Рио Тинто компанийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж хөрөнгө оруулагчид нь үзэж байна. Магадгүй эх орончид тэгэлгүй яахав эх орныг цөлмөж байгаа юм чинь гээд алга ташаад угтаж мэдэх юм. Зөвхөн Монгол ч гэлтгүй АНУ-аас аваад Мозамбик улсад хүртэл төсөл хэрэгжүүлдэг энэ компанийн зовлон мундахгүй.
Төсөл хөтөлбөрийнх нь зардал нь ихдээд, дотоодын маргаан нь намжихгүй, геологийн нөхцөлөөс болж буурай орнуудад хэрэгжүүлж буй төслүүд нь зогсонги байдалд орчихсон, дээрээс Австралийн хэдэн мянган жилийн өмнөх түүхийн хосгүй үнэт өвийг тэсэлгээний явцдаа дэлбэлчихсэн нь хөрөнгө оруулагчдын ч, олон нийтийн ч шүүмжлэлийг дагуулаад байгаа. Хэдийгээр энэ хэрэгт уучлал гуйсан ч өнөөг хэр нь Рио Тинто компани дан ганц өөрсдөдөө нялзаагаагүй.
Тиймээс ч хөрөнгө оруулагчид зөвхөн энэ асуудалд нь гүйцэтгэх болон ерөнхий удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа аж. Хариуцлага хүлээнэ гэдэг нь сахилгын ч бүр эсвэл албан тушаалын ч хариуцлага яригдаж байж болзошгүй.
Хөрөнгө оруулагчид болон олон нийтээс шүүмжлэл хүлээгээд байгаа уугуул Австралийн соёл, түүхэн өв болсон агуйг Жуункан гэдэг. Бүр хоёр ч ийм агуй бий. Дэлбэлсэн гэж буй агуй нь жилийн хувьд Австралиас ч урт настай буюу 46 мянган жилийн настай агуй байсан. Байсан гэдэг нь энэ агуйн дийлэнх хэсэг тэсэлгээнд өртсөн. Австралийн холбогдох агентлагийн зөвшөөрлийн дагуу өнгөрсөн тавдугаар сард тэсэлгээ хийхэд дээрх соёлын өв сүйдсэн юм. Гэвч асуудлын зангилаа одоогоос долоон жилийн өмнө зангилагдсан байна. Австралийн Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу 2013 онд “brockman 4” орд газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхээр болжээ. Энэ орд газарт нь уугуул австралийн соёлын өв болсон “Жуукан1”, “Жуукан2” гэх агуйнууд байсан юм. Үнэхээр ч ийм агуйнууд байгааг мэдэж байсан тул лицензийн талбайн хайгуулын явцад гарч ирсэн эд өлгийн зүйлсийг холбогдох байгууллагуудад нь өгч байсан удаатай. Одоогоос дөрвөн мянган жилийн өмнө хамаарах хүний сүлжсэн үснээс эхлээд 28 мянган жилийн настай зэвсэг илэрч байсан юм. Түүх, соёлын хамгаалагчид дээрх агуйг өмнөх шигээ хамгаална гэж бодсон ч бодол нь эс биелэв. Хэргийн эзэн болсон Рио Тинто компанийн зүгээс Засгийн газрын зөвшөөрлийн дагуу үйлдсэн тэсэлгээний хариуцлагыг Засгийн газар ч хүлээх ёстой гэж үзэж байна. Учир нь дээрх хоёр агуй байгаа болон холбогдох археологийн олдвор олдож байгааг харгалзан үзэх агуулгатай албан бичгийг Засгийн газарт өгч байсан гэж баасан гарагт болсон сонсголын үеэр илэрхийлжээ. Хөрөнгө оруулагчид энэ хэрэг явдал болсон даруй уучлал эрэх ёстой гэх шалтгаанаар зургаадугаар сарын 03-ны өдөр уучлал эрсэн. Гэвч уучлал эрээд удаагүй байтал түүх, соёлыг хамгаалагч төрийн бус байгууллагын ажилтантай элдвээр харьцаж “Бид үйлдэлдээ уучлал эрэхгүй” гэж хэлсэн Рио Тинтогийн нэгэн захирлын аудио бичлэг ил болов. Рио Тинто компанийн Төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Крис Салибюри үүнээс болж компанидаа ч, олон нийтэд ч таагүй нэр хүндтэй болоод авсан. Болсон хэрэг явдлаас хойш компанийн дотоод сахилга бат ч асуудалтай байгаа нь ийнхүү хөрөнгө оруулагчдад ил болсон юм. Удалгүй долоодугаар сард нь Рио Тинто гүйцэтгэх зөвлөлдөө халаа сэлгээ оруулж зарим захирлаа сольсон. Хөгжил, стратегийн газар болон Аюулгүй байдал, төслүүдийн газрын даргыг сольсон асуудал бол агуй дэлбэлсэнтэй холбоотой гэх 100 хувь баталгаа байхгүй. Гэхдээ хөрөнгө оруулагчдад халаа сэлгээ болж байгаа шүү гэдгийг дохиолох нэгэн арга байсныг үгүйсгэхгүй.
Зөвхөн дээрх асуудлуудаас гадна Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийн зардал нэмэгдэж байгаад хөрөнгө оруулагчид дурамжхан ханддаг. Аль 2018 оноос эхэлсэн энэ асуудал хоёр жил хөрөнгө оруулагчдыг зовоож байна. Хамгийн сүүлийн мэдээллээр “Оюутолгой” төслийн гүний уурхайн нөөцийн хэмжээ буурах, геологийн нөхцөл байдлаас шалтгаалан бүтээн байгуулалтын зардал одоогийнхоос нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан юм. Өнгөрсөн жилийн долоодугаар сард Рио Тинто компани бүтээн байгуулалтын зардлыг 6.5 тэрбум ам.доллароос 7.2 тэрбум ам.доллар хүртэл нэмсэн билээ. Энэ нь 2016 оны анхны тооцооллоос 1.9 тэрбум ам.доллароор илүү байсан юм. Рио Тинто компани гүний уурхайн 2016 оны тооцоололд дахин үнэлгээ хийж хуучин зураг төслөөрөө үргэлжлүүлбэл нөөцийн хэмжээ цаашид ч буурна гэдгийг анхаарууллаа.Компанийн зүгээс гүний уурхайн анхны олборлолт 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхэлнэ гэж тооцоолж байна. Хөрөнгө оруулагчид энэ мэдээллийн дараа Рио Тинтогоос нэг л зүйлийг асууж байгаа нөөцийн хэмжээ буурсан юм бол яагаад бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн бэ? Нөөцийн хэмжээ үнэхээр буурсан бол хөрөнгө оруулалтаа хэдий хэр хугацаанд нөхөх вэ? гэх асуултад хариулт олохоор Рио Тинтогийн удирдлагаас асууж ирсэн. Чухам цаанаа ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй ч энэ асуултын хариу олон нийтэд л лав ил болоогүй. Рио Тинтогийн удирдлагууд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хангалттай нөөц гүний уурхайд бий гэж үзэж байгаа. Гэвч компанийн жижиг хувьцаа эзэмшигчид энэ мэдээллийг ил болгохыг шаардаж “Оюутолгой” төслийн нөөцийн бодит үнэлгээтэй танилцах хүсэлтээ илэрхийлсэн. Нэгэнт байдал ийм дээрээ тулсан болохоор Рио Тинто компани гүний уурхайн 2016 оны тооцоололд дахин үнэлгээ хийхээс өөр аргагүй болсон. Нөөцийн хэмжээг тогтоож байж хөрөнгө оруулалтын зардлын эцсийн тоо гарах учиртай. Зарим шинжээчид ашиглалтад орох хугацаа одоо төлөвлсөнөөс ч хойшлох эрсдэлтэй гэж дүгнэж буй.
Хөрөнгө оруулагчид ийнхүү удирдлагадаа хариуцлага тооцохыг шаардаж байх хооронд олон улсын найман байгууллага тус компанид шаардлага хүргүүлснийг мартах учиргүй. Энэ шаардлага нь Папуа Шинэ Гвинейд хэрэгжиж буй Грасберг уурхай, Мадагаскар дахь Бугейнвиллийн уурхай, Монгол дахь “Оюутолгой” төсөл, АНУ-ын Аризона мужид хэрэгжүүлж буй зэсийн уурхай, Сербийн Жадар литийн уурхайн хүрээлэн буй орчны үнэлгээ, усны хээрглээ, засаглалын бодлогыг нээлттэйгээр зарлах агуулгатай. Сүүлийн үед дээрх уурхай, компаниудад үйл ажиллагааны доголдол үүсэх, компанийн засаглал алдагдах, хүрээлэн буй орчин илтэд доройтох хандлага ажиглагдаж байгаа тул дээрх шаардлагыг хүргүүлжээ.
Ялангуяа “Оюутолгой” төслийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой OT Watch олон улсын байгууллага Рио Тинто компаниас дараах тайлбар авахыг шаардаж байгаа аж. “Оюутолгой” төсөл дэх зэс, алт, мөнгө болон бусад ашигт малтмалын нарийвчилсан үнэлгээг дахин тогтоох, Техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулах, эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтийг авах, далд уурхайн бүтээн байгуулалтад ус ашиглах нөөцийн үнэлгээг боловсруулах зэргийг шаарджээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсэгтэй нэн даруй хамтран ажиллах, УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангахыг шаардсан байна. Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв говь нутгийн эрдэнэ болсон усыг Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хэрхэн ашиглаж ирснийг тайлагнахыг мөн шаардлагадаа тусгажээ.
Яг үүнтэй адилхан шаардлага Серби, Мадагасар, Папуа Шинэ Гвинейн уурхай дээр ч үүсэж буй. Папуа Шинэ Гвинейн засаг захиргаа сүүлийн үед тус улсад хэрэгжих уул уурхайн төслүүдийн байгаль орчны судалгаатай сайтар танилцаж байж холбогдох зөвшөөрөл олгоно гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ тус улсын баруун Папуа мужид Рио Тинтогийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдрийн уурхайн орчимд ундны усны хомсдол үүссэн, хэт бохирдсон гэх мэдээлэл сүүлийн таван жилийн хугацаанд тасрахгүй байна. Сербид хэрэгжүүлэх хүлээлттэй байгаа литийн төсөл дээр ч хэрэглээний болон ундны усны асуудлыг хэрхэн зохицуулсан нь бүрхэг байгаа. Тиймээс байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нийлэн шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагын хугацаа хэдийнээ дууссан ч Рио Тинтогийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ямартай ч шаардлага хүргүүлсэн найман байгууллага олон нийтийн сүлжээгээр дээр дурдсан уурхай, төслүүдэд үүсээд буй нөхцөл байдлыг нийтэд дэлгэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Манай төрийн тэргүүн нэр зүүсэн Элбэгдорж, Баяр,Сайханбилэг, сангийн сайд Хүрэлбаатар, мөн УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан... гээд бүгд л их хэмжээний авилга хахууль авч гадаадад байгалийн баялгаа хямдхан өгч өөрсдөө бэлжиж хуулиа зөрчин зөрчин гаргасан үйлдлийг хуулийнхан хир шударга шүүхийг харж бна.
оюутлгой зардалаа байнга өсгөх нь Монголыг мөлжих нэг шилдэг арга нь мөн болно
Монголчууд улсаа худалдсан хулгайч луйварчин зан дадалтай үхээнц сэхээтнүүддээ хатуу хариуцлага тооцож хөрөнгийг нь хураах ёстой
buh tom hemjeenii uul uurhain salbariin baiguullaguud iim asuudaltai. Zugeer l manaihtai Rio Tinto ni holbootoi bolohoor bid ter taliin medeelliig setguulchid googleer sorchijl avaad orchuulaad gargaad baigaa shu de. medeend jaahan barimjaatai hand ain