Нүүрсний салбар нүүрээ буруулах уу

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

Монголын экспортын гол гялайж гялтайх зүйл нь нүүрс. Хар өнгийн энэ үнэт эрдэнэ байгаагүй бол Монголын экспортын голыг чухам юу нугалах байсныг хэн үл мэднэ. Гэхдээ хар өнгөтэй ч эдийн засгийн гялтайх салбар Монголоос нүүр буруулж магадгүй дээрээ тулчихаад байна. Чухам юунаас шалтгаантай вэ гэж үү, дэлхий дахиныг хамарсан коронавирус. Коронавируст цар тахлын улмаас дэлхий даяар нүүрсний салбар савлагаатай байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахлаас дотоодоо хамгаалах гэсэн Засгийн газрын хариу арга хэмжээнд манай түүхий эдийн салбар хамгийн ихээр өртөж байгаа. Уул уурхайн сайд ч үүнийг баталж нүүрсний экспорт төлөвлөсөн гүйцэтгэлд хүрэхгүй байх төлөвтэйг анхааруулаад амжсан. Хэрэв нүүрсний салбар нүүрээ буруулах л юм бол Монгол Улсын эдийн засагт сүүдрээ тусгаж таараа. Нүүрсний салбар он гарснаас хойш савлаж байсан. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард ч ийм үр дүнтэй байсан болохоор 2020 оны эхний хоёр сард энэ байдал үргэлжилнэ гэж таамаглаж байсан юм. Гэтэл нэгдүгээр сараас коронавируст халдварын нөхцөл байдал хурцдаж улмаар савлагаа ихтэй, таамаглахад бэрх байсан нүүрсний салбар улам эрсдэлд орсон билээ.

Одоо хэд, хэдэн баримттай танилцая. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн борлууллалтын орлого эхний хагас жилд 26 хувиар буурч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бараг зургаа дахин буурчээ. Нүүрсний салбарын өөр нэгэн компани болох “Mongolian Mining” компанийн борлуулалт хоёрдугаар улиралд 44 хувиар буурчээ. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар уул уурхайн гаралтай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буураад байна. Ингэж буурахад зэсийн баяжмалын экспорт 321.4 сая ам.доллар, нүүрсний экспорт 852.7 сая ам.доллароор буурсан голчлон нөлөөлжээ. Манай улсын нүүрсний экспортын гол түшиц БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ буурсан. БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны мэдээллээр өнгөрсөн зургаадугаар сард нүүрсний импорт 6.7 хувиар унасан. Шалтгаан нь дээр дурдсан коронавирус учраас илүүг үл нуршаад орхие. Гэхдээ үүнээс өөр шалтгаан байгаа нь шар болон хөх мөрөн үерлэсэн нь нүүрсний тээвэрт нөлөөлсөн тул ийнхүү импорт буурах гол шалтгаан нөхцөл болжээ. Дөрөвдүгээр сараас хойш алгуур өсөж байсан Австрали, ОХУ-ын нийлүүлэлт өссөн. Монгол Улсын хувьд нийлүүлэт буурсан нь улирлын шалтгаант үзүүлэлт байлаа. Коксжих нүүрсний нийлүүлэлтээр Монгол Улс 2.09 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 22 хувиар унасан үзүүлэлт аж. Хэдийгээр тавдугаар сард энэ тоо 1.71 сая тоннд хүрч жилийн өмнөхөөсөө өссөн гэх дүн гарсан ч ийнхүү зургаадугаар сард унав. Австралитай үүссэн маргааны улмаас энэ салбарт Монгол Улс хоёр сар өсөлттэй байсан юм. Зургаадугаар сард Австрали улс БНХАУ-д 2.83 сая тонн, ОХУ 599.2 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь бүгд өссөн үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн шинэ сайд Г.Ёндон Улсын онцгой комиссын ээлжит мэдээллийн үеэр “Экспортын гүйцэтгэх буурах хандлагатай байгаа. Ялангуяа нүүрс болон зэсийн экспорт буурсан төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх нөхцөл үүслээ” гэж ярьж байлаа. Түүний ярьсан бараг үнэн болж таарах гээд байна. Хэдийгээр ирэх сараас хилээ нээх тухай ярьж байгаа хэдий боловч хилээ нээсэн даруй голлох үзүүлэлтүүд гозойгоод ирнэ гэсэн ойлголт байхгүй.

БНХАУ-ын нүүрсний салбарын нийлүүлэлт угаасаа хэлбэлзэлтэй явж ирсэн. Үүнээс нэг зүйлийг санах ёстой нэг эсвэл хоёр сая тоннд хүрсэн үзүүлэлт ярьдаг улс нь Австрали, Монгол Улс. Харин АНУ, ОХУ зэрэг улсуудын нийлүүлэлт 900 мянгад хүрээд буцаад 400 мянган тонн хүртлээ унадаг. Учир нь далайн тээвэр, нүүрсний чанар зэргээрээ БНХАУ-ын эрэлтийг хангадаггүй болохоор тэр. Бас нэг зүйл байгаа нь улирлаас шалтгаалан нүүрсний нийлүүлэлт хэлбэлздэг тул зургаа болон есдүгээр сард АНУ, ОХУ зэрэг улсуудын нийлүүлэлт харьцангуй өндөр гардаг. Оны төгсгөлд ч тэдний нийлүүлэлтийн үзүүлэлт нэмэгддэг учиртай. БНХАУ-ын зах зээл гэж ярьж байгаа бол бидний хамгийн гол өрсөлдөгч нь Австрали. Он дөнгөж гарахтай зэрэгцэн Австрали болон БНХАУ-ын хооронд үүссэн маргаан хурцдаж хоёрдугаар сард Хятадууд Австралиас эрчим хүчний нүүрс авахаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Энэ нь мэдээж хэрэг Монголчуудад сайн мэдээ. Гэхдээ хоёр улсын хооронд өрнөсөн маргаан бүтэн жилжингээ үргэлжилнэ гэж байхгүй нь тодорхой. Ний нуугүй хэлэхэд Австрали улсын нүүрсний уурхайн бүс нутагт үер буух, байгаль, цаг уурын “онцгүй” нөхцөл үүсэх нь Монголчууд бидэнд онцгой боломж олгодог гэдгийг сануулах нь илүүц биз. Өнгөрсөн 2019 он зун Австралийн уул уурхайн бүс нутаг орчимд үер буусан нь манай улсын нүүрсний экспортын өсөлтөд шууд нөлөөлсөн. Намар ч гэсэн түймэр гарсан нь бидэнд нөлөөлсөн. Манай улсын эдийн засгийн голыг нүүрс нугалдаг ч энэ салбарт том тоглогч болсон Австралитай бид эн зэрэгцэхгүй. Гэхдээ ирэх жилүүдэд БНХАУ-ын нүүрсний эрэлт буурахгүй нь тодорхой тул дэд бүтцээ хангалттай шийдээд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх нь зайлшгүй. Мөнхийн хөрш гэж ярьдгийн хувьд чухамдаа үүнээс өөр сонголт байхгүй.

Саяхандаа долоодугаар сарын 29-ний өдөр “Ikon.mn” цахим хуудаст “Монгол нүүрсний зах зээл орос “ах нарт шилжлээ” гэх сүрхий гарчигтай мэдээлэл гарав даа. Орос ах нар БНХАУ-ын нүүрсний судсыг атгана ч гэж юу байхав. Хуучин зөвлөлт лагерийн улсуудаас авахуулаад Өмнөд Америк, цаашлаад Африкийн худалдан авагчид ч байна. БНХАУ болон ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт тийм ч өндөр хэмжээнд байдаггүй. Мэдээж хэрэг дэд бүтэцтэй холбоотой. Австрали болон бусад улсууд далайн тээврээр илүү тул угаасаа Монгол Улсаас нийлүүлэлтийн хэмжээ өндөр байдаг. Тиймээс нүүрсний нийлүүлэлтийн тодорхой хэмжээг өсгөх, жил бүрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлогыг Монгол Улс баримталдаг. Үүнийгээ БНХАУ-тай стратегийн иж бүрэн түншлэлд шилжихдээ ч тусгаад явж байгаа. Гагцхүү шийдвэр гаргадаг бодлого тодорхойлдог хүмүүсийн цаг хугацааны хуваарилалтаас шалтгаалаад нэмэгдэхгүй өдийг хүрсэн юм.

Австрали улсад коронавирусний нөхцөл байдал хүнд байгаа тул нүүрсний импорт, экспортын хэмжээгээ арван жилийн түвшинд байгаагүй хэмжээгээр буулгаж бусад үйлдвэртээ ачааны хүндээ үүрүүлэхээр шийдвэрлэсэн. Шинжээчид нүүрс болон уул уурхайн түүхий эдийн зах зээлийг нэг жилийн турш хэлбэлзэлтэй байна гэсэн прогноз гаргаад байна. Тиймдээ ч нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлэх гүрнүүд экспорт, импортын төлөвөө бууруулж байгаа. Өнгөрсөн сард БНХАУ-ын нүүрсний салбарын импорт унасан тул хятадууд зөвхөн өөрсдийнхөө нөөл бололцоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах, алгуур боловч нийлүүлэлтийн хэмжээгээ бүр бууруулахгүй байх тактиктай гэдгийг Ройтерс агентлаг онцолжээ.

Одоо бид нүүрсний салбар нүүрээ буруулах уу гэдэг асуултын хариултыг энэ бүх шалтгаан нөхцөлийн дараа тодорхойлох гээд оролдъё. Нүүрээ тийм ч амар буруулчихгүй. Учир нь бид цар тахлын нөхцөл байдал, БНХАУ-д үүссэн үерийн гамшиг, Австралийн нөхцөл байдал зэргийг тодорхойлоод БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээнд анхаарч болно. Дотооддоо алдахгүй тулд хилээ барих нь эдийн засагт нөлөөлж таарна. Тиймээс экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүнийг хилээр саадгүй нэвтрүүлэх, нааш орох бодлогыг нарийн зохицуулах нь зүй. Хоёрдугаарт уул уурхайн салбарт Монгол Улс дэлхийн зах зээлийн хөгжлөөс хоцорчихгүй байх хамгийн гол шалтгаан нь бодлогын тогтвортой байдал. Нүүрсний зах зээл ч гэлтгүй уул уурхайн аливаа нэг салбарт “тоглохоор” шийдсэн хэн нэгэнд дүрэм нь тодорхой, элдэв чирэгдэлгүй байхад болно гэдгийг НҮБ-аас зөвлөж буй. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк ерөөс Монголын донор болсон олон улсын байгууллагууд ингэж зөвлөсөөр 20 илүү жилийн нүүрийг үзжээ. Бид Австрали, ОХУ хоёр тавдугаар сард биднийг гүйцчихлээ одоо л бүх крантыг хаах нь гэж халаглаж суухаас илүү ойрын таван жилийн зах зээлийн нөхцөл байдал, үүсэж болох эрсдэл зэргийг сайтар тооцоолох нь чухал байна. БНХАУ алс хэтдээ нүүрснээс татгалзана. Энэ бүгдийн эхлэл 2030 онд тавигдана. Тэгэхээр уралдааны зам үндсээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Тиймийн тулд 2030 он хүртэл нүүрсний нийлүүлэлтээ үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар хандивлагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан нь удаан хугацаанд уралдаж болох шалтгааныг бүрдүүлнэ гэдгийг санахад гэмгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaluu(66.181.170.73) 2020 оны 08 сарын 05

Dajgui niitlel bson bna,bayarlalaa

0  |  0
Top