү гэх санааг дэвшүүлдэг болоод байна.
Тиймээс өнөөдрийн хурлын илтгэлүүд нийгмийн үүсгээд байгаа тэр шалтгаануудыг ярина. Нэлээд үр дүнгээ өгсөн хурал болно гэж харж байгаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөл гэж бий. Энэ зөвлөл “Саадгүй байдал хүртээмжийн байдлын тухай хууль”-ийг УИХ-д өргөн бариад байна. Үүнийг хэлэлцэх Үндэсний зөвлөлийн хуралдааны өмнө тус эрдэм шинжилгээний хурал болж буйгаараа мөн онцлог юм” гэж ярилаа.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар нийслэл, орон нутгаас шалгарсан найман илтгэл тавигдах бөгөөд шилдэг дөрвөн илтгэлийг шалгаруулж, бодлогын бичиг баримтад ашиглах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )