Шадар сайд Я.Содбаатар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. Хэнтий, Сүхбаатар аймгийн тухайд энэ жил зуншлага сайтай, Дорнод аймгийн хэд хэдэн сум гантай байгаа аж. Тиймээс зуншлага сайтай аймаг нь ахиухан өвс, тэжээл бэлтгэж зуншлага тааруухан орсон аймгуудад туслалцаа үзүүлж, уялдаатай ажиллахыг Шадар сайд Я.Содбаатар санууллаа. Жил бүр өвс тэжээлийн туслалцаа үзүүлээч гэж улсын төсвийг харж суудаг малчдад энэ жил ямар ч татаас олгохгүй. Тиймээс малчид тариаланчид маш хариуцлагатай байх учиртай.
Өвөлжилтийн бэлгэл ажилд өвс тэжээлээс гадна суурин газрынхан шугам сүлжээгээ засварлах, нүүрсний нөөцөө бэлдэх гээд олон зүйл багтана. Гэхдээ энэ удаагийн сурвалжлага мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажилд түлхүү анхаарал хандууллаа.
Хариуцлагагүйн зуд, байгалийн зуд гэж хоёр янзын зуд байдаг талаар туршлагатай малчид хэлдэг. Хариуцлагагүйн зуд ямар айлд нүүрлэдэг вэ гэхээр өвс тэжээлээ тааруухан бэлдсэн малчид “гал алдаж” хамаг малаа хангайд өргөдөг байна. Харин эсрэгээсээ бэлтгэлээ сайтар хангасан малчид байгалийн зуд тохиосон ч өвлийг ажрахгүй, өнөтэй давдаг байна. Тиймээс хариуцлагагүйн зуданд нэрвэгдэхгүйн тулд өвс, тэжээлээ сайтар бэлдэхийг Шадар сайд Я.Содбаатар аймгийн удирдлагуудад санууллаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хангайн бүсээр явж, уулзалт хийсэн бол энэ долоо хоногт зүүн бүс нутагт ажиллав.
Шадар сайд Я.Содбаатар: -Монгол Улсын хэмжээнд зуншлагын байдал 50 хувьд сайн, 30 хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байгаа. Зургаан аймагт гандуу болон гантай гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд тодорхой үүрэг даалгавар өгсөн. Зүүн гурван аймгийн зуншлага сайн байгаатай холбоотой улсын нөөцийн хадлан тэжээл бэлтгэх, бусад боломжгүй аймгуудад тодорхой талбай олгох асуудал. Үүнээс гадна төвлөрсөн суурин газрын дулаан хангамжийн асуудал ч яригдлаа. КОВИД-19-тэй холбоотойгоор эмнэлэг, онцгой байдлын бэлэн байдалтай танилцлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: -Зүүн бүсийн гурван аймагт зуншлага харьцангуй сайн болж байна. Энэ гурван аймаг бол Монгол Улсын хадлан тэжээл бэлтгэх гол бүс нутаг. Зуншлага муутай аймгуудыг энэ бүсэд хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулаад явж байна. Мөн Хэнтий Хэрлэнбаян-Улаан, Дорнод аймгийн Чойбалсанд сум бол аймаг дундын отрын бүс нутаг. Тиймээс өвөлжилт хүндэрсэн малчдыг отроор өвөлжүүлэх талаар өнөөдрийн уулзалтад ярилцлаа. Ингэхэд тухайн малыг вакцинжуулах асуудлыг аймгийн удирдлагууд хөндөж байна. Бид энэ асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба: -Зуншлага сайн болсон. Гэхдээ хадлан хадах сум цөөн. Бусад аймгууд хадлан хадах хүсэлт ирүүлдэг. Юуны өмнө аймаг өөрийн нөөцийг бэлдэж авна. Малын тоо өсч байгаа тул бэлчээрийн даац хэтэрсэн. Иймд манайх шинэ туршлага хэрэгжүүлж, Баян-Уул сумынхаа малын тоог өсгөхгүй, үйлдвэр угсааг сайжруулах бодлого барьж эхэлсэн. Үйлдвэр угсааг сайжруулсан тохиолдолд нэг хувийн хүүтэй зээл олгохоор Хас банктай хамтарч ажиллаж байна. Энэ өвөл Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 5,2 сая мал өвөлжих төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд төв суурин болон мал аж ахуйн гэсэн хоёр чиглэлд өвөлжилтийн бэлтгэл ажлаа базааж байна. Тэжээлийн тухайд царгас арай илүү тарьж байгаа. Царгасыг хорголжин болгоод хадгалчих юм бол илүү сайн тэжээл болно. Хаана ч уургийн хаан гэж хүлээн зөвшөөрөгдсөн царгас тариалах хүсэлтэй малчид, иргэдэд дуртай газар нь тариал гэсэн чиглэл өгсөн. Учир нь Газрын тухай хуульд зааснаар бэлчээрийн хэсэгт олон настай ургамлыг газар тариалангийн бус нутгаас өөр газарт тариалж болох тухай заасан байдаг. Царгас бол олон наст ургамал тиймээс аль болох ахиухан тариалах бодлого баримталж байна. Өвөлжилт хүндэрвэл тэжээл л мал аж ахуйг аварна. Тэжээлийн хуримтлал бий болгох шаардлага бий болсон.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар: -Энэ жил Сүхбаатар аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх жилүүдийн адил төвшинд явж байгаа. Аймгийн 70 хувь буюу есөн суманд зуншлага сайн, дөрвөн суманд дунд болон дундаас доош гэсэн дүнтэй байна. Энэ жил манай аймгийн нутагт 5 сая мал бэлчээрлэж байгаа ч 4 сая орчим мал өвөлжинө гэсэн төлөвлөгөөтэй байна. Газар тариалан гэхээс илүү мал аж ахуй эрхэлдэг аймаг учраас энэ салбартаа түлхүү анхаарч байна. Тиймээс худаг ус, өвс, тэжээл бэлтгэх ажилд онцгой анхаарч байна. Зуншлага муу байгаа аймгууд манай Эрдэнэцагаан сумаас хадлан хадах бололцоог олгосон. Өвөлжилтийн бэлтгэлээ наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 -ны хооронд амжуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: -Дорнод аймагт зуншлага харьцангуй сайн байна. Нийт нутгийн 85 орчим хувьд зуншлага сайн байгаа. Цаг агаарын мэдээгээр бол нутгийн хойд хэсгээр ахиу цас орох магадлалтай, хүйтэн болох магадлалтай гэж үзэж байгаа. Өвөл эрсдэл учирна гэж бодож хадлан тэжээл бэлтгэж байна. Өвс тэжээлийн бэлтгэлд хөрөнгө мөнгө шаардагддаг. Энэ хөрөнгө мөнгийг улсын төсөв болон аймаг орон нутаг, малчид тус бүр дор бүрнээ хариуцаж, эрсдэлээ зөв хуваарилж ажиллах нь зүйтэй. Дорнод аймгийн хувьд Засгийн газрын тогтоосон хэмжээнд өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх боломжтой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ЖДУ чин Содбаатарын очер нь арай болоогуй 10 ард хун тасалсаны дараа дуудаж ааваачаад 5 жил огоход болно