Эрдэнэт үйлдвэр, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд жил бүр нийт ажилтан ажилчид, ахмад болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хувь тогтоолгосон уурхайчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэг 7 сарын 1-ний өдрөөс эхэлж, өнөөдрийн байдлаар 281 ажилтан хамрагдаад байгааг албаны хүн онцлов. Үзлэгийг энэ удаа 16 багцтайгаар илүү нарийвчилсан оношлогоо, шинжилгээ хийхээр зохион байгуулж байна. Оношлогооны чиглэлийг гаргахдаа өмнөх жилүүдийн үзлэгийн дүн шинжилгээнд тулгуурлажээ. Тухайлбал, өнгөрсөн жил үйлдвэрийн ажилтнуудын дунд ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой бодисын солилцооны хямрал, зүрх судасны болон бөөр, шээсний замын өвчлөлүүд зонхилж байсан тул энэ төрлийн шинжилгээ оношлогоог илүү нарийвчлан хийхээр зорьж буйгаа эмч нар ярив. Үзлэгт хамрагдах бүх хүн эдгээр багцаас нас харгалзахгүй сонголт хийх боломжтой. Мөн өмнө нь үзлэгийн хуваарийг цех нэгжээр нь гарган, тухайн заасан хугацаанд багтаж хамрагдахыг анхааруулдаг байсан бол энэ жил эрүүл мэндийн хувьд асуудалтай, удаан өвдөж байгаа хөдөлмөрийн зохицуулалт хийх шаардлагатай ажилчдыг нэн түрүүнд хамруулах чиглэл барьж буй аж.
Энэ жилийн үзлэг оношлогоог ковид-19 тархалттай холбоотойгоор бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулснаараа онцлог юм. Одоогийн байдлаар, зуны амралтын үе таарч, үзлэг оношлогооны ачаалал харьцангуй бага байгаа ч ирэх 9 сараас нэмэгдэнэ. Тиймээс ачаалал багассан энэ үеийг ашиглан, өдрийн ачааллыг тэнцвэржүүлж, ажилтнууд аль болох цаг алдалгүй үзлэгтээ хамрагдахыг Эмнэлэг сувиллын цогцолбороос зөвлөж байна.
М.Балжинням
Сэтгэгдэл ( 0 )